• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Хурд"-аар амьсгалсан Хөлөнбуйрын үдэш

CRI       (GMT+08:00) 2015-07-06 16:06:04

7 сарын 4-ны орой Хөлөнбуйрын Шинэ Барга Зүүн хошууны Соёлын ордны өмнөх талбайд залуусын хөл ихтэй байлаа. Хөлөнбуйрын газар газраас залуус "Хурд" хамтлагийн тоглолтыг үзэхээр цуглажээ.

"Хурд" хамтлагийг рок поп хөгжмийн ертөнцөд хэнтэй ч маргамгүй байр суурьтай хамтлаг гэхээсээ өмнө Монголын төдийгүй Хятадад амьдарч буй эл газрын монгол үндэстний шинэ залуу үеийг дуу хөгжимд дуртай болгож, олон хамтлаг, дуучдыг өсгөж өгсөн гэдгийг зайлшгүй дурьдах ёстой.

Хамтлаг байгуулагдаад 20 гаруй жил болохдоо Өвөрмонгол төдийгүй Хятадын бусад муж хотуудаар олон удаагийн айлчлан тоглолт хийжээ. Шинэ Барга Зүүн Хошуунд хийж буй энэ удаагийн тоглолтыг 1000 гаруй хүн үзлээ. Тоглолт нэг цаг хойшилж эхэлсэн боловч "Хурд"-ынхан "Цэргийн бодол"-оос "Санаж байна", "Хөх чоно"-оос "Хамаг Монгол" хүртэл дуулж, Хөлөнбуйрын тал нутагт мартагдашгүй үдшийг авчирсан юм.

"Оюутан байхдаа "Хурд", "Харанга"-ыг л сонсдог байлаа шүү дээ. 2004 онд Хөх хотод болсон тоглолтыг нь анх үзсэн. Уух идэхээ хасаж байгаад 50 төгрөг цуглуулж, билетийг нь авч байсан юм. Ёстой их баярлаж байсан шүү. 11 жилийн дараа төрсөн нутагтаа тоглолтыг нь дахин үзэж байгаадаа баяртай байна" гэж Хандгай сум, Номонханы уугуул, шинэ танил залуу хэлэв. Нэг хамтлаг 20 гаруй жил атгасан гар шиг эвтэй байх, тасралтгүй уран бүтээл туурвих, цаг үеийнхээ хаан нь байх амаргүй. Харин "Хурд" хамтлаг үүнийг хийж чадсан.

Тоглолт дууссаны дараа залуус дор дороо бөөгнөрч, "Хурд"-ын тухай, дуунуудынх нь тухай, тоглолтын тухай ярилцана. "Санаж байна... би санаж байна..." энд тэнд амандаа дуу аялах нь сонсогдоно. "Хурд"-аар амьсгалсан Хөлөнбуйрын үдэш. " "Хурд"-ын тоглолтыг 5 удаа үзсэн. Гэхдээ Зүүн Хошуунд болсон шиг ийм гоё тоглолт үзээгүй. Хоёр гурван цаг дуулахад хоолой нь цуцахгүй байна гэдэг үнэхээр гайхалтай" гэж нэг залуу ярьж байлаа.

Хөлөнбуйр, Шинэ Барга Зүүн хошуунаас Э.Эрдэнэсувд мэдээлэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе