|
|
||
8-р сарын 25-ны өдөр, Хятад, Монгол, Орос гурван улсын төлөөлөгчид Хятадын Хэбэй мужийн Жан Бэй сяньд орших Зөвлөлт-Монголын дайчдад зориулсан дурсгалын цогцолборт хуран цугларч, Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайн болон Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын төлөө алтан амиа өргөсөн баатар дайчдын хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөв.
Зөвлөлт-Монголын цэрэг дайчид 1945 оны намар Хятадын ард түмний Японы түрэмгийллийг эсэргүүцсэн дайнд хүч нэмж Эрээн-Жанчхүү, Долнуур-Рэ Хэ гол гэсэн хоёр чиглэлээр давшилтад орсон юм. Түүхэнд "Жанчхүүгийн давааны тулаан" хэмээгдсэн энэ тулалдаанд Аюуш, Жанчив зэрэг Монголын 13 баатар, Зөвлөлтийн 53 дайчин алтан амиа алдаж үүрд нойрссон юм. 1957 онд Хятадын засгийн газар Жанчхүүгийн даваанд амь үрэгдсэн баатруудын дурсгалд зориулан цогцолбор байгуулжээ.
Цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаанд МУ-аас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ц.Сүхбаатар, ОХУ-аас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд А.И.Денисов, Монгол улс болон ОХУ-ын элчин сайдын яамны дипломат ажилтнууд, БНХАУ-ын ГХЯ-ны зөвлөх Лю Гүйзунь, Азийн газрын хэлтсийн орлогч дарга Жан Пэйлинь, БХЯ-ны ГХЕГ-ын Азийн хэлтсийн дарга Тун Вэнчи, Жанжхүү хотын засаг даргын орлогч Жю Лиминь, Монгол улсын ахмад дайчдын төлөөлөл, амь үрэгдсэн баатруудын гэр бүлийн төлөөлөл, нийт зуугаад хүн оролцлоо.
Ёслолын эхэнд БНХАУ, Монгол улс, ОХУ-ын төрийн дууллыг хүндэтгэлтэй эгшиглүүлж, гурван орны төлөөлөл үг хэлсэн юм.
Монгол улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ц.Сүхбаатар хэлсэн үгэндээ, 2015 он бол Дэлхийн Хоёрдугаар дайны ялалтын 70 жилийн ойг дэлхий нийт, бүс нутгийн орнууд бүрэн дүүрэн тэмдэглэж буй түүхэн ач холбогдолтой онцлог жил гээд, "1945 оны Хятадын Японы түрэмгийллийн эсрэг дайны түүхэн баатарлаг үйл явдал Монгол, Орос, Хятад гурван улсын найрамдалт харилцааны түүхийн нэгэн алтан хуудас болоод зогсохгүй үе үеийнхний бахархан дурсах, хүндэтгэн тэмдэглэх уламжлал болон үлдсэнд бид нэн баяртай байна" гэж тэмдэглэв.
1945 оны Хятадын Японы түрэмгийллийн эсрэг дайнд биеэр оролцож явсан, ахмад дайчин, Монгол Улсын СГЗ, Э.Лувсанбалдан ёслолд оролцож үг хэлэхдээ, "Хятадын ард түмний сайн сайхан амьдралын төлөө 70 жилийн өмнө алтан амиа алдсан Монгол дайчдынхаа тулалдсан газар ирж хүндэтгэл үзүүлэх завшаан олдсонд бид туйлын их баяртай байна. Японы эзлэн түрэмгийлэгчдийг бут цохисон гандан бууршгүй гавьяа Зөвлөлтийн Улаан арми, Монгол ардын хувьсгалт цэрэг, Хятадын ардын чөлөөлөх армид оногддог. Хамтын тэмцлийн энэ гайхамшигт ялалтыг манай хойч үеийнхэн мартах учиргүй" гэж сэтгэл догдлон хэллээ.
Жанчхүүгийн давааны тулалдаанд амь үрэгдсэн 13 баартын тавынх нь үр хойчис ёслолд биечлэн оролцохдоо дайчдын бунханд нутгийн чулууг нь тавьж, дээдсийнхээ сүнсэнд залбиран мөргөсөн юм. Тэдний дунд Монгол улсын баатар, домогт дайчин Аюушийн ач Пүрэвсүрэн, Жанчивийн зээ Нямхүү нар баатарлагаар тулалдсаар амь үрэгдсэн өвөг дээдсийнхээ ясаа тавьсан энэ ариун газар анх удаа хөл тавьжээ.
Ёслолын төгсгөлд, гурван орны нийт төлөөлөгч дайнд үрэгдсэн баатруудын дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөв. \Сэтгүүлч Урьхан, Пүрэвжав, Чү Гүнзи\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |