|
|
||
ШУӨЗО бол "Торгоны замын эдийн засгийн бүс"-ийн зам харилцааны чухал боомт болох төдийгүй, Казахстантай хил залган орших И Лигийн Казах үндэстний өөртөө засах жөү нь Хятад, Төв Ази, Европыг холбоход маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэгвэл тэндэх аж ахуйн нэгжүүд, тэр тусмаа элсэн зургийн ажил төрөл эрхэлдэг соёлын аж ахуйн нэгжүүд нь нэг бүс нэг зам стратегийг хэрхэн ашиглаж, гадаадтай хамтран ажиллаж байгаа тухай одоо сэтгүүлчийн ирүүлсэн мэдээлэлтэй танилцъя.
Энэ жил 40 настай Дилмурат Шауд бол И Ли жөүгийн "Нафис" элсэн зургийн дүрслэх урлагийн үйлчилгээний төвийн захирал юм. Байгуулагдаад 10 жил болж байгаа тэдний компани нь голдуу Хятадын баруун нутгийн тосон будгийн зураг, уламжлалт уран бичлэг, уран баримлын аргаар элс болон хайргыг ашиглан зураг зурдаг маш өвөрмөц онцлогтой байж. Өдгөө уг компани нь Уйгар үндэстний 80 гаруй ажилтантай. 20 хүн нь уран бүтээл зурж бүтээх ажилд гар бие оролцож байна. 2007 онд тэдний элсэн зураг нь Хятадын Оюуны өмчийн үндэсний газрын патентын эрх авчээ.
Дилмурат хэлэхдээ: "Манай элсэн зураг дотооддоо Бээжин, Шанхай, Хонконгт үзэсгэлэн гаргасан. Гадаадад Казахстаны Алма-ата, Франц, Ойрх дорнодын орнуудаар ч борлуулдаг. Содон сайхан нэг бүтээлийг Арабын Нэгдсэн Эмират Улс Дибайн хааны ордонд хадгалж байгаа" гэжээ.
Дилмуратын танилцуулснаар, эдгээр зургийн зах зээлийн үнэ ханшийг зургийн том жижгийн хэмжээ болон зураг бүтээгчийн өөрийн үнэлгээний дагуу тогтоодог. Зарим нь нэг ам метр бүрдээ 5000 юань даруй 800 ам доллар хүрдэг тул компанийн жилийн орлого 7 сая юаньд хүрдэг юм. Энэ салбарын орлого их боловч элсэн зураг бүтээхэд олон жилийн сургалт судалгаа хэрэгтэй байдаг юм гэжээ.
Тэрээр хэлэхдээ: "Нэг зураг бүтээхэд нэг сараас хагас жилийн хугацаа шаардагддаг. Хүн болгоны авьяас чадвар адилгүй тул ихэвчлэн 5 жилийн бэлтгэлийг дамжиж уран бүтээлч болдог" гэжээ.
Илийн "Нафис" элсэн зургийн урлагийн төв байгуулагдсанаас хойш тухайн нутгийн засгийн газар идэвхтэй дэмжиж байна. 2011 онд ШУӨЗО-ны соёлын танхим 300 мянган юаний хөрөнгө оруулж, Өрөмч хотын музейд "Элсний домог" нэртэй үзэсгэлэн гаргасан. Хятадын "Нэг бүс нэг зам"-ын төсөл хэрэгжсэний дагуу Илийн хилийн нутгийг дэлхийн олон газрынхан маш их сонирхож байгаа бөгөөд "Нафис"-ын элсэн урлаг ч гадаад дотоодын анхаарлыг ихээхэн татаж байгаа юм.
"Бид "Нэг бүс нэг зам"-ын хөгжлийн төлөвлөгөөний чухал чанарыг мэдэрсэн төдийгүй түүнээс эдийн засгийн ашиг хүртэнэ гэдэгт найдаж байна. Тус бодлого манай компанийн ирээдүйн хөгжилд асар их нөлөө үзүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна."
Илийн "Нафис" урлагийн төвийнхөн уран зургийн бүтээлээ Өрөмч, Бээжин, Шанхай зэрэг дотоод гадаадын том хотуудын өргөн зах зээлд танилцуулахыг хүсэж байгаа бөгөөд түргэн хөгжилтэй цахим бизнест ч найдлага тавьж байна. "Нэг бүс нэг зам"-ын хөгжлийн шинэ орчин нөхцөлд энэ нь зөвхөн Нафисын бус, Или нутгийн олон үндэстний худалдаачдын хамтын хүсэл эрмэлзэл болох юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |