|
|
||
Өнөөдөр буюу 10-р сарын 16-нд Хуурын үлгэрийн олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар хурал болон Хуурын үлгэрийн дээд хэмжээний форум Бээжингийн Төвийн Үндэстний Их Сургуульд болов. Хуралд Монгол, Япон, Унгар зэрэг орны судлаачид, Хятад улс дахь "Хуурын үлгэр"-ийг дагнан судалж буй эрдэмтэд, хуурын үлгэрийн "амьд төлөөлөл" буюу хуурчид, хэвлэл мэдээллийн төлөөлөл 100-аад хүн оролцлоо.
Өвөр Монголчуудын дунд "Хуурын үлгэр", Монгол улсад "Бэнсэн үлгэр" нэрээр тархсан Хятадын түүхэн романаас сэдэвлэсэн аман зохиолын нэгэн өмөрмөц төрөл 18-19-р зууны үед Монгол нутгийн зүүн хэсэгт ихэд дэлгэрсэн байна. Хуурын үлгэрийн тархалтын талаар Төвийн Үндэстний Их Сургуулийн профессор Цогт ярихдаа, "Хуурын үлгэр Зүүн Монголд хүчтэй дэлгэрч байдаг. Монгол улсын эрдэмтэд "Дорнод монгол бүс" хэмээн нэрлэдэг. Манай улсын зүүн нутагт Монгол үндэстний хүн ам хамгийн их төвлөрсөн байдаг. Тэнд амьдарч буй монголчууд хуурын үлгэртээ маш их дуртай. Хуурын үлгэрийн шимээр өсөн бойжсон гэж хэлж болно." гэв.
Хурлын онцлогийн талаар тэр ярихдаа: "Энэ удаагийн хурал Олон улсын хэмжээнд болсон, хуурчдаа урьж оролцуулсан, хуурын үлгэрээр дагнасан том хэмжээний хурлыг Бээжин хотод зохиосноороо онцлог болж байна. Энэ утгаараа түрүү түрүүний хурлаас илүү цар хүрээтэй хурал болсон гэж бодож байна" гэсэн юм.
Хуралд хориод эрдэмтэд хуурчдын судлал, хуурын үлгэрийн ерөнхийлсөн судлал, хуурчдын урсгал бүлгийн судлал зэрэг сэдвээр илтгэл тавилаа. Монгол улсын Улаанбаатарын Их Сургуулийн захирал С.Байгальсайхан хуралд оролцсон сэтгэгдлээсээ хуваалцахдаа, "Өнөөдрийн хуралд нэг талаас судлаачид, нөгөө талаас хуурч, үлгэрч нар нийлээд хуурын үлгэр судлалаар хэлэлцэж буй хуурын үлгэрийн анхдугаар хурал гэдгээрээ онцлогтой. Хуурын үлгэр судлал жинхэнэ утгаараа хөл тавьж биетэй боллоо гэж ойлгож байна." гэлээ.
Хуурын үлгэрийн олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар хуралд оролцсон эрдэмтэд, хуурчид тусгай сэдвээр хэлэлцүүлэг хийж, шинэ судлалын асуудлыг хөндөж, хурлын тусгай өгүүллийн эмхэтгэл гаргаснаараа амжилттай боллоо.
Сэтгүүлч Пүрэвжав, Сандаг нар мэдээлэв
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |