• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хөлөнбуйрын тал нутаг Фашизмын эсрэг хонх дэлдэж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-07-09 17:35:40


Дайны дурсгалын музейн өмнөх энх тайвны хонх

7-р сар. Сэргэлэн сэвшээ салхиа гайхуулсан Хөлөнбуйрын тал нутагт ч аагим халуун ноёлжээ. Хараа алдам талд дөрвөн баганатай, 10 метр хэртээ өндөр хүрэл хонх босгосон байх агаад дээр нь "Энх тайвны энэ хонхыг хойч үедээ түүхийг цээжлүүлж, сэрэмжийн дохио болгохын төлөө босгосон юм" гэсэн бичээстэй харагдана. Энэ бол 1939 онд Зөвлөлт Холбоот Улс болон Японы хооронд хийсэн зарлаагүй дайны талбар – Номонхан бүрдэд байгуулсан дайны дурсгалын музейн өмнөх хөшөө юм.


Номонханы дайны дурсгалын музейн тайлбарлагч Амраа

"1939 оны 5-р сарын 4-өөс 9-р сарын 16 хүртэл 135 хоногийн турш Зөвлөлт Холбоот улс - Монголтой нэг тал болж, Япон-Манж Го тоглоомын улстай нэг тал болж, Халх голын хоёр эрэг, одоогийн Өвөрмонголын Шинэ Барга Зүүн хошууны нутаг Номонхан бүрд, Шинэ Барга Баруун хошууны Буйр нуур хүртэл 600 км 2 газар дэлхийг донсолгосон их дайн хийсэн юм. Тухайн үеийн хоёр талаасаа 200 мянга гаруй цэрэг, 500 гаруй галт буу, 900 гаруй нисэх онгоц, 1000 гаруй танк, хуягт тэрэг оруулж дайтсан. Дайнд Японы арми 100 мянган цэрэг оруулсан боловч 54 мянган хүнээ алдаж, шившигтэйгээр ялагдсан. Энэ нь Японы армийн хуурай замын цэргийн дайн дахь хамгийн том ялагдал байсан юм" гэж Номонханы дайны дурсгалын музейн тайлбарлагч Амраа ярьсан юм.

Номонханы дайныг Японы түүхэнд өнөө хэр хилийн маргаан, мөргөлдөөн мэтээр үзэж, Номонханы тулгаралт гэж нэрлэдэг. Гэвч Орос, Монгол, Хятадын түүх бичлэгт энэ дайныг ердийн нэг тулгаралт бус, харин ч дайны шинжтэй, бүр Дэлхийн Хоёрдугаар дайны хувь заяаг өөрчилсөн дайн гэж тэмдэглэдэг. "1939 онд Зөвлөлт Холбоот улс болон Япон хооронд хийсэн зарлаагүй дайн нь дэлхийн түүхийг өөрчилсөн юм" гэж Оросын нэрт судлаач Стюарт Голдман (Stuart D. Goldman) үнэлсэн нь бий. Тухайн үед, Хятадын зүүн хойд хэсгийг эзлэн авч, Манж Го хэмээх тоглоомын улс байгуулсан Японы эзлэн түрэмгийлэгчид Монгол улсыг эзэлснийхээ дараа цааш Зөвлөлт Холбоот улс, Алс дорнодыг эзлэх дайны бодлоготой байсныг түүхэн сурвалжуудад тэмдэглэжээ. Үүнийг батлах бодит жишээ, түүхийн гэрч баримт монгол нутагт олон үлджээ.

Японы Квантуны арми одоогийн Өвөрмонголын Хөлөнбуйр хотын төв Хайлаарт 21 хавтгай дөрвөлжин километр бүхий талбайд "Газар доорх хот" гэж нэрлэгдсэн 5 том бааз, 10 дэд бааз байгуулжээ. Дээрх 5 бааз нь хоорондоо газар доогуурх сувгаар холбогдсон бөгөөд хамгийн хойд талын баазад нь Квантуны армийн 80-р дивизийн командлах төв байрлаж бусад баазыг удирдаж байв. Энэ баазыг Хайлаарын засгийн газар 2007 оноос Фашизмын эсрэг дайны дурсгалын цогцолбор болгож, олон нийтэд нээлттэй үзүүлж эхэлжээ. Тайлбарлагч биднийг 6 дугаар гарцаар газрын гүн рүү дагуулж явахдаа хөл толгойгоо мэдээтэй явахыг байнга сануулж байлаа. 88 шаттай, газрын хөрснөөс доош 18 метр гүн энэ хонгил руу нэг эгнээгээр явах боломжтой. Гэрэл муутай тул зүүн гар талд бариул байрлуулжээ. Газрын гүнд байнгын 1-4 градус байдаг аж. Үүнийг мэдэлгүй нимгэн хувцастай орсондоо багахан харамсаж явлаа.

Тайлбарлагч, "Зүүн хуаран гэж нэрлэгдсэн 4 дэх баазад Японы бактерлогийн зэвсэгт 731-р ангийн "Манжуурын 543 –р салаа" байрлаж байсан. Тухайн үед энэ ангид 226 судлаач ажиллаж байсан гэдэг. Тэд цэргийн дүрэмт хувцас өмсдөггүй, цэргийн мөрдөс, тэмдэг зүүдэггүй. Нууцаар бактерийн туршилт, тарваган тахал, халуун хижиг зэрэг өвчнийг судалж байсан байна. Японы арми бактерлогийн зэвсэг ашиглан, Хөлөнбуйрын ард түмэнд хэмжээлшгүй их гай гамшиг учруулсан. Хайлаараас зүүнш 30 км-т орших Баянханы талд амьд хүн, мал амьтан руу бактерийн хорт утаа цацах гэх мэтээр туршилт явуулж хүн төрөлхтний эсрэг аймшигт нүгэл үйлдсэн юм" гэж ярьж байв.

Номонханы дайн Японы түүхэнд тэмдэглэгдсэн шиг ердийн нэг "хилийн тулгаралт", "хэрэг хувьсгал" төдийхөн байсан юм бол Японы арми дорнод монголын талд "газар доорх хот" байгуулж, бактерлогийн хөнөөлт зэвсэг хэрэглэх шаардлага байсан гэж үү? Хэрэв Япон Номонханы дайнд ялсан бол Дэлхийн хоёрдугаар дайны хувь заяа хаашаа эргэх байсан бол? Гэвч эдгээр асуултаас өмнө, Номонханы дайны хор уршиг өнөө ч эх байгалийн хэвлий, ард олны сэтгэлд арилшгүй сорви болж тогтсоныг хэлэхгүй өнгөрөхийн аргагүй. 70 жил өнгөрсөн ч дайны үед хэлмэгдэж, бактерийн халдвар авч хэдэн үеэрээ өвчилж шаналсан хүмүүс одоо ч Номонханд бий гэлцэнэ.

Фашизмын эсрэг амь биеэ өргөж дайтсан олон мянган баатруудын гавьяаг хожмын хүмүүс мартах учиргүйг Хайлаар дахь Фашизмын эсрэг дайны дурсгалын цогцолборыг үзэж явсан жуулчид манай сурвалжлагчид ярьж байсан юм.

"Дайны үед Япончууд үгээр хэлэмгүй аймшигт гэмт хэрэг хийснийг нутгийн хөгшчүүд маань ярьдаг. Бид энэ гашуун түүхийг мартаж болохгүй. Хойч үе, үр хүүхэддээ сануулж байх ёстой."

"Энд ирээд дайны түүхийн талаар илүү ихийг ойлгож авлаа. Өнөөдрийн ялалтыг Зөвлөлт-Монголын цэргүүд амиараа сольж байгуулжээ. Энэ газар хожмын хүмүүст үнэхээр их сургамж болохуйц газар байна."

Хөлөнбуйраас сурвалжилсан: Н.Пүрэвжав, Э.Эрдэнэсувд

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе