|
|
||
4-р сарын 1-нд Бээжинд Хятадын Гадаад харилцааны сайд Ван И Хятад улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол улсын Гадаад харилцааны сайд Л. Пүрэвсүрэнтэй хэлэлцээ хийв.
Ван И хэлэхдээ, өнгөрсөн онд Ши Жиньпин дарга Монгол улсад амжилттай айлчлал хийж, Хятад Монголын харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгон дэвшүүлсэн явдал нь хоёр орны харилцаа түүхийн хамгийн сайн цаг үедээ орсныг харуулсан билээ. Хятадын тал Монгол улстай сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа хэлбэрэлтгүй хөгжүүлж, найрсаг дотно, үнэнч, хөнгөлөлттэй, уужуу багтаамжтай хөрш орнуудын дипломат харилцааны үзэл ойлголтыг хэрэгжүүлж, өөрийн хөгжлийн ололт амжилтыг Монгол улс зэрэг хөрш орнуудтайгаа хуваалцаж, улам их ашиг хүртээх болно гэжээ.
Л. Пүрэвсүрэн хэлэхдээ, Ши Жиньпин даргын Монгол улсад хийсэн төрийн айлчлал нь Монгол, Хятадын харилцааны түүхэн дэх чухал бэлэг тэмдэг болсон юм. Хоёр орны төрийн тэргүүдийн тохиролцсон нийтлэг ойлголтыг түргэн хэрэгжүүлж, хоёр тал нэгэнт зөвшилцсөн боловсронгуй төслөө эрчимтэй хэрэгжүүлэхийг Монголын тал хүсэж байна. Хятад улсын хэрэгжүүлж буй хөрш орнуудтайгаа хамтдаа хөгжих бодлогыг Монголын тал өндрөөр үнэлж байна. Монгол Хятад хоёр улсын хооронд улс төрийн аливаа асуудал байхгүй. Хятад улстай олон салбарын харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөтгөн гүнзгийрүүлэхийг хүсэж байна гэжээ.
Бие биенийхээ амин чухал ашиг сонирхол болон анхаарал хандуулж буй томоохон асуудлаар цаашид ч харилцан тууштай дэмжихийг хоёр орны гадаад харилцааны сайд нар зөвшөөрлөө. Хятадын талын санаачилсан Торгоны замын эдийн засгийн бүсийн санаачилгыг Монголын талын санаачилсан Талын замын санаачилгатай стратегийн хувьд уялдуулж, хоёр талт худалдаа эдийн засгийн ажил хэрэгч хамтын ажиллагааг бүх талаар нэмэгдүүлэх талаар хоёр тал тохиролцжээ. Түүнчлэн Хятад, Монголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөрийг идэвхтэй хэрэгжүүлэн, 2020 он гэхэд хоёр талын худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг биелүүлнэ гэжээ. Хоёр тал түүнчлэн хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг түргэтгэж, хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээрийг идэвхтэй судлан баталж, хүмүүнлэгийн солилцоог ахиулан, хоёр орны харилцаан дахь иргэдийн үзэл ойлголтын үндэс суурийг бэхжүүлэхээр тохиролцов.
Хоёр тал, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэг дэх зохицуулалт, хамтын ажиллагааг чангатгаж, НҮБ, Ази-Европын дээд хэмжээний уулзалт, ШХАБ, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллага, механизмын хүрээн дэх хамтын ажиллагаагаа нэмэгдүүлнэ гэв.
Хэлэлцээ өндөрлөсний дараа хоёр тал сэтгүүлчидтэй хамтарсан уулзалт хийх үеэр Ван И хэлэхдээ, Хятад, Монгол, Орос гурван орон тус тусын хөгжлийн стратегиа уялдуулах, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг эхлүүлэх нийтлэг ойлголтод хүрсэн юм. Хятад, Монгол, Оросын гурван талт хамтын ажиллагаа асар их хөгжлийн орон зайтай. Гурван талт хамтын ажиллагааны чухал санаачилга болохын хувьд, Хятадын талаас Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулах санаачилга гаргасан юм. Гурван орны эдийн засгийн коридорын бүтээн байгуулалт нь Хятадын талын санаачилсан "Нэг бүс нэг зам" санаачилга, Монголын талын "Талын зам" санаачилга болон Оросын талаас хэрэгжүүлж буй Евро-Азийг холбосон замын бүтээн байгуулалтыг идэвхтэй уялдуулах явдал мөн гэжээ.
Ван И хэлэхдээ, Азийн дайны талбар бол дэлхийн фашизмын эсрэг дайны чухал хэсэг байсан юм. Фашизмын эсрэг дайнд гүйцэтгэсэн Азийн үүргийг урт хугацааны турш төдийлөн чухалчлахгүй байсаар ирсэн юм. Хятад, Монгол зэрэг Азийн улс орнууд Фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойг боломж болгон, энх тайвны төлөө амь насаа зориулсан эрэлхэг дайчдад хүндэтгэл үзүүлж, харийн түрэмгийллийг эсэргүүцэхэд оруулсан Азийн гавьяа зүтгэлийг хамтдаа тэмдэглэн, дэлхийн энх тайвныг хамгаалахын төлөө тууштай тэмцсэн Азийн улс орнуудын гуйвшгүй зориг санааг хамтдаа тунхаглахад бэлэн байна гэжээ.
Л.Пүрэвсүрэн хэлэхдээ, Хятад улс энэ онд дэлхийн 2-р дайны ялалтын 70 жилийн ойг ёслол хүндэтгэлтэй тэмдэглэнэ. Дурсан тэмдэглэх холбогдох үйл ажиллагаа асар их түүхэн ач холбогдолтой бөгөөд тус бүс нутгийн энх тайвныг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Монголын тал дэлхийн 2-р дайнд Хятадын талтай хамт түрэмгийллийн эсрэг тэмцсэн юм. Хоёр тал зарим тэмдэглэлт үйл ажиллагаа, тухайлбал хамтарсан телевизийн нэвтрүүлэг бэлдэх, ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэх болон тэднийг тухайн үед Зөвлөлт, Монголын нэгдсэн арми Хятадад дайнд оролцохдоо хүрч байсан газар орнуудаар аялуулах зэрэг үйл ажиллагааг хамтран зохиож болох юм. Хоёр орон дайны жилүүдэд мөр зэрэгцэн тулалдаж байсан түүхийг хүүхэд залуучуудад өргөнөөр сурталчлах ёстой юм гэлээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |