• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Бид хамтдаа"шагнал гардуулах ёслол Бээжин, Улаанбаатарт болов

CRI       (GMT+08:00) 2014-12-16 18:40:13

Хятад Монголын дипломат харилцаа тогтоосны 65 жил, "Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ"-г шинэчлэн байгуулсны 20 жил, хоёр орны соёл хүмүүнлэгийн жилийг тохиолдуулан Хятадын Олон Улсын Радиогоос зохион явуулсан "Бид хамтдаа" мэдлэгийн уралдааны дүн гарч, шагнал гардуулах ёслолыг ХОУР-гийн монгол хэлний редакц байгуулагдсаны 50 жилийн ойн хуралтай давхцуулан 12 сарын 16-нд Бээжин хотноо ХОУР-гийн төв байранд, Улаанбаатар хотноо CRI-Үйцай күнзийн танхимд нэгэн зэрэг зохион байгууллаа.


CRI-Үйцай күнзийн танхимын захирал Б.Дүүрэнжаргал, "Найрамдал" клубын дарга С.Цэвэгмид нар

ХОУР-гийн Улаанбаатар дахь студийн захирал М.Цэцэн, CRI-Үйцай күнзийн танхимын захирал Б.Дүүрэнжаргал нар Улаанбаатарын сонсогчдын төлөөллийг хүлээн авч, холбогдох байгууллагад шагнал, дурсгалын зүйл гардуулжээ. Радио сонсогчдын "Найрамдал" клубын гүйцэтгэх захирал С.Цэвэгмид Улаанбаатар хотноо талархлын шагнал хүлээн авахдаа, "Бид 2004 оноос хойш ХОУР-гаас зохион явуулсан олон арван тэмцээн уралдаанд амжилттай оролцож ирсэн. Уралдаан бүр радио сонсогч бидэнд шинэ мэдлэг өгч байсан юм шүү" гэж ярьсан юм.


ХОУР-гийн Улаанбаатар дахь студийн захирал М.Цэцэн "Найрамдал" клубын удирдлагуудтай хамт

2014 оны 8 сараас 11 сарын хооронд зарласан "Бид хамтдаа" уралдаанд нийт 1003 сонсогчийн хариултыг хүлээн авсан юм. Хоёр орны соёл хүмүүнлэгийн харилцаанаас сэдэвлэсэн 5 цуврал нэвтрүүлгийг текст, зураг, аудио, видео дөрвөн хэлбэрээр радио долгион, веб сайт болон олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан түгээсэн нь олон зуун сонсогчийг уралдаанд татан оролцуулах өргөн боломжийг бүрдүүлжээ.


ХОУР-гийн Азийн хэлтсийн дарга Жанхүй оюутан З.Ариунтэнгэрт шагнал гардуулж буй нь

Бээжин хотноо болсон ёслолын арга хэмжээний үеэр ХОУР-гийн Азийн хэлтсийн дарга Жанхүй хатагтайгаас шагнал хүлээн авсан БНХАУ дахь Монгол оюутны холбооны тэргүүн З.Ариунтэнгэр хэлэхдээ, "Уралдааны мэдээллийг Facebook, instаgram, wechat зэрэг олон нийтийн цахим сүлжээнд байрлуулсан байсан нь их таалагдсан. Хятадын олон хотод суралцаж буй монгол оюутнууд уралдаанд маш идэвхтэй оролцсон. Цаашид ийм уралдааныг дэмжиж оролцох болно" гэсэн юм.


М.Цэцэн, Отгонтэнгэр Их Сургуулийн багш Ц.Энэрэлмаа нар

Энэ удаагийн уралдаанд Монгол улсын радио сонсогчдын "Найрамдал" клуб, ОХУ-ын Буриад, Тува болон Хятад улс дахь монгол сонсогчид маань урьд хожид байгаагүйгээр өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон юм. Уралдаанд оролцогчдын 70%-аас дээших нь хүүхэд залуус байсан нь радио сонсогчдын нас улам бүр залуужиж байгааг мөн радиог шинэ медиатай хослуулах нь зайлшгүй үр дүнтэй арга болохыг дахин нотлов.


БНХАУ дахь Монгол оюутны холбооны З.Ариунтэнгэр, О.Билгүүн нар

"Бид хамтдаа" уралдааны шилдэг оролцогч, Хятадын Зам Харилцааны Их Сургуулийн 3 дугаар курсын оюутан О.Билгүүн Бээжин хотноо шагнал гардан авахдаа бас бидэнтэй сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэрээр "Уралдаан энгийн мөртлөө маш сонирхолтой асуултуудтай байсан. Эхний асуултуудыг бараг цээжээрээ ч хариулж болохоор байсан бол сүүлийн асуултуудыг нэвтрүүлгийг сайтар сонсож байж хариулсан. Бас сургуулийнхаа оюутнуудыг уралдаанд орохыг уриалсан" гэж ярилаа.

Энд онцгойлон, ХОУР-гийн Монгол хэлний редакцийн нийт хамт олноос Монгол улсын Үй цай бүрэн дунд сургууль, Нийслэлийн 23 дугаар дунд сургууль, Монгени цогцолбор сургууль, Сэнлизэ бүрэн дунд сургуулийн ахлах ангийн сурагчид, Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их сургууль, Отгонтэнгэр Их Сургууль, Хүмүүнлэгийн Их Сургуулийн багш оюутнууд, мөн түүнчлэн БНХАУ-ын Монгол оюутны холбооны залууст чин сэтгэлийн халуун талархал илэрхийлж байна. /Мэдээлсэн Э.Эрдэнэсувд/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе