|
|
||
Билгийн тооллын хөхөө сарын 23-ны орой, Бээжин дэх монголчууд Галын тэнгэрээ баясган тахих их ёслолыг уламжлалт зан үйлийн дагуу өргөн дэлгэр явуулж, хотлоор цэнгэн жаргалаа.
Түм түжигнэж, бум бужигнасан улсын их нийслэлд аж төрөн суугаа монголчууд уламжлалт хэл соёл, зан заншлаа хадгалан, үр хүүхдэдээ өвлүүлэх бас амаргүй хэрэг ээ. Монголоо монголоор нь хадгалахын төлөө Бээжингийн Баянхорвоо монгол ресторан Галын их тахилгыг 11 жил алгасалгүй зохион явуулжээ.
Гал бол монголчуудын язгуур гүн ухааны чухал ойлголт. Гал голомтоо ариун байлгаж, галын тэнгэрээ баясган тайх нь монголчуудын эртний уламжлал. Галын тэнгэр эмэгтэй хүний дүртэй бөгөөд энэ үдэш эцэг тэнгэртээ очиж золгохдоо айл өрхийн амгалан жаргаланг дуулгадаг гэсэн домогтой. Зарим нутагт хөхөө сарын 23-нд харц ард, 24-нд ноёд баяд галаа тахидаг аж.
20150211005.mp3 |
Өндөр тэнгэрээс л заяатай
Өргөн дэлхийгээс л үүдсэн
Хатан төмөр эцэгтэй
Хайр чулуун эхтэй
Гал Галихан эхээ баясган тахисугай...
Өвөр Монголын Одон Телевизийн алдарт хөтлөгч На.Насан галын их тахилгад ерөөл өргөхөөр Хөххотоос иржээ. Тахилга эхлэхийн өмнөх хэдэн хормыг ашиглан бид гал тахих зан үйлийн тухай ярилцаж амжлаа. "Гал тахих зан үйл монголчуудын тэнгэр үзэл, бөө шүтэлгээс үүдэлтэй нь тахилгын ерөөлийн үгнээс харагддаг. Хожим нь бурхны шашин дэлгэрэхийн хэрээр галын тэнгэр тайх ёслол маань галын бурхан тахих ёслол болж ирсэн шиг байгаа юм" гэж На.Насан гуай ярив.
Бээжинд ажиллаж амьдарч буй монголчууд, монгол байгууллагын төлөөлөл зуу шахам хүн үндэсний дээл хувцсаа өмсөж, гоёл чимгээ зүүгээд Галын их тахилга болох талбайд цугларчээ. Баянхорвоо рестораны өмнө талбайд Эзэн Чингисийн есөн хөхөлт цагаан тугийг хүндэтгэлтэй залж, түүний өмнө хөх түрүүт хонины есөн өвчүү тэргүүтэн есөн зүйлийн идээ шүүс тавьсан тансаг ширээ байрлуулсан байв.
Рестораны эзэн Бүрэнбаяр есөн зул асаан өргөөд Их тахилга эхэлснийг зарлав. Талбайн гол дахь их тулганд гал асаан өрдөхтэй зэрэгцэн төрийн гурван дууны нэг "Богд Чингис" уртын дуу шуранхайлж, бөө шүтлэгээс сэдэвлэсэн Галын тэнгэрийн бүжиг эхлэв. Галын тэнгэр баясгав уу гэлтэй тулган дахь гал тэнгэр өөд цойлон дүүлэн асаж байлаа. Зориг зүрх, цөс цус хөөрөхгүй байхын аргагүй.
Цугласан олон Галын тэнгэр Удган галихан эхээ аргадан, таван амтат идээ шүүсээр тахил өргөхийн хамт ирэх цагийн сайн ерөөл, есөн есийн наян нэгэн хүслээ даатган залбирав.
Хөхөчин хонин жил хаяанд ирлээ. Хүн бүр сэтгэлдээ бурхантай, айл бүр тулгандаа галтай, монгол түмэн минь үргэлжид амгалан жаргаланг эдлэн цэнгэхийн өлзий билигт ерөөлийг өргөн дэвшүүлсү.
/Мэдээлсэн. Э.Эрдэнэсувд, зураг авсан Болор/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |