|
|
||
Хятадын Төрийн зөвлөл 6-ны өдөр хуралдаж, үйлдвэрлэлийн хүчин болон тоног төхөөрөмж үйлдвэрлэх салбар дахь олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлж, нээлттэй байдлыг өргөтгөх арга замаар хөгжлийн бүтцийг шинэчлэн сайжруулахад түлхэц өгөхийг онцолсон байна. Хятадын Төрийн зөвлөл үйлдвэрлэлийн хүчин болон тоног төхөөрөмжийг "гадаадад гаргах" тухай асуудлаар энэ онд хоёрдахиа хуралдаж байгаа нь энэ юм.
Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 5-р сарын 6-нд Төрийн зөвлөлийн байнгын хурлыг хуралдуулж, үйлдвэрлэлийн хүчин болон тоног төхөөрөмж үйлдвэрлэх салбар дахь олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлж, нээлттэй байдлыг өргөтгөх арга замаар хөгжлийн бүтцийг шинэчлэн сайжруулахад түлхэц өгөх тухай ажлын байршуулалтыг дахин хийлээ. Хурлаас тэмдэглэхдээ, ингэж байршуулалт хийх нь Хятад улсын эдийн засаг болон дэлхийн эдийн засгийн уялдаа холбоог гүнзгийрүүлэхэд ашигтай төдийгүй, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг түргэтгэн, Хятад улсын аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүний чанар, үр ашгаа нэмэгдүүлэхэд, мөн өндөр төвшний нээлттэй эдийн засгийг байгуулж, харилцан ашигтай хамтран ашиг хүртэх зорилтыг биелүүлэхэд ашигтай гэжээ.
Харин энэ оны 1-р сарын 28-ны Төрийн зөвлөлийн хуралдаанаар мөн төмөр зам, цөмийн цахилгаан зэрэг салбар дахь Хятад улсын тоног төхөөрөмжийг "гадаадад гаргах"-ыг дэмжих, олон улсын үйлдвэрлэлийн хүчний хамтын ажиллагааг ахиулах талаар ажлын байршуулалт хийсэн юм. Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны Гадаад эдийн засгийн судалгааны газрын судлаач Жан Жяньпиний үзэж байгаагаар, Хятад улсын эдийн засаг хөгжлийн шинэ хэвийн төлөвт орж, "нэг бүс нэг зам" санаачилгын хэтийн төлөв, үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан гаргасан өнөөгийн нөхцөл байдалд, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг "гадаадад гаргах" нь Хятад улс төдийгүй дэлхийн эдийн засагт ч давхар ашигтай сонголт юм.
6-ны өдрийн хурлаар төмөр зам, цахилгаан эрчим хүч, мэдээлэл холбоо, барилгын материал, барилгын машин механик зэрэг давуу хөгжсөн салбарт түлхүү анхаарал хандуулж, адил бус бүс нутаг, тэр тусмаа "нэг бүс нэг зам" дагуух улс орнуудын эрэлт хэрэгцээг харгалзан, дээрх салбаруудад ашиглах тоног төхөөрөмжийн экспортыг нэмэгдүүлж, холбогдох улс орны ажил эрхлэлтийг дээшлүүлж, эдийн засгийг хөгжүүлэхэд хүч сэлбэх хэрэгтэй гэж үзсэн юм. Энэ оны 1-р сарын 28-ны хуралдаанаар байршуулалт хийсэнтэй харьцуулбал, 6-ны өдрийн хуралдаанар тоног төхөөрөмжийн экспортыг "нэг бүс нэг зам" дагуух улс орнуудын эрэлт хэрэгцээтэй уялдуулахаар заасан нь шинэ онцлог юм. Хятадын "Инь Хэ" үнэт цаасны шинжээч Мэн Жин хэлэхдээ "Нэг бүс нэг зам төсөлд нэгдүгээрт хөрөнгө мөнгө, хоёрдугаарт үйлдвэрлэлийн хүчин болон техник мэргэжлийн дэмжлэг чухал шаардлагатай юм. Хятад улс хөрөнгө мөнгөний өндөр нөөц чадамжтайгаас гадна, хямд, чанартай үйлдвэрлэлийн хүчин болон тоног төхөөрөмжтэй болохоор үүнийг уялдуулан ашиглах нь нэг бүс нэг зам дагуух улс орнуудад бүгдэд нь ашигтай" гэжээ.
Хятадын олон аж ахуйн нэгж тоног төхөөрөмжөө экспортлох бэлтгэл хийгээд байгаа талаар манай сэтгүүлч өмнө нь сурвалжилж байсан юм. Тухайлбал, Хятадын Цөмийн цахилгааны аж ахуйн нэгжүүд өөртөө бие даан судлан бүтээсэн "Хуа Лүн -1" хэмээх реактор цогц тоног төхөөрөмжөө Пакистан зэрэг улс орнуудад экспортолсон байна. Хятадын "Нань Чэ" группийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Жн Чанхун хэлэхдээ:
"Нэг бүс нэг зам төслийн хамгийн чухал агуулга бол даруй дэд бүтцийн байгуулалт болохоор манай групп өнөө нэгэнт нэг бүс нэг зам дагуух улс орнуудтай худалдааны нягт харилцаа тогтоон ажиллаж байна. Үүнээс гадна, Хятадын Хурдны төмөр замын компани ч экспортоо нэмэгдүүлж байгаа. Тодруулбал, саяхнаас яригдаж байгаа Тайландын төмөр замын байгуулалтын төсөл, Сингапур-Малайз чиглэлийн хурдны төмөр замын төсөл зэргийг нэрлэж болно" гэжээ.
"Нэг бүс нэг зам" стратеги нь өөрийн хоцрогдсон үйлдвэрлэлийн хүчин чадавхаа гадаадад гаргах зорилготой гэсэн гадныхны эргэлзээ таамаглалд чиглүүлэн Хятадын Гадаад хэргийн яамны сайд Ван И хэлэхдээ, Хятадын гадаадад гаргах тоног төхөөрөмжүүд цөм тэргүүний дэвшилтэт технологийг ашигласан, олон улсын зах зээлд өрсөлдөх өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжүүд байх болно. Хятад улс ашиг журмыг хослуулж, хамтран ажиллаж хамтаар ашиг хүртэх, нээлттэй, багтаамжтай байх, зах зээлийн эргэлтийн ёс зүйг мөрдөх гэсэн 4 зарчмын дагуу олон улсын үйлдвэрлэлийн хүчний салбарт хамтын ажиллагаа өрнүүлэх болно" гэсэн юм.
Дашрамд дурдахад, 6-ны өдрийн хуралдаанаар тоног төхөөрөмжийн экспортыг хөрөнгө босгох арга хэлбэрийг нягт уялдуулж ажиллах талаар судалсан байна. Үүнд зах зээлийн арга барилын дагуу, гадаад валютын нөөцийг ашиглахаа нэмэгдүүлж, экспортын даатгалын төвшнийг дээшлүүлэх, тэрчлэн юаниар үндэстэн дамнан тооцоо хийх системийг байгуулж, аж ахуйн нэгжүүд болон банк санхүүгийн байгууллага нэгж үнэт цаас, өрийн бонд зэргийг хилийн чанадад тараахыг урамшуулах зэрэг багтаж байна.\Д.Хүчитбаатар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |