• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс торгоны зам дагуух улс орнуудтай 8 салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-04-13 15:55:33

Дэд бүтцээр харилцан холбогдохыг ахиулах зэрэг 8 салбарт Хятад улс торгоны зам дагуух улс орнуудтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ. Үүнээс гадна, "Торгоны зам дагуух эдийн засгийн бүс, 21-р зууны далайн торгоны зам" буюу товчлоод "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтын тухай Хятадын холбогдох орон нутгууд болон төв засгийн газрын төсөл төлөвлөгөөг нэгтгэх ажил энэ оны 10-р сарын эцсээр дуусах тухай Хятадын Төрийн зөвлөлийн дэргэдэх "нэг бүс нэг зам" стратегийг удирдах ажлын хэсгийн хариуцлагатан саяхан мэдээлжээ.

2015 оны Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын үеэр, Хятад улс "Нэг бүс нэг замыг хамт байгуулахыг ахиулах тухай хэтийн төлөв, үйл ажиллагаа" хэмээх бичиг баримт нийтэлсэн нь "нэг бүс нэг зам"-ыг хамт байгуулах ажил нэгэнт дээд хэмжээний санал санаачилгаас бодит зураг төлөвлөгөө тогтоох, ажил хэрэгчээр хамтран ажиллах шинэ үе шатанд шилжсэнийг харуулж байна.

Энэхүү бичиг баримтыг боловсруулсан хүний нэг, Хятадын Төрийн зөвлөлийн "Нэг бүс нэг зам" стратегийг удирдах ажлын хэсгийн Тамгын газрын албан тушаалтан Өү Шяоли хэлэхдээ, холбогдох муж, өөртөө засах орон, хотууд болон үндэсний төсөл төлөвлөгөөг нэгтгэж холбох ажил энэ оны 10-р сарын эцсээс өмнө амжиж дуусах болно. Түүнчлэн энэхүү байгуулалтад холбогдох муж, өөртөө засах орнууд бүгд оролцох болно гэжээ.

"Энэ оны 10-р сараас өмнө амжиж төсөл төлөвлөгөөгөө гаргаж, үндэсний ерөнхий төлөвлөгөөтэй нэгтгэж холбохыг бид холбогдох орон нутгуудад шаардсан. Тэгвэл нэг бүс нэг зам стратегид оролцогч 18 гол мужийг заасан, үүнд хамрагдаагүй нь оролцохгүй байж болно гэж зарим хүн хэлж байгаа нь буруу. Нэг бүс нэг зам бол Хятад улсын ирээдүйн гадаадад нээлттэй байх, эдийн засгийн салбарт гадаадтай хамтран ажиллах ерөнхий хөтөлбөр болохоор оролцоно оролцохгүйн асуудал байхгүй" гэжээ.

Дэд бүтцээр харилцан холбогдох, эрчим хүчний хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, банк санхүүгийн хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх, хүмүүнлэгийн солилцоог нягтруулах зэрэг 8 салбарт Хятад улс "нэг бүс нэг зам" дагуу улс орнуудтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх болно. Эх сурвалжид тэмдэглэснээр, "нэг бүс нэг зам" 60 гаруй улс орны 4 тэрбум 400 сая хүн ам буюу дэлхийн нийт хүн амын 62 хувийг хамарч, ДНБ нь 21 триллион ам долларт дөхөх буюу дэлхийн ДНБ-ний нийт хэмжээний 29 хувийг эзэлж байдаг. Хятадын Олон Улсын Эдийн Засгийн Солилцооны Төвийн удирдах зөвлөлийн байнгын орлогч дарга Жан Шяочянгийн үзэж байгаагаар, "нэг бүс нэг зам" стратеги холбогдох улс орнуудад хөгжлийн улам өргөн орон зай олгох юм байна.  

Одоогийн байдлаар "нэг бүс нэг зам" санаачилгад 60 гаруй улс орон идэвхтэй хариу өгөөд байна. Пакистанаас Хятадад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Масуд Халид хэлэхдээ, "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтын төлөвлөгөөг Пакистан баярлан хүлээж авсан. "Хятад-Пакистаны эдийн засгийн хонгил" төсөл "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтын чухал гүүр болох болно. Олон улсын хамтын нийгэмлэг идэвхтэй дэмжиж ажиллахыг хүсэж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ:

"Хятад-Пакистаны эдийн засгийн хонгил бол маш сайн арга зам гэдэгт эргэлзэхгүй байна. Пакистаны хэдэн зуун сая иргэдийг ядуурлаас ангижруулж, амьжиргааны төвшнийг дээшлүүлэх болно. Түүнчлэн тэрээр их олон залуусыг ажлын байраар хангах болохоор терроризм, хэт даврагчдад цохилт өгөхөд ашигтай юм" гэжээ.

Одоогоор Хятад улсын шат бүрийн засаг захиргаа, байгууллага нэгж, аж ахуйн нэгжүүд бүгд "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу өөрийн давуу талаа ашиглан хөгжлийн боломж хайж байна. "Хуа Нэн" групп компанийн дэд захирал Сүнь Жиюүн хэлэхдээ, бид одоо гадаадад бизнес эрхлэх нэгдсэн групп байгуулж, хилийн чанадад дахь төслийн бүтээн байгуулалтаа эрчимжүүлж, техник, үйлчилгээг гадаадад гаргах ажлыг ахиулж байна гэжээ.

"Бид нэгэнт "Дүн Фан" эрчим хүчний групп, Хятадын цахилгаан эрчим хүчний байгуулалтын групп, Шанхайн эрчим хүчний корпорац зэрэг дотоодын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч гол гол аж ахуйн нэгжтэй нийтлэг ойлголтод хүрч, цахилгаан станцад хөрөнгө оруулах, байгуулах, тоног төхөөрөмж үйлдвэрлэх салбарын гадаадад бизнес эрхлэх "нэгдмэл цогц"-ыг бүрдүүлсэн" гэжээ.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе