|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин 9-ний үдээс өмнө Бээжинд болсон АПЕК-ийн Үйлдвэр худалдааны лидерүүдийн уулзалтын нээлтийн ёслолд оролцож, "Ази Номхон далайн хүсэл мөрөөдөлийг хамтдаа биелүүлье" сэдвээр илтгэл тавилаа. Дарга Ши Жиньпин энэхүү илтгэлээрээ "Ази Номхон далайн мөрөөдөл"-ийг анх удаа санаачлан дэвшүүлсэн төдийгүй, түүнийг биелүүлэх арга барилыг тодорхойлсон юм. Тэрээр мөн гаднынхны "Хятадын эдийн засгийн шинэ нөхцөл байдал"-ын талаар сэжиг таамаг тарааж буйд холбогдуулан Хятад улс эдийн засагтаа итгэл дүүрэн байгааг илэрхийллээ.
Тэрээр хэлэхдээ, "Ази номхон далайн үйлдвэр худалдааны лидерүүд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнгөрсөн жил миний бие Бали аралд болсон хурлын үеэр та бүхэнтэй Бээжинд уулзах болзоо тавьсан, өнөөдөр энд та бүхэнтэй уулзаж буйдаа маш их баяртай байна" гэлээ.
Ази номхон далайн орнуудын олон улсын банк санхүүгийн хямралын нөлөө өнөө ч арилаагүй байгаа бөгөөд зарим орны эдийн засаг сайн сэргээгүй байгаа тул Ази номхон далайн эдийн засгийн чанар, үр ашгийг сайжруулах үүргийг биелүүлэхэд хүнд байгаа билээ. Энэ бүх сорилтыг даван туулж сайн сайхан ирээдүйгээ угтахын төлөө Хятад улсын дарга Ши Жиньпин "Ази Номхон далайн мөрөөдөл"-ийг санаачлан дэвшүүллээ.
Ши Жиньпин хэлэхдээ, "Ази номхон далайн хөгжлийн хэтийн төлөвийг өнөөдрийн шийдвэр, үйл ажиллагаа тогтооно. Иймээс бид тус бүсийн ард түмний хүсэл мөрөөдлийг төлөвлөн, түүнийг биелүүлэх үүрэг хариуцлагатай юм. Энэ хүсэл мөрөөдөл нь Ази номхон далайн орнууд цөм нэг л гэр бүл, мөн хувь тавилан нэгтэй гэсэн үзэл баримтлалыг мөрдөн, энх тайван хөгжил, хамтын ажиллагаа, хамтдаа хөгжих цаг эриний уриаг даган, тус бүсийн хөгжилд хамтдаа хүчээ өргөнө. Мөн дэлхийн хөгжилд хошуучлан, хүн төрөлхтөнд улам их аз жаргал бэлэглэнэ. Эдийн засгаа улам хөгжүүлж, худалдааг чөлөөтэй болгон, хөрөнгө оруулалтад дөхөм үзүүлэн, зам харилцааг улам шулуун дардан болгож, хүн хоорондын харилцаа холбоог улам нягт болгоно. Ард түмнээ амгалан тайван амьдруулж, хүүхдэд хөгжлийн таатай орчин бүрдүүлэн, сайн сайхан ажил амьдралтай болгохын төлөө зүтгэнэ" гэлээ.
Ши Жиньпин "Ази Номхон далайн мөрөөдөл"-ийг биелүүлэх талаар Хятад улсын санаачилсан төслийг дэвшүүлэв. Тухайлбал, харилцан итгэлцэж, уудам багтаамжтай, хамтран ажиллаж, хамтдаа хөгжих Ази номхон далайн түншлэлийн харилцаа тогтооно. Ази Номхон далайн эдийн засгийн нээлттэй тогтолцоог бүрдүүлнэ. Эдийн засгийн хөгжлийн шинэ эрч хүчийг тасралтгүй нэмэгдүүлнэ. Дэд бүтцийн түншлэлийн иж бүрэн төслийг боловсруулна гэлээ.
Тэрээр цааш нь хэлэхдээ, Хятадын эдийн засгийн шинэ нөхцөл байдал нь хөгжлийн шинэ боломж авчрах юм. Нэгд, Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд саарсан ч бодит өсөлт их хэвээрээ байна. Хоёрт, Хятадын эдийн засгийн өсөлт тогтворжиж, өсөлтийн нөөц хүч нь олон ургальч болно. Гуравт, Хятадын эдийн засгийн төвшин дээшлэн бүтэц нь сайжирч, хөгжлийн төлөв улам тогтвортой болно. Дөрөвт, Хятадын засгийн газар засгийн оролцоог багасган, эрхийг чөлөөлснөөр зах зээлийн хөгжлийг ахиулна гэжээ.
Шинэ нөхцөл байдлын хажуугаар шинэ асуудлууд гарах нь гарцаагүй. Шинэ зөрчил шинэ эрсдэлүүд ч гарч ирнэ. Шинэ байдалд зохицож чадах эсэхийн гол зангилаа нь өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх эрч хүчийг чангалж чадах эсэхэд орших юм. Тэгэхээр ХКН-ын 18-р сонгуулийн төв хорооны 3-р бүгд хурлаас өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх ерөнхий төлөвлөлт хийж, 15 салбарт 330 гаруй төрлийн арга хэмжээг хамруулсан, эдгээр арга хэмжээ өнөө эрчимтэй хэрэгжиж байна гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, "Хятадын өөрчлөлт шинэчлэлт оргил үедээ орлоо. Бид хатуу бэрхшээлийг туулан, архаг хуучнаа арилгана. Харвасан сумыг буцаан авч болдоггүй, өөрчлөлт шинэчлэлтийг хэлбэрэлтгүй ахиулна. Өөрчлөлт шинэчлэлтийг бүх талаар гүнзгийрүүлж байгаа нь зах зээлийг хөгжүүлэхийн төлөө юм. Шинийг үүдэн, урагшлах замаа саруул дардан болгоно. Дээд төвшинд гадаадад нээлттэй байлгана. Ард түмэндээ ач тус хүртээж, нийгэмд шударга ёсыг дэлгэрүүлнэ. Бидний хийж буй өөрчлөлт шинэчлэлт бол нийгмийн үйлдвэрлэлийн хүч, нийгмийн эрч хүчийг чөлөөлөх тул Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжилд асар их түлхэц болох нь гарцаагүй юм" гэжээ.
\Ц\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |