• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын Соёлын бяцхан элч нар МУ-ын ЭСЯ-нд зочиллоо

CRI       (GMT+08:00) 2014-11-04 17:07:56

       10 сарын 31-нд Бээжин хотын бага дунд сургуулийн шилдэг сурагчдын төлөөлөл "Хятадын соёлын бяцхан элч" болсон 30 хүүхэд МУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд зочилж, Монгол улс, монголын соёлтой танилцлаа.

      МУ-аас Хятад улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ц.Сүхбаатарын гэргий Д.Оюунчимэг бяцхан элч нарыг угтан авч, Монгол-Хятадын дипломат харилцаа байгуулсны 65 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнг танилцуулав.

      Бээжин хотын 12 дугаар дунд сургуульд суралцаж байгаа МУ-ын сурагч Мишээл бяцхан элч дүү нарынхаа сонирхсон зүйлсийг хятад хэлээр тайлбарлаж өглөө.

        Бяцхан элч нар монгол орны тухай баримтат кино үзэж суухдаа, киноны зарим хэсэг дээр сонирхож, гайхаж, бас биширч байв. "Би монгол орныг юу ч үгүй хээр тал л гэж төсөөлдөг байсан, ийм үзэсгэлэнт байгальтай, баян орон гэж огт бодоогүй" гэж Бээжин хотын Гуанмин бага сургуулийн сурагч Жан Шяохань ярьж байна.

       Хүүхдүүдийг бүр ч алмайруулсан мөч бол Олон улсын шатрын их мастер, Ази тивйн шатрын аварга, 8 настай Е.Төгстөмөр хүүтэй уулзсан мөч байлаа. Төгстөмөрийг 2 нас 7 сартай байхдаа шатар тоглож сурсныг, бас хамгийн балчир насандаа шатрын олон улсын хэмжээний мастер болсон дэлхийн рекордыг эзэмшигч гэдгийг сонсоод элч хүүхдүүд дуу алдаж, дэлгэц дээр гарах түүний тухай танилцуулгыг анхааралтай үзэж байлаа. Төгстөмөр бяцхан элч нарын дундаас хоёр хүүхэдтэй нэг нэг өрөг шатар нүүгээд, нөхөрсөг тоглолтын дараа хүүхдүүдэд хандан "Хүүхдүүд ээ, бүгдээрээ шатар сайн тоглож сураарай. Энэ бол өрсөлдөөнтэй гоё спорт шүү" гэж хэлэв.

      Бяцхан элч нартай уулзаж танилцахаар Бээжин хотын бага дунд сургуульд суралцдаг монгол сурагчид ч ирцгээжээ. Үндэсний хувцсаараа гангарсан монгол хүүхдүүд үе тэнгийн найз элч нартаа зориулан монгол дуу шүлгээ өргөн барилаа.

       Бээжингийн Их Сургуулийн дөрөвдүгээр ангийн монгол оюутан С.Анар-Эрдэнэ бяцхан элч нарт монгол хөөмийн тухай дэлгэрэнгүй сайхан ярьж өгөөд, Их зохиолч Д.Нацагдоржийн "Миний нутаг" шүлгээр зохиомжилсон хархихаа хөөмийн гайхамшгийг үзүүлэв.

       Бяцхан элч нар маань ч монгол найз нартаа гар хоосонгүй иржээ. Хийлийн гоцлол, Энэтхэг бүжиг, "Бяцхан алим" хамтлагийн бүжиг, илбийн үзүүлбэр нь бүгдэд баяр хөөр бэлэглэсэн юм.

      МУ-аас Хятад улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Ц.Сүхбаатар бяцхан элч нарт хандан талархлын үг хэлж, тэднийг эцэг эхдээ энэрэлтэй, улс орондоо хэрэгтэй хүн болохыг хүсэн ерөөгөөд, өөрийн гарын үсэгтэй захидлыг гардуулан, боломжтой үедээ эцэг эхийн хамт Монгол оронд айлчлан очихыг урьсан юм. Ноён элчин сайдын гэргий хүүхдүүдэд хандан эцэг эхийнхээ ачийг хариулахын төлөө хичээл сургуульдаа шамдаж, эрдмээр биеэ чимэхийг ерөөгөөд, дотно сэтгэлийн илэрхийлэл болгож тэдний ээжүүдэд монгол эсгий шаахай бэлэглэлээ.

         Хүүхдүүд өөрсдийн гараар урласан зураг, тоглоом, уран бичлэг, захидал зэргийг ноён элчин сайд болон түүний гэргий, монгол хүүхдүүдэд дурсгав.

      Хятадын боловсролын нийгэмлэгийн санаачилгаар 2010 оноос эхлэн жил бүр бүх улсын бага дунд ангийн сурагчдын дунд нээлттэй тэмцээн зарлаж, урлагийн авьяас, гадаад хэл, соёлын гоц мэдлэгтэй шилдэг 300 хүүхдийг "Соёлын бяцхан элч" болгон сонгож, олон улсын найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх төрөл бүрийн тусгай хөтөлбөрт хамруулах болсон юм. Гадаад улс орноос Хятад улсад суугаа элчин сайдын яамдаар зочилж, олон улсын соёлыг судлахын зэрэгцээ өөрийн орныг сурталчлан таниулах нь тэдний хамгийн гол ажил. Энэ удаа МУ-ын ЭСЯ-ыг зорьж ирээд ганзага дүүрэн буцаж байна гэж Соёлын бяцхан элч нарыг ахалж явсан багш Лидай бидэнд ярьж байлаа.

/Мэдээлсэн: Э.Эрдэнэсувд/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе