|
|
||
2015 оны 1-р сарын 16-нд, Өвөр Монголын Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошууны Жийрийн голд Хөхөгчин хонин жилийн цагаан сарын баярт зориулсан "Цаст Алтайн Бараа" үзэмчин ардын уртын дууны цэнгүүн боллоо. Үзэмчинчүүд эрт дээр үед цаст Алтайгаас нүүж ирсэн домог түүхтэй билээ. Үзэм түүж амьдардаг хэмээн хэлэлцдэгээс Үзэмчин гэсэн нэрийдэл бий болжээ. Үзэмчин нутаг бол уртын дуу, аварга бөх, цагаан адуугаараа алдартай билээ.
Энэ дундаа үзэмчин ардын уртын дуу бол өөрийн гэсэн давтагдашгүй өвөрмөц онцлогтой учраас бусад үндэстэн ястны дуу хуураас онцгой ялгардаг билээ. Өөрөөр хэлбэл, уртын дууны уран нугалаа, цайруулга, шуранхай, хаялга нь маш гайхалтай. Энэ удаагийн уртын дууны цэнгүүнд Шархүү, Цэцэнгэрэл, Оюунсоёл, Нахиа гээд үзэмчин нутгийн дөрвөн үеийн уртын дуучид оролцжээ. Уртын дуучдын хамгийн ахмад нь 76 настай, хамгийн отгон нь дөнгөж 6 настай байлаа.
"Цаст Алтайн Бараа" үзэмчин ардын уртын дууны сар шинийн цэнгүүнд "Их богд булган хангай", "Амгалант төрийн товчоо", "Сэрмүүн сайхан Сэелз", "Урьхан хонгор салхи" зэрэг үзэмчин нутгийн үлгэр түүх шингэсэн алдартай дуунууд багтсан юм.
Дашрамд сонирхуулахад, уртын дууны цэнгүүний үеэр үзэмчин нутгийн ардын урлан сайханчдаас бүрдсэн ардын найрал дууны хамтлаг дуу хуураа өргөсөн юм. Уртын дуу цууриатсан Үзэмчин нутагт шинэхэн цас орж, эх дэлхий цасан цагаан дээлээр хучигдаж, алтан наран дээрээс ивээсэн сайхан өвөл болж байна. Ийм ч учраас энэ нутгийн хүн ардын сэтгэл тэнэгэр, цог хийморьтой байсан юм. Ингээд сар шинийн баяраар, та бүхэндээ үзэмчин нутгаас бэлтгэсэн цагаан сарын тусгай нэвтрүүлэгээ хүргэх болно. / Ч.Гантөмөр Н.Пүрэвжав мэдээлэв /
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |