• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Арын сайхан хангайд болсон радио сонсогчдын уулзалт

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-08-09 17:25:12

Хятадын Олон Улсын Радио (CRI), Өвөр Монголын "Солонго" сэтгүүл, Өвөр Монголын "Талын дуу хоолой" радиогийн сэтгүүлч, сурвалжлагч, уншигч, сонсогчдын найрамдлын уулзалт-ярилцлага 8-р сарын 6-ны өдөр Монгол Улсын Архангай аймгийн Цэцэрлэг хотод амжилттай боллоо. Уулзалт-ярилцлагыг аймгийн Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэг, "Миний сонсогчдын клуб"-ээс зохион байгуулсан юм.

Уулзалт-ярилцлагыг Архангай аймгийн Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн дарга, "Миний сонсогчдын клуб"-ын дарга С. Баатар даргалж, 70 гаруй сонсогч, уншигч болон энэ уулзалт-ярилцлагыг зорьж ирсэн ХОУР(CRI)-гийн МУ-дахь салбарын захирал, сурвалжлагч М. Цэцэн, МУ-дахь "Солонго" мэдээллийн төвийн захирал Хүрэлшаа, ӨМӨЗО-ны "Солонго" сэтгүүлийн Редакцын дарга, сурвалжлагч Хурц, ӨМӨЗО-ны "Талын Дуу Хоолой" радиогийн сурвалжлагч Чинзоригт, тэрчлэн "Солонго" мэдээллийн төвийн хэсэг ажилтнууд оролцсон юм. Уулзалт-ярилцлага дээр ХОУР(CRI)-гийн МУ-дахь салбарын захирал, сурвалжлагч М. Цэцэн, МУ-дахь "Солонго" мэдээллийн төвийн захирал Хүрэлшаа, ӨМӨЗО-ны "Солонго" сэтгүүлийн Редакцын дарга, сурвалжлагч Хурц, ӨМӨЗО-ны "Талын Дуу Хоолой" радиогийн сурвалжлагч Чинзоригт нар өөр өөрийн байгуулалгын талаар мэдээлэл танилцуулага хийж, дараа нь сонсогчид уншигчид санал бодлоо ярьж, сэтгэгдлээ хуваалцсан юм. МҮОНР-д 45 жил ажилласан ахмад сэтгүүлч Бараанасан хэлэхдээ: "Бид та нартай сэтгэл зүрхээрээ ойр байна. Ахмад сэтгүүлч болсны хувьд хэвлэл мэдээллийн гүйцэтгэж байгаа үүрэг роллийг сайн мэддэг. ХОУР-гийн Монгол хэлний нэвтрүүлгийг Архангайчууд их сонсож, Хятад орны талаар маш их мэдээлэл авдаг юм" гэлээ. Ахмад багш Нацагням: "Архангайнхан эрт цагт үхэр тэргээр Бээжинд жин тээдэг байсан. Одоо хэвлэл мэдээллийн хэрэгсэл орон зайд хязгаарлагдахгүйгээр эзэндээ хүрдэг болжээ. Та нарын бэлтгэн хүргэдэг радио нэвтрүүлэг, сонин сэтгүүл шинэ сэтгэлгээ шинэ итгэл өгдөг юм" гэж хэлээ. Ахмад багш Янжин: "Танай радиог өглөө бүхэн сонсож, шинэ мэдээлэл авч, өдрийн ажлаа эхлүүлдэг юм" гэж урам хайрлалаа. Ахмад багш Очирпүрэв: "Танай радио, сэтгүүл уулны өндөр, усны гүнээс айлгүй хүрч ирдэг. Мэдлэг мэдээлэл, та нарын хийж байгаа ажил бол буянтай үйлс. Хүний оюун ухааныг гэгээрүүлдэг сайхан ажил юм" гэж сайшаав. Аймгийн Ахмадын хорооны дарга, ХОУР-гийн шагналт сонсогч Самданмөнх гуай ХОУР-гийн Монгол хэлний нэвтэрүүлгийг олон жил сонссон түүхээ эргэн санаж, ХОУР-гийн Монгол хэлний редакцын урилгаар БНХАУ-д зочилсон Монголын анхны сонсогч С. Лувсанцэрэн өвөөтэй хамт ХОУР-гийн сонсогчдын клуб байгуулалцаж байсан нандин түүхээ бидэнтэй хуваалцсан юм. Сонсогч Шагдарсүрэн: Хоёр орны харилцаа эвгүй байсан өнгөрсөн зууны 60-аад оны үед ХОУР, Монголын Дуу Хоолой Радио храилцан үзэл сурталын эсрэг сурталчилгаа явуулдаг байсан түүхийг эргэн дурсаж инээдэм болцгоов.

Уулзалт-ярилцлага хоёрхон цаг үргэлжилсэн хэдий ч хүмүүс зураг хөргөө татуулж, харилцан утасны дугаараа солилцож, хойшид хэлхээ холбоотой байяа гэж, салж ядан ярилцаж, дараа дахин уулзахын сайхан ерөөл тавьцгаасан юм.

Арын сайхан хангайн зуншлага сайхан, хүн малын зоо тэнийж, хөх тэнгэрт үүл нүүж, алсын ногоон талаар мал сүрэг бэлчиж, дуулмаар, шүлэглэмээр, уярмаар, уйлмаар сайхан дурсамж өвөрлөн гэр гэрийн зүг хүлэгийн жолоо татлаа. \ ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн \

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе