|
|
||
20141231xijinping.mp3 |
Хуучин оноо үдэж, шинэ оноо угтаж байгаа энэ үеэр, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадын Олон Улсын Радио, Төв Радио, Төв Телевизээр дамжуулан 2015 оны шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүллээ. Та бүхэнд мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэе.
Өдөр хоног харвасан сум мэт улирч, бид 2015 онтой золгож байна. Хуучин оноо үдэж шинэ оноо угтаж буй энэ мөчид миний бие Хятадын бүх ард түмэн, мөн Хонгконг, Макаогийн Засаг захиргааны онцгой бүс, Тайваний элэг нэгт ахан дүүс болон гадаадад амьдарч буй Хятадын харьяат иргэд, дэлхийн олон орны найз нөхөддөө шинэ оны мэндчилгээ дэвшүүлж байна.
2014 он мартагдашгүй жил байлаа. Энэ жил бид өөрчлөлт шинэчлэлийг гүнзгийрүүлж, олон бэрхшээлийг даван туулж, өөрчлөлтийн чухал бодлогуудыг боловсруулсны олонх нь ард олны амин чухал ашиг сонирхолтой холбоотой байсан юм. Бид эдийн засгийн хөгжлийн шинэ төлөвт зохицож, эдийн засаг нийгмийн хөгжлийг идэвхтэй ахиулан, иргэдийн амьжиргааг улам сайжрууж чадсан билээ. 12-р сарын 12-нд өмнөдийн усыг умард нутагт татах ажлын анхан шатны бүтээн байгуулалт дуусч усаар хангаж эхэлсэн. Замын дагуу 400 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлж, бүтээн байгуулалтын ажил амжилтанд хүрэхэд хувь нэмэр орууллаа. Энд миний бие ус татах төслийн улмаас гэр орноо нүүлгэн шилжүүлсэн хүмүүст хүндэтгэл илэрхийлье. Та бүхэн шинэ гэр орондоо аз жаргалтай амьдрахыг ерөөж байна. 2014 онд бид сахилга батыг чанд баримтлах ажлыг эрчимжүүлж, хэлбэрдэх, хүнд суртал гаргах, зугаа цэнгэлийг шүтэх, үрэлгэн загнахтай тууштай тэмцсэний үр дүнд байдал илт сайжирсан юм. Бид авлигатай тэмцэх хүчээ нэмэгдүүлж, авлигачидтай өршөөлгүй тэмцэх шийдвэр зоригоо харуулав. Энэ онд бид дэлхийн олон оронтой хамтын ажиллагааны хэлхээ холбоогоо эрчимжүүлж, Бээжинд Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын албан бус уулзалтыг амжилттай зохион байгуулсан. Төр засгийн удирдагчид болон гадаадын төрийн тэргүүн нар олон удаа харилцан амжилттай айлчиллаа. Энэ бүхэн Хятад улсыг даян дэлхийд улам сайн таниулсан юм.
Эдгээр ажлыг сайн зохион байгуулахын төлөө манай бүх шатны боловсон хүчин хичээн зүтгэсэн. Иргэдийн дэмжлэггүйгээр эдгээр ажлыг хийхэд хэцүү. Тиймээс бид агуу ард түмэндээ талархах ёстой.
Энэ жил бид Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайны ялалтын өдөр, үрэгдсэн баатруудыг дурсах өдөр, Наньжингийн их хядлагад амь үрэгдэгсдийг дурсах эмгэнэлийн өдрийг хуулиар баталгаажуулж, өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа зохион байгуулсан. Цаг үе өөрчлөгдсөн ч улс орон, үндэстэн, энх тайвны төлөө амь насаа зориулсан хүмүүсийг бид үүрд дурсан санах болно.
2014 онд бидэнд сэтгэл эмзэглүүлсэн олон үйл явдал тохиолдсон. МН370 нисэх онгоцны ослын улмаас элэг нэгт 150 гаруй иргэн сураггүй алга болсон. Бид тэднийг мартаагүй, цаашид ч бүх хүчээ дайчлан эрлийн ажиллагааг үргэлжлүүлэх болно. 2014 онд байгалийн гамшиг, аюул осол цөөнгүй гарсан. Юньнаний Лүдяний газар хөдлөлтийн гамшигт 600 гаруй хүн амиа алдсан. Бид тэдний төлөө гашуудан ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлж байна.
Шинэ жил хаяанд ирлээ. Бид ард түмнийхээ хүсэл мөрөөдлийг бодит хэрэг болгож, аж амьдралд нь тусгахын төлөө чармайн ажиллах болно. Бид өөрчлөлт шинэчлэлийг тал бүрээр гүнзгийрүүлж, харвасан сум буцдаггүйн адилаар эрэмгий зориг гаргах болно. Бид хуулийн засаглалыг бүх талаар ахиулж, иргэдийн эрх ашгийг баталгаажуулан, нийгмийн шударга байдлыг хамгаалж, улс орны хөгжлийг ахиулна. Өөрчлөлт шинэчлэл, хуулийн засаглалыг бүх талаар гүнзгийрүүлэх ажлыг хөтөлгөө морь шиг зэрэг урагшлуулах замаар чинээлэг нийгмийг байгуулах зорилтоо товлосон хугацаанд нь биелүүлж чадна.
Иргэдийн амьдрал өдөр ирэх тусам өөдлөн дэвжиж байна. Гэвч ахуй амьдрал нь хүнд хэцүү маш олон иргэн байгааг бид цаг ямагт ухамсарлах болно. Тиймээс иргэдийн амьжиргаатай холбогдсон ажил, ялангуяа ядуусыг тэтгэн, ядуурлыг бууруулах, амьжиргааг нь баталгаажуулах ажлыг сайтар хийж, хөдөө орон нутаг, хот суурины ядуу иргэдэд амьжиргааны үндсэн баталгааг хангах нөхөн олговор өгч, халамж анхаарал тавина.
Бид намын сахилга батыг чангатгаж, үзэл суртлыг хэлбэрэлтгүй цэгцэлж, авлигатай хийх тэмцлийг үргэлжлүүлэн, Коммунист намын удирдсан социалист улс оронд авлигачдыг хатуу цээрлүүлнэ.
Бид ариун үйлсийн төлөө эрс шийдэмгий зүтгэж байж ялалтанд хүрнэ. Бидний хэтийн зорилго аугаа их тул зүтгэл тэмцлийн явцад олон арван хатуу сорилт тулгарах нь мэдээж. Тиймээс бүх улс, бүх үндэстнүүдийн ард түмэн эв санаагаа нэгтгэн, оюун ухаанаа дайчилж, аливаа боломжийг алдалгүй, өрсөлдөөн сорилтыг хамтдаа туулж, инновацийг хөгжүүлэн, нэгэн үзүүрт сэтгэлээр хичээж, улс орны хөгжил, иргэдийн амьжиргааг жилээс жилд дээшлүүлэхийн төлөө ажиллана.
Хятадын ард түмэн эх орныхоо хөгжил төдийгүй даян дэлхийн байдалд ч анхаарал хандуулж байна. Африкт дэлгэрсэн эбола тахал, Мальдивын нийслэлийн ундны усны хомстол зэрэг онц байдлын үеэр бид халуун гараа сунган туслалцаа дэмжлэг үзүүлж, Хятадын ард түмэн дэлхийн олон орны ахан дүүстэй жаргал зовлонгоо хамтатгаж буйг харуулсан. Өнөөгийн дэлхий ертөнц амар тайван бус байгаа тул бид энх тайвныг уриалан дуудаж байна. Дэлхийн ард түмэн өлсгөлөн зовлон, дайн дажингүй, хүүхэд бүр энх тайван хэмээх нарны туяанд аз жаргалтай өсөн торнихыг хүсэн ерөөе.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |