• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Үхэр хонины махны ажил төрлийн тогтвортой хөгжилд анхаарал хандуулав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-12 18:14:19

Хүн амын өсөлт, хот суурины оршин суугчдын хэрэглээний төвшин дээшлэх, тэр тусмаа хот суурины оршин суугчдын мах, махан бүтээгдэхүүний хэрэглээний бүтцэд өөрчлөлт гарахыг дагалдан, Хятад улсын үхэр, хонины махны хэрэглээ олон жил дараалан түргэн нэмэгдсээр ирсэн юм. 2015 оны хоёр чуулганы үеэр, ӨМӨЗО-ны Шилийнгол аймгийн Авга хошуунаас ирсэн БХАТИХ-ын гишүүн Эрдэнэгэрэл энэ онд "Үхэр, хонины махны үнэ ханшийн тогтвортой систем болон үнийн хамгийн доод хэмжээг тогтоох" тухай төсөл дэвшүүлсэн байна. Түүний үзэж байгаагаар, үхэр, хонины махны үнэ ханш тогтвортой эсэх нь малчдын ашиг орлого, орон нутгийн тогтвортой байдал, эрүүл хөгжилтэй шууд холбоотой юм байна. Тэрээр хэлэхдээ: "Өдгөө Төв засгийн газраас үр тарианы хамгийн доод үнийн баримжааг тогтоон хэрэгжүүлсэн бөгөөд гахайн махны хамгийн доод үнийн баримжааг ч судалж байна. Миний үзэж байгаагаар зөвхөн гахайн мах бус, бүх малын махан бүтээгдэхүүнд хамгийн доод үнийн баримжаа тогтоох хэрэгтэй. Хятад улс бол олон үндэстэн ястнаас бүрэлдсэн том гэр бүл, үндэстнүүдийн ард түмэн бүгд үхэр, хонины махаар хооллодог. ӨМӨЗО-ны хувьд, үхэр, хонины махны үнэ ханш малчдын ашиг орлого, амьжиргаанд шууд нөлөөлж байдаг" гэжээ.

УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны гишүүн Үнэн энэ тухай өөрийн бодол саналаа ярилаа. Тэрээр хэлэхдээ: "Уржнан жил ӨМӨЗО зах зээлд 880 мянган тонн хонины мах нийлүүлсэн нь Хятад улсын тухайн жилийн зах зээл дэх нийт хонины махны 1/3 орчмыг эзэлсэн. Гэвч одоо үйлдвэрлэл мөн л уламжлалт тархай бутархай мал аж ахуй эрхлэх хэлбэртэй, нийт хонины махны 48.7 хувь нь бие даасан малчин өрхөөс эх үүсвэртэй. Тэгэхэд тархай бутархай, нэгдсэн журамгүй уламжлалт мал аж ахуйд орчин үеийн хүрээ саравч, машин механик зэрэг дутагдаж байгаа бөгөөд мах махан бүтээгдэхүүний арилжааны систем ч боловсронгуй бус байна.

Одоогийн байдлаар хэрвээ байгалийн гамшиг болбол, малчдын үйлдвэрлэл, ашиг орлого буурахаар барахгүй, үндэсний мах, махан бүтээгдэхүүний эрэлт хангамжийн аюулгүй байдалд ч нөлөөлөх болно. 2014 оны сүүлийн хагас жилд тал нутагт ган гачиг болсны улмаас хонины махны ханш их унаж, малчид үйлдвэрлэлийн өөрийн өртгийг буруулахын төлөө нас гүйцээгүй төл мал зарж, үнийг нь улам буруулсан байна.

Энэ нь зах зээлийн хувьд 13 жил дараалан өссөн үнэ ханшийг бууруулсан төдийгүй, хэрэглэгчдийн хувьд ч сайн хэрэг болох юм. Гэвч энэ жилийн зах зээл дэх хангамж огцом нэмэгдвэл ирэх жил хангамж хүрэлцэхгүй байдал үүсгэж, хонины махны үнэ ханшийн донсолгоо үүсгэнэ гэдгийг бид анхаарах хэрэгтэй" гэжээ.

БХАТИХ-ын төлөөлөгч, УТЗЗ-ийн БХХ-ны гишүүдийн төсөл, санал санаачилга Өвөр Монголын анхан шатны малчин түмний дуу хоолойг дамжуулж байлаа. ӨМӨЗО-ны Улаанхад хотын Хишигтэн хошууны малчин Мандлаа сурвалжлагчид ярилцлага өгөхдөө: "Өнгөрсөн хэдэн жил хонины махны үнэ өссөн болохоор манай нутгийн малчид олноор хонь өсгөж, зарим нь бод малаа зарж, оронд нь бог мал, хонь авч өсгөсөн. Гэвч бүх хүмүүс хонь өсгөснөөс болж хонины махны ханш огцом буурч, бидэнд эдийн засгийн багагүй хохирол учруулсан. Өнгөрсөн хоёр жил хонийг амьдаар нь зарахад 1 килограмм нь 22 юань гаруй байж, жилд нэг хониноос 200-300 юанийн ашиг олж байсан. Харин өнгөрсөн жилээс хонины махны ханш гэнэт 30 хувиар буурсан. Манай нутаг өвөлдөө хахир хүйтэн, хонийг бараг жилд 4-6 сар нөөцийн өвс бордоогоор тэжээдэг. Нэг хонь өдөрт 1.5 килограмм өвс, 0.15 килограмм бордоо идэхээр тооцвол 180 хоногт бараг 300 юанийн зардал гарна. Дээр нь мал хариулгын хөлс харамжийг нэмбэл бараг 400 гаруй юань болдог. 2014 оны хурганы үнээр авч үзвэл амьдын жин нь 25 килограмм хурганууд бараг бүгд 400 гаруй юаньд хүрч байна. Тиймээс малчид бүтэн жил ашиггүй ажиллалаа гэсэн үг" гэжээ.

2014 онд ерөнхий сайд Ли Кэчян засгийн газрын ажлын тайлан тавихдаа, үхэр хонины махны үйлдвэрлэлийг их хүчээр дэмжихийг онцолсон байна. Хятадын засгийн газар 2013-2020 оны үхэр хонины мах үйлдвэрлэх хөгжлийн төлөвлөгөө боловсруулж, үхэр хонины махны аж үйлдвэрийн хөгжилд сайхан боломж олгосон байна. УТЗЗ-гийн Үнэн гишүүн хэлэхдээ, эдгээр төлөвлөгөөг хэрэгжүүлэх нь хязгаар орны үндэстний цөөнхийн бүс нутгийн хөгжилд чухал ач холбогдолтой юм гэжээ. Тэрээр хэлэхдээ, Үхэр хонины махны үйлдвэрлэл доорх гурван талтай холбогдож байна. Нэгт, үхэр хонины мах бол монгол, төвд, уйгар зэрэг 30 сая үндэстний цөөнхийн амьдралын зайлшгүй хэрэглээ мөн. Мөн ч үндэстний цөөнхийн орны амьдралын эх үүсвэр, үйлдвэрлэлийн арга хэлбэр мөн. Хоёрт, улс орны үхэр хонины махны хэрэгцээ тасралтгүй нэмэгдэж байна. Энэ онд урьдчилан гүйлгээнд оруулснаар ирэх оны хатгалга дутагдаж, үнэ нь өсөх болно. Энэ нь бидний хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалтай холбоотой төдийгүй малчдын орлогын нэмэгдэлтэй холбоотой асуудал юм. Иймээс зөвхөн хүнсний асуудал гэж үзэж болохүй, харин хязгаар нутгийн үндэстний цөөнхийн бүс нутгийн эдийн засаг нийгмийн тогтвортой байдал, нийгмийн эв нэгдэлтэй холбоотой асуудал юм. Гуравт, үндэстний бүс нутагт мал аж ахуйг хөгжүүлэх нь дотор газрын газар нутагт дутагдаж байгаа, бохирдол ноцтой зэрэг асуудлыг зохицуулахад тустай. Иймээс үхэр хонины үйлдвэрлэлийг шат өгсүүлэхийг нийгмийн чанартай асуудал болгон зохицуулах хэрэгтэй. Ингэх нь үндэстний цөөнхийн бүс нутгийн мал аж ахуйн үйлдвэрлэлийг шат өгсүүлэх, хэлбэрийг өөрчлөх, орчин үеийн болгох тэрчлэн үндэстний цөөнхийн бүс нутагт чинээлэг нийгмийг тал бүрээр байгуулахад чухал үйлдэл үзүүлэх юм гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе