|
|
||
2014 оны АПЕК-ийн удирдагчдын дээд хэмжээний чуулга уулзалт Бээжингийн Хуайрөү дүүрэг дэх Олон улсын хурлын төвд сүр дуулиантай болж өнгөрсөн билээ. Бээжингээс зүүн хойд зүгт 50 км-т байрлах Хуайрөү дүүрэг "Нийслэлийн арын цэцэрлэгт хүрээлэн" нэрээр алдаршсан, уул усны төгс үзэмж бүрдсэн нутаг юм. Америк, Англи, Орос, Франц, Болгар, Монгол, Танзани гээд 27 орны сэтгүүлч багтсан ХОУР-гийн гадаадын сэтгүүлчдийн баг анхны цасны хамт Хуайрөүд хөл тавилаа.
АПЕК-ийн 21 улс орны төрийн өндөрлөг оролцсон дээд хэмжээний чуулга уулзалтанд зориулан Хуайрөү дэх Олон улсын хурлын төвийг маш богино хугацааны дотор гайхамшигтай шийдлээр засаж тохижуулсан нь гадаад дотоодын зочид төлөөлөгчдийн нүдийг бөлтийлгөж, чихийг дэлдийлгэсэн гэдэг. Үзэсгэлэнт Яньчи нуурын хөвөөнд орших энэ төв хурлын олон өргөөтэй. Гадаадын сэтгүүлчдэд зөвхөн "Цэцдийн өргөө"-г үзүүлсэн юм.
Цэцдийн өргөөнд 21 орны дээд хэмжээний төлөөлөгчид зориулсан 21 суудал бүхий ширээг дугуйлан байрлуулжээ. Ширээ, сандал, ширээн дээрх бичиг хэргийн зүйлсийг үнэт ховор мод чулуугаар урласан байна. Мөн танхимын төвд хурлын төлөөлөгч яриа хийж байх үед агаарт дүрс нь гарах шинэ технологи суурилуулжээ.
Барилгыг Мин гүрний үеийн барилгын хэв намба, ур хийцийг ашиглан бүтээжээ. Хана, шал, таазны засал чимэглэлийг Хятадын эртний байршилзүй буюу Фэншүйн ухаан дээр суурилсан барилгын загвар шийдлээр урлажээ. Бүх зүйл асар их үнэ цэнэтэй тул гараар хүрч болохгүй гэдгийг сануулж байсан юм.
Таазны загвар хийц, чимэглэл нь одот тэнгэр хийгээд түүний орчил хөдөлгөөнийг бэлгэдэж байна. Таазны хэсэгт хятадын уламжлалт хээ угалзыг алтан шаргал өнгөөр товойлгон урласан харагдана.
Цэцдийн өргөөнд дэвссэн хивсийг Хятадын хивсны нэгдүгээр үйлдвэрт Шинэ Зеландын хонины ноосоор гараар нэхэж урласан гэнэ. Дээр нь алхаад явахад ноосны ширхэг бүр нь өндөлзөж, гутлын цаанаас хөлийн ул гижигдэх мэт мэдрэгдэх нь нэгд хүн бараг яваагүйнх, хоёрт аргагүй л гар урлалын дээд зэргийн бүтээл ажээ.
Бээжинд анхны цас хаялсан хүйтэн өдөр байсан тул бид Яньчи нуурын үзэмжийг төдий сайн үзэж сонирхож чадсангүй буцах боллоо. Нуурын ус захаараа хөлдсөн харагдсан ч аппаратаараа сонин сайхан зураг авах гэж яарсандаа нуур өвөлдөө хөлддөг үгүй эсэхийг нь тайлбарлагчаас лавлаж амжсангүй.
Олон улсын хурлын төвийг тойроод ерөнхийлөгчийн зэрэглэлийн 12 хаус барилга байх. Барилга бүр дотроо усан сан, фитнесс клуб, цэцэрлэгт хүрээлэнтэй. Олон улсын хурлын төвийг төв нь гэж үзвэл эдгээр барилга яг цагийн зүүний дагуу байрладаг гэнэ. Одооноос заримыг нь нийтэд нээлттэй болгож, зочид буудал, үйлчилгээний зориулалтаар туршин ажиллуулж байна. Нэгээр нь хальт орж үзлээ. Манай говьд "Цөлийн сарнай" гэж алдаршсан чулуужсан ой бүхий танхимд нэг хэсэг алмайран зогсов. Урлагийн жинхэнэ бүтээл гэж үүнийг хэлэх байх даа.
"Өсөж буй улсын модод нь хүртэл ас өөдөө ургах юм" гэж Хятадад аялсан нэгэн найз минь хэлж билээ. Дэлхийн өрөг дээр "хөгжингүй" орнуудын энтэй нүүдэл хийж чадах "хөгжиж буй" хамгийн том улсын хүн ард төдийгүй, байшин барилга, мод чулуунд нь хүртэл үндэсний өсөх дэвжих "мөрөөдөл" нь нэвт шингэсэн гэлтэй. /Бэлтгэсэн: Э.Эрдэнэсувд/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |