• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хаан усны эгшиглэн – Тувачуудын нутгаар аялахуй (хоёр)

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-08-13 17:43:28

Аяллын маань хоёрдахь өдөр ургах улаан нарантай уралдаж шахуу эхэллээ. Бодоход, цэнхэр дэлхий маань нэг л нарыг тойрон эргэдэг баймаар атал Бээжинд мандах нар, Алтайд мандах нар огт адилгүй шиг санагдах нь тун хачин. Эсхүл хот газрын давчуу бөгөөд бүүдгэр тэнгэрт дэндүү дассан таван мэдрэхүй минь хөдөө нутгийн уужим мөртөө өнгө тод ялгарсан орчинд цочроод нээгдсэн байж мэдэх юм. Нутгийн уяач Баясгалан гуай тува малчны зусланд хүргэхээр биднийг дагуулан хатирууллаа. Араас нь шогшуулж явахдаа нийслэлд суурин амьдарснаас хойш хориод жил морь унаагүй боловч малчин аав ээжийн буянаар бага балчир цагтаа адууны зоон дээр дарцаглаж байсны минь ул мөр бас ч арилчхаагүй байгааг мэдрэхдээ үгээр хэлэмгүй жаргалд автаж билээ.

"Нүүдлийн соёлын эрэлд" сурвалжилгын багийн бусад дөрвөн гишүүн - Отгон, Хөвчин, Буянтэгш, Цэлгэр маань шинэ үеийн чадалтай сэтгүүлчид бас морь сайн унаачид ажээ. Тэр тусмаа жинхэнэ монгол эрийн ёсоор эмээл дээрээ хазгайдуухан сууж морио бөмбөлзтөл хатируулах Хөвчин маань үе үе тосон бор хоолойгоор "Цэнхэр хангайн нутаг" дууг аялах нь агь таанын үнэр ханх хийсэн үзэсгэлэнт сайхан нутагт давхиулж яваа сурвалжлагч бидэндээ бас нэгэн баясал төрүүлж байв аа. Аяллын баг Хар усан голыг өгсөж, 3 цаг гаруй хатируулсаар Хойд салаа гэдэг газарт зусаж байгаа малчин Өлзийгийнд хүрсэн юм.

Тува монголчуудын амьдралыг ойлгох хүсэл өвөрлөн очсон бидний нүдэнд юм бүхэн сонин содхон тусаж байв. Сүүтэй цай аягалан, ааруул хурууд, хайрсан боорцог тавьж зочилж буй нь яахын аргагүй монгол айл. Гэвч хэлж буй үгийг нь сайн төхөөрөх юм биш. Очсон айлын эзэн Өлзий гуай тува аялгуугаараа урсам сайхан ярьж байх бололтой. Асуусанд минь их л итгэлтэй хариулаад байх боловч миний хэлснийг ойлгосон эсэх, түүний ярих нь ямар утгатай болох нь нэг л тодорхойгүй байлаа. Манай сурвалжлах багт Шинжаан нутагтай, ажилдаа хичээнгүй, оюунлаг шударга бүсгүй Отгон маань явж буй нь бидэнд зол боллоо. Түүний тусламжтайгаар Өлзий гуайтай хэл нэвтрэлцсэн юм.

Өлзий гуайнх өвөлжөө, хаваржаа, намаржаа, зусландаа гарч жилийн дөрвөн улиралд ээлжлэн нүүдэллэнэ. Хааяа сүү, цагаан идээ, саалийн архиа тосгонд аваачаад зарна. Амьдралыг нь харахад дөхөм боловч өөдрөг сэтгэлтэй, уламжлалаа чанд хадгалсан, байгаагаараа л байдаг шулуун шударга зантай хүмүүс байсан. Биднийг мордохын өмнө Өлзий гуай бидэнд "Тува минь" гэдэг тува ардын дуу аялж өглөө. Хэдийгээр хэл усыг нь сайтар ухаж ойлгож чадаагүй боловч бид нэг л үндэстэн, нэг л удмын хүмүүс шүү дээ гэж бодохтой зэрэг сэтгэл уярч, энэ сайхан монгол айлаас явахдаа салж ядан байснаа нуух нь илүүц буй за.

Хар усан голыг уруудаж буулаа. Бүтэн 7, 8 цаг морины нуруун дээр шогшуулсан залуус маань ядарсан зүдэрсэн шинж огт алга аа. Хурц тусах нарны гэрэл эгээ л нүүрсний зуух халуун элчээрээ нүүр ам руу хайр найргүй тургив уу гэмээр, нэг тийм хуурай халуун. Манай багийн хамгийн залуу, номд шамдах дуртай, даруухан зантай Цэлгэр охин нарнаас биеэ хамгаалж, толгой түрүүгээ алчуураар битүү ороосон нь харсан бүхний хайрыг булааж, инээд хөөр бэлэглэж байлаа. Энэ мэтийн хөгжилтэй агшин, байгалийн гайхамшигт үзэмж бүрийг алдалгүй гэрэл зургийн хальсанд буулгаж явсан нь манай Буянтэгш. Зураг сайхан татдаг болохоор нь бид замын турш хэдэн зүгээс нь дуудаж амар заяаг нь үзүүлэхгүй. Үг дуу цөөтэй ч хааяа нэг ам нээвэл яг голыг нь олоод хэлчихдэг шаггүй наргианч. Ийм байхад ажилд түүртэх, замд ядрахын зовлонгүй байх нь аргагүй шүү дээ.

Бид галгиулсаар орой 5 цагийн хирд буудалласан газартаа ирсэн ч цагийг амжуулах үүднээс амрая гэж санасангүй, харин нутгийн язгуур урлаг, биет бус соёлын өв - цуур хөгжмийг уламжлагч Чулуунбатынд очихоор боллоо. Ангийн арьс, уламжлалт хэв загвараар чимж тохижуулсан Чулуунбатын гэр өргөө нь хорвоогийн бас нэг содон өнгө гэмээр ээ. Тэр монгол дээлээ хэдэрч, ширээн дээрээ өвсөн цуур, модон цуур, товшуур, икэл гээд олон төрлийн хөгжмийн зэмсэг эгнүүлэн тавьжээ. Өвөөгөөсөө цуур хөгжим сурсан Чулуунбат бидэнд эдгээр хөгжмийн зэмсгийн үүх түүхийг тайлбарлаж, тэр ч байтугай хөгжимдөж сонирхуулсан сан.

Цуур хөгжим нь 2000 гаруй жилийн түүхтэй эртний нүүдэлчдийн хөгжмийн зэмсэг. Тэр тусмаа модон цуурын онцлог гэвэл нутаг усаа дурсан санагалзсан, амьтны дуу авиаг дуурайж, тухайн цаг үеийн амьдрал ахуйг тусгасан байдаг. Дуу цуурианаас улбаатай байдгаас цуур гэж нэрлэгддэг болсныг Чулуунбатын ярианаас ойлголоо. Түүнийг цуур хөгжимдөхөд бидний сэтгэл оюун нэг л дороо хэдэн зуун, бүр хэдэн мянганыг алгасан Хүннүгийн отогт тулга тойрон суух хүрэл царайд баатруудын дэргэд очих мэт санагдаж билээ. Хөгжим гэдэг өнгөрсөн цаг хугацаагаар аялуулах илбэ жилбийн мэт увдистай ажээ.

Савар дин дингээ цохиод байна

Сайхан хүүхэн биелээд байна

Эргээд эргээд биелээд байна

Эгэм дал нь нахилзаад байна

Чулуунбат бидэнд Ойрдуудын савардин бүжиг, бие биелгээний үүсэл гарлын талаар олон зүйл хуучилсан юм. Савардинг олон нутгийн хүмүүс янз бүрээр тайлбарлах нь бий. Гэвч Алтайн тувачуудын хувьд энэ нь товшуур цохихтой холбоотой гэнэ. Савар гэдэг нь гарын сарвуу, дин дин гэдэг нь эртдээ товшуур хөгжмийг нэрлэж байсан нэр гэнэ. Товшуурын 12 ая цохилго гэж бий. Ая цохилго бүрд тохирсон 12 бие байх ба ноос савах, сүү саах, нүүр тольдох гэх мэт ардын аж амьдрал дундах үйл хөдлөлийг харуулсан байдаг. Урьд нь савардин, бие биелгээг бишгүйдээ л их үзэж явсан боловч нарийн учир ухааныг нь ойлгодоггүй байжээ би. Биднийг буцах болоход Чулуунбат гуай алтан шар замын ерөөл болгож "Алтайн магтаал" хайллаа. Алтайн энгэр Ханас нуурын хөвөөн дэх хоёр хоногийн аян сурвалжилга минь ийнхүү "Алтайн магтаал"-ын мялаалгаар ганзага дүүрэн жаргалаа.

ХОУР-гийн сурвалжлагч Ренчинсоо

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе