• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хөхөгчин хонин жилээ монгол заншлаараа угтаж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-02-20 17:05:06

 

Билгийн улирлын шинэ жил буюу Цагаан сар бол дорнын улс, үндэстнүүдийн уламжлалт баяр билээ. Ялангуяа эсгий туургатан монголчуудын хувьд амраг садантайгаа золгож, билэгтэй үгийг хэлэлцэн, буян хишгээ хурайлдаг чухал баяр. Тиймээс ч бүх дэлхийн монголчууд аж төрж байгаа газар орондоо уламжлалт зан заншлын дагуу шинэлэхийг эрхэмлэдэг билээ.

ХОУР-д хоёрдахь жилдээ ажиллаж буй Монгол улсын мэргэжилтэн Э.Эрдэнэсувд Хөхөгчин хонин жилийн цагаан сарын баяраа Бээжинд угтаж байна. Энэ жил Монгол, Хятадын сар шинийн баяр хоног зөрүүгүй давхцаж байгаа тул бүх нийтийн амралтаар гэртээ амарч, найз нарындаа зочилж, сайхан шинэлэх нь гэж баярлаж байгаагаа тэр ярьж байлаа.

Э.Эрдэнэсувд Бээжинд ажилласан анхны жилийнхээ сар шинийн баярыг найз нөхдийн хамт тэмдэглэсэн бол энэ жил ээж, хоёр хүүхэдтэйгээ тэмдэглэж байна. Түүний нөхөр алс холын Англи улсад мэргэжил дээшлүүлж буй. Цагаан сарын дараа тэд бүх гэрээрээ Лондон хотод цуглан золгох гэнэ.

2 сарын 18-ны өдөр, Морин жилийн өвлийн адаг сарын битүүнийг энэ айл баяр хөөртэй өнгөрүүлж байна. Эх орноосоо хол буй хэдий ч монгол заншлаараа хэвийн боовоор гурван үе идээ засаж, ааруул хурууд, өрөм тос, үхрийн мах, бууз тэргүүтнийг таваглан ширээндээ тавьсан байна. Хэвийн боов, үхрийн махаа Монголоос, ааруул өрмөө Өвөр Монголоос захиж авчруулжээ.

Битүүний үдэш Лхам бурхан айл бүрийг эргэдэг тул бурхандаа тахил өргөж, бурхны унаанд өвс, мөс тавьж өгдөг гэсэн заншлын дагуу тэд бурхан гүнгэрваандаа идээний дээж өргөн, цонхныхоо гадна мөс тавьсан байна.

Монголчуудтайгаа хамт сайхан битүүлээд, "Халуун хошуут мал, хонин жил гарч байна. Хүн бүр сэтгэлдээ бурхантай, айл бүр тулгандаа галтай байх болтугай" гэсэн өлзий билэгтэй ерөөлийг өвөртлөн гарлаа.

Мэдээлсэн Н.Пүрэвжав

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе