|
|
||
OХУ-ын Буриадын алдарт уран барималч, зураач Даши Намдаковын уран бүтээлийн "Буриадын онгод" нэртэй уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт Бээжин хотын дэлхийн урлагийн үзэсгэлэнгийн танхимд нээгдлээ.
Даши Намдаков нь 1967 онд ОХУ-ын Чита мужийн Укурик тосгонд төрсөн.1992 онд Красноярскийн Урлагийн дээд сургуулийг төгссөн. 2000 онд анхны үзэсгэлэнгээ Эрхүү хотноо гаргаж байжээ. Түүний үзэсгэлэн Москвагийн Третьяковын галерейгээс эхлээд Нью-Йорк, Лондон, Токио, Прага, Бээжин, Алматы зэрэг дэлхийн томоохон хотуудад 20 шахам үүзэсгэлэн гаргажээ. Түүний бүтээлүүд ОХУ, Герман, Франц, Бельги, Швейцарь, Финлянд, АНУ зэрэг оронд тухайлбал В.Путин, Ю.Лужков, Г.Шрёдер зэрэг олон алдартан, баячуудын хувийн цуглуулганд бий. Д.Намдаков Оросын урлагийн салбарын нэр хүндтэй бүхий л шагналыг хүртсэний дотор С.Бодровын "Монгол" кинонд зураачаар ажилласан нь түүнд Оросын кино урлагийн академийн дээд шагнал "шилдэг зураачийн" шагнал, Америкийн кино академийн гадаадын шилдэг кино номинацид тус тус шалгарч байжээ. Мөн 2011 онд "Бяцхан Будда" бүтээлээрээ Буриадын Төрийн шагнал хүртэж байжээ. Түүний энэ бүтээл нь Улаан-Үүдийн "Хамбын хүрээ" хийдийн өмнө байрладаг. Англичуудын захиалгаар бүтээсэн "Чингис хааны хөшөө" -г 2012 онд Лондон хотноо нээсэн нь ихээхэн сүр дуулиантай үйл явдал болж байлаа. 2013 онд Монгол Буриадын урлагийн салбарт оруулсан түүний хувь нэмрийг үнэлж Монгол улс "Алтан гадас" одонгоор шагнажээ.
-Сайн байна уу? Бид Олон Улсын Радиогийн монгол хэлний нэвтрүүлгээс явж байна. Манай сонсогчдод зориулаад монгол хэл дээр мэндчилгээ дэвшүүлнэ үү?
-Сайн байна уу, Хүндэт нөхөд өө, Би наашаа та бүхэнд олон жилийн ажлаа харуулахаар ирлээ. Зүрх минь их баярлаж байна. \Буриад ялгаараа\
-Монгол хэлээр мэндчилгээ дэвшүүлсэнд таньд их баярлалаа. Өнөөдрийн таны гаргаж байгаа үзэсгэлэнгийн онцлог юу бэ? Та Бээжин хотноо 2 дохь удаагаа үзэсгэлэн гаргаж байна?
- Би өөрийн ажлыг, бүтээж туурвисан бүхнээ та бүхэнд тайлагнахаар ирсэн. Бас өөрийн ард түмний соёл, зан заншил, уламжлал, тэдний ахуй амьдрал, тэд өнөөдөр юу бодож, юугаар "амьсгалж" байгааг харуулахаар ирлээ .Энэ бүхэн миний бүтээлд тусгагдсан байгаа. Энэ бол Хятад оронд гаргаж байгаа миний 2 дох үзэсгэлэн. Үүний өмнө 7 жилийн өмнө би анхны үзэсгэлэнгээ энд гаргаж байсан. 2 дох үзэсгэлэн мэдээж эхнийхээсээ ялгаатай. Анхны үзэсгэлэн бол танилцах үзэсгэлэн байсан бол одоо 2 дох маань илүү хариуцлагатай яагаад гэвэл чиний өмнөх бүтээлийг хүмүүс мэдэх болохоор түүнээс илүүг шаарддаг. Нөгөө талаар энд манай нутаг нэгтнүүд, бас монгол үндэстэн бас олон байдаг. Тэдэндээ бас шинэ бүтээлээ танилцуулж монгол соёлоороо бахархах гээд. Бас мэдээж 7 жилийн хугацаанд би өөрөө өөрчлөгдсөн болохоор бүтээлүүд нь маань ч өмнөхөөсөө өөр болсон.Хятадад гаргасан эхний үзэсгэлэн их сайхан сэтгэгдэл үлдээсэн. Олон ч газраар явсан. Энэ удаа ч гэсэн тийм бодолтой байгаа.
-Энэ удаа Хятадын ямар ямар газруудад үзэсгэлэнгээ гаргах бэ?
-Хэнань, Ордост гаргана. Бас Хөх хотод гаргахаар төлөвлөж байгаа. Ер нь энэ удаагийн үзэсгэлэн он дуустал үргэлжилнэ. Төлөвлөсөн юм олон байгаа.
- Таны уран бүтээлийн сэдэв маш өргөн агуулгатай юм. Сэдвийн санаа хэрхэн төрдөг бэ?
- Мэдээж миний уран бүтээлийн гол эх ундарга бол миний төрсөн жижигхэн тосгон. Бас тэгээд миний өсч хүмүүжсэн Оросын соёл иргэншил, дээр нь би бас Лондон, Италид ажилладаг. Дэлхийгээр нэг аялж амьдарч байна. Энэ бүхэн маань уран бүтээлд минь тусгалаа олдог.
-Таны уран бүтээлийн санаа хийгээд дүрслэл чинь их л онцгой, үлгэр домгийн аль эсвэл сансар огторгуйн дүрслэл гэмээр их сонин юм. Би таныг багадаа их хүнд, бас удаан өвдсөн гэж дуулсан юм байна. Эдгэрсэн шалтгаан нь бас ид шидийн гэмээр. Энэ нь таны уран бүтээлд нөлөөлсөн үү?
- Тиймээ, би хүүхэд байхдаа маш хүнд өвдсөн. Намайг шаман эмчилсэн. Надад нэг хүн хэлж байсан юм. Энэ бол чиний бүтээл биш гэж . Чи бол зүгээр дамжуулагч. Олон зуун жилийн турш өвөг дээдэс маань маш их мэдээлэл цуглуулсан. Тэр нь чамаар дамжиж илэрхийлэгэдж байгаа юм гэж. Энэ бол генетикийн мэдээлэл гэх юм уу даа. Би бол антен, мэдээлэл дамжуулагчийн үүрэг гүйцэтгэж байна гэсэн үг юм уу да. Энэ бол үнэн хэрэг дээрээ өвөг дээдсээс минь уламжлагдсан маш эртний улбаа юм. Бид чинь зөвхөн өнөөдөр л бий болчоогүй шүү дээ. Хүн ер нь гарал үүсэл, үндэснээсээ тасарч, салах ёсгүй.Түүгээрээ тэжээгддэг явдаг юм.
- Таны Лондон хотод босгосон хүрлээр цутгасан "Чингис хааны хөшөө" монголчуудын хувьд үнэхээр бахархал байлаа?
- Би энэ баримлыг урлахдаа түүхэн хүн , хувь хүн гэдэг талаас нь бүтээгээгүй. Тэнгэрээс бууж ирж буй бурхан мэтээр дүрсэлсэн. Түүнийг морийг харах юм бол үлгэр домгийн юм шиг дүрслэгдсэн. Тэр тэнгэрээс бууж ирж байгаа байдлаар дүрсэлсэн. Баатар эр нь жирийн хүн биш бурхан гэж бодож урласан. Бид түүнд бурхан шиг л ханддаг шүү дээ. 800 жилийн тэртээх түүхийг тэнгэрээс буулгаж ирж байгаа юм шиг л санагдсан. Энэ бол бидний өвөг дээдэс, бидний түүх.
- Сая энд үзэсгэлэнгийн танхимд "Бяцхан будда" гээд Улаан-Үүдийн Иволгын "Хамбын хүрээ" хийдийн өмнө босгосон хөшөөг харлаа.Буриатад буддын шашны хийд хир олон бэ?
- Би "Бяцхан будда"–г өөрийн төрөлх нутгийн хийдэд бэлэглэсэн. Бид буддын шашинтнуудын дунд төрж өссөн. Уг хөшөөг бяцхан хүү арслангийн нуруун дээр тухтай унтаж байгаагаар дүрсэлсэн байгаа. Арслан гэдэг нь бидний хамгаалагч юм. Тэр маш том, хүчтэй. Хүүг тайван унтуулахын тулд бүхий л хариуцлагыг өөр дээрээ авсан байна. Тэр бас хариугүй өнхөрч унах гэж байгаа бөмбөрцийг хөлөөрөө тогтоосон харагддаг. Энэ бол дэлхий юм. Бидний амар тайван амьдралыг хэрхэн хамгаалж байдгийг үзүүлсэн хэрэг. Үнэн хэрэгтээ энэ бол бидний өвөг дээдсийн итгэл үнэмшил, бидний түүх соёлын нэг хэсэг юм.
- Та буддын шашинтан уу? Бурханд итгэдэг үү?
-Би буддын шашинтан, бурханд итгэдэг. Би Монголтой олон талаар холбоотой. Намайг "Алтан гадас" одонгоор шагнасан. С.Бодровын "Монгол" гээд Чингис хааны тухай киноны зураачаар ажиллаж байсан. Энэ киноны зураачаар ажиллаад киноны шилдэг зураачийн шагнал авч байлаа.
-Таны "Их аварга" баримал сумо бөхийн дүр төрхтэй дүрслэгдсэн байдаг. Энд сумо бөхийг онцолсон уу ?
- Энэ бол зөвхөн сумогийн аваргыг дүрсэлсэн юм биш бөх хүний ерөнхий шинж чанар бас будда гээд олон зүйлийн нийлмэл цогц дүрслэл юм. Бөх бол монгол үндэстний бахархал шүү дээ.
- Таны уран бүтээлд эмэгтэй хүний дүрслэл олон байдаг. Та эмэгтэй хүнийг дүрслэхдээ бас их өвөрмөц дүрслэх юм. Эх дүр нь таны эхнэр гэдэг?
- Эмэгтэй хүний дүрслэл олон бий. Зөвхөн эхнэрийнх гэж болохгүй л дээ. Тэд чинь өөр өөр байгаа биз дээ. /инээв/ Эхнэр ч байна ээж, бас охид байна.
- Өөрөө зав чөлөө багатай байдаг байх. Гэр бүлдээ хир анхаарал тавьдаг бэ? Өөрийг тань ач хүүтэй гэдгийг мэдэх юм байна?
- Өө, би чинь бүр 2 ачтай шүү дээ. Мэдээж зав чөлөө гарвал гэр бүлдээ анхаарал тавина. Бас аялж, ууланд явах дуртай. Бас сүүлийн үед өвгөд дээдэс шигээ ан хийх дуртай болоод байгаа. Гэхдээ ямар ан гэдгээ нууц хэвээр үлдээе.
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Таны уран бүтээлд өндөр амжилт, сайн сайхныг хүсье.
-Баярлалаа, Та бүхэнд ч гэсэн.
ОХУ-ын Буриадын алдарт зураач, уран барималч Даши Намдаковын "Буриадын онгод" үзэсгэлэн нь Хятад-Оросын дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан гаргаж буй түүний анхны "Нүүдэлчин" үзэсгэлэнгийн үргэлжлэл юм. Уг үзэсгэлэнд бурханы шашин, буриад зоны баатарлаг туульс, үлгэр домог, бөө мөргөлөөс сэдэвлэсэн 68 бүтээл тавигджээ. Тэрээр зэс, чулуун баримал, зураасан зураг,үнэт чулуу, гоёл чимэглэлийн чиглэлээр уран бүтээлээ туурвидаг. Энэ өдрүүдэд түүний "Газар тэнгэрийн дунд" хэмээх уран бүтээлийн үзэсгэлэн Лондоны Хелсионы галарейд ажиллаж байна. \Ярилцсан нь Д.Пүрэвсүрэн\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |