• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин, Нарендра Моди нар хэлэлцээ хийв

CRI       (GMT+08:00) 2015-05-14 21:21:53

14-нд Сы-аньд Хятад улсын дарга Ши Жиньпин Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитой хэлэлцээ хийв.

Ши Жиньпин, Нарендра Моди ерөнхий сайд Хятад улсад албан ёсны айлчлал хийж буйг угтаж байгаагаа илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ, ноднин жил миний бие Энэтхэгт айлчлах үеэр бид Хятад, Энэтхэгийн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа гүнзгийрэн хөгжихийг урагш ахиулах, хөгжлийн улам нягт түншийн харилцаа цогцлон байгуулах талаар чухал нийтлэг ойлголтод хүрсэн билээ. Хоёр орны харилцаа бат тогтвортой хөгжиж, хоёр тал дээд зиндааны харилцаа холбоогоо хадгалж, чухал салбаруудын хамтын ажиллагааг тогтвортой урагшлуулж, хүмүүнлэгийн солилцоог өргөтгөн, холбогдох асуудлыг зүй зохистой зохицуулж, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт сайн харилцаа холбоотой ажиллаж байна. Таны энэ удаагийн айлчлал Хятад, Энэтхэгийн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа шинэ ахиц хийхийг урагшлуулах болно гэдэгт эргэлзэхгүй байна гэв.

Ши Жиньпин хэлэхдээ, өдгөө Хятад, Энэтхэг бүгдэд нь үндэстнийхээ сэргэн мандлыг биелүүлэх түүхэн боломж тохиож байгаа бөгөөд Хятад, Энэтхэгийн харилцаанд нисэх мэт хөгжих асар их боломж нөхцөл оршиж байна. Хоёр тал түүхийн урсгал болон тус тусын үндэстний сэргэн мандлыг биелүүлэх стратегийн хэрэгцээ шаардлагыг даган, хөгжлийн улам нягт түншлэлийн харилцаа цогцлон бүтээх нь зүйтэй гэлээ. Энэ талаар Ши Жиньпин дөрвөн зүйлт санаачилга дэвшүүлэв. Тухайлбал, нэгд, стратегийн өндөрлөг болон хоёр орны алс хэтийн хөгжлийн хараанаас Хятад, Энэтхэгийн харилцааг авч үзэх ба зохицуулж, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэг дэх стратегийн хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, олон улсын дэглэм улам шударга, зүй зохистой чиглэлд хөгжихийг хамтаар ахиулах хэрэгтэй. Хоёрт, тус тусын хөгжлийн стратегиа улам сайтар холбож, хоёр том эдийн засаг улам өндөр төвшинд харилцан нөхөх, харилцан түшилцэхийг бодит болгож, цаашид ч бүс нутаг, түүнчлэн дэлхийн эдийн засгийн өсөлтийн "хос хөдөлгүүр" нь болж, бүс нутгийн эдийн засгийн интегралчлалыг хамтдаа ахиулж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд идэвхтэй хувь нэмэр оруулах хэрэгтэй. Гуравт, хамтын хүчин чармайлтаар хоёр орны итгэлцлийг нэмэгдүүлж, зөрчил ба асуудлыг сайтар тогтоон барьж, хоёр орны харилцааны их тал харшлагдахаас зайлсхийх хэрэгтэй. Дөрөвт, хоёр орны олон салбарууд харилцаа холбоогоо чангатгахыг урамшуулан дэмжиж, ойлголцлоо нэмэгдүүлэн, Хятад, Энэтхэгийн соёлын солилцооны төлөвлөгөө, Энэтхэгийн аялал жуулчлалын жилийн арга хэмжээг сайтар хэрэгжүүлж, зөвлөхүүд, мэдээллийн хэрэгслүүд, залуучуудын солилцоог үргэлжлэн чангатгаж, орон нутаг хоорондын найрсаг харилцаа холбоог өргөтгөн, хоёр орон хоорондын бүх талын, олон шат давхаргын хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хөгжүүлж, Хятад, Энэтхэгийн найрсаг харилцаа ба хамтын ажиллагааг хоёр орны нийгэм нийтийн нийтлэг ойлголт болгох хэрэгтэй гэв.

Нарендра Моди хэлэхдээ, ноднин жил Ши Жиньпин даргын Энэтхэгт хийсэн айлчлал, ялангуяа миний төрсөн нутаг Гужаратад хийсэн айлчлалыг хүлээн авсандаа маш баяртай байгаа. Энэ удаад Хятад улсад айлчилж, тохиролцсон ёсоор Энэтхэгтэй өнө удаан түүхийн харилцаатай байсан Хятадын эртний хот Сы-аньд ирсэндээ маш баяртай байна. Энэтхэгийн тал Хятад улсыг агуу их хөршөө гэж үздэг бөгөөд хоёр орны итгэлцлийг нэмэгдүүлэх, стратегийн харилцаа холбоогоо нягтруулах, олон салбарын хамтын ажиллагааг өргөтгөх, хүмүүнлэгийн харилцаа солилцоог гүнзгийрүүлэх, холбогдох зөрчлийг эв зүйтэй зохицуулахын тулд хичээн чармайж байна. Энэтхэг, Хятадын харилцааны хөгжил асар их боломжтой байгаа бөгөөд бид Хятадын талтай хамтын хүчин чармайлт гаргаж, хоёр орны харилцааг хөгжүүлээд түүхэн шинэ төвшинд хүргэхэд бэлэн байна гэжээ.

Нарендра Моди хэлэхдээ, Энэтхэгийн тал Хятад улстай худалдаа эдийн засгийн харилцаагаа улам чангатгаж, Хятадын талтай Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг хамтын ажиллагаагаа нягтруулахыг хүсэж байна. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк тус бүс нутгийн орнуудын эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх болно гэдэгт итгэлтэй байна. Хятад улс Энэтхэгт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг Энэтхэгийн тал угтаж байна. Хятадын талтай олон улсын болон бүс нутгийн асуудлаарх зохицуулалтаа нэмэгдүүлж, олон салбарын харилцаа, хамтын ажиллагаагаа чангатган, шударга, зүй зохистой олон улсын дэглэмийг хамтаар урагшлуулахад Энэтхэгийн тал бэлэн байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе