|
|
||
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д төрийн айлчлал хийх гэж байгаатай холбогдуулан БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин сэтгүүлчдэд ярилцлага өгсөн юм. Одоо та бүхэнд энэ ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэе.
1. Сэтгүүлч: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэдхэн хоногийн дараа БНХАУ-д төрийн айлчлал хийх гэж байна. Айлчлалын хөтөлбөрийг танилцуулна уу. Таны бодлоор энэ удаагийн айлчлал Монгол Хятадын харилцаа, цаашлаад хоёр орны хөгжилд ямар ач холбогдолтой бэ?
Шин Хаймин: БНХАУ-ын дарга Си Жиньпингийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 9-11-ний өдөр БНХАУ-д төрийн айлчлал хийнэ. Энэ айлчлал нь өнгөрсөн онд БНХАУ-ын дарга Си Жиньпин Монгол улсад айлчилсны дараа хоёр улсын харилцаанд өрнөж буй бас нэг томоохон дипломат үйл явдал юм. Энэ айлчлал Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийж буй 2 дахь удаагийн айлчлал юм. Хятадын тал энэхүү айлчлалд ихээхэн ач холбогдол өгч, өндөр түвшинд хүлээн авна. Си Жиньпин дарга угтах ёслол зохион байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржтой албан ёсны хэлэлцээ хийж, хүндэтгэлийн зоог барих болно. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян, Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дэжан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид тус тус бараалхах болно. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын эртний нийслэл болон торгон замын эхлэх газар байсан Ши-Ань хотод айлчилна.
Сүүлийн үед Хятадын талын холбогдох байгууллагууд, Монгол Улсад суугаа ЭСЯ, Монголын талтай хамтран ажиллаж, бэлтгэл ажлуудаа хийж амжсан байна. МУ-ын ерөнхийлөгчийг хүлээн авахаар би тун удахгүй урагшаа буцах гэж байна. Одоогийн байдлаар холбогдох бэлтгэл ажил ерөнхийдөө бэлэн болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бол Си Жиньпин даргын хүндэт зочин бөгөөд Хятадын Засгийн газар, ард түмэн түүнийг халуун дотноор угтан авах болно.
Одоогоор Хятад, Монгол хоёр улс үндэсний хөгжил, бүтээн байгуулалтын зангилаа үед байгаа бөгөөд 2 талын өргөн хүрээнд нэгдсэн стратегийн ашиг сонирхол тасралтгүй нэмэгдсээр байна. Хятад, Монголын харилцааг ард түмэн дэмжиж байгаа болохоор энэхүү харилцааг улам хөгжүүлэхэд шинэ боломж тулгарч байна. Энэ айлчлалын үеэр 2 улсын удирдагч Хятад, Монголын харилцаа болон бүхий л салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, өнгөрсөн онд Си Жиньпин даргын айлчлалын үр дүнг бүрэн бүтнээр ажил хэрэг болгохоор санал бодол солилцож, зарчмын чиглэлийг тодорхойлно. 2 тал улс төр, эдийн засаг, соёл болон бусад олон талт хамтын ажиллагааны талаар шинэ тохиролцоонд хүрч, нэлээд олон чухал бичиг баримтад гарын үсэг зурж, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргана гэж найдаж байна.
2. Сэтгүүлч: Та Хятад, Монголын харилцааны өнөөгийн байдлыг хэрхэн дүгнэж байна вэ? Шинэ цаг үе, шинэ нөхцөл байдалд БНХАУ Монгол Улстай харилцахад ямар бодлого баримтлах вэ?
Шин Хаймин: 1990-ээд оноос хойш Хятад, Монголын харилцаа улам гүнзгийрч, өндөр түвшний харилцан айлчлал тогтмолжиж, улс төрийн харилцан итгэлцлийг тасралтгүй бэхжүүлж байна. Өнгөрсөн онд 2 улсын төрийн тэргүүн 5 удаа уулзалт хийсэн бол энэ онд 3 удаа уулзсан. Удахгүй болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр 4 дэх уулзалт болно. Хоёр улсын төрийн тэргүүнүүд ойр ойрхон уулзах нь Хятад, Монголын харилцааны чиглэлийг тодорхойлж байна. Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдууд Хятадад айлчлал хийж эсвэл олон улсын арга хэмжээнд оролцохоор Хятадад ирсэн явдал нь Хятад, Монголын харилцаа өндөр түвшинд байгааг харуулж байна. Хятад, Монголын бодит хамтын ажиллагаа нь тогтвортой хөгжсөөр байна. Хоёр улсын өнөөгийн худалдааны хэмжээ 1990-ээд оны эхэн үеэс 100 гаруй дахин нэмэгдсэн байна. Мөн хоёр талын хүмүүнлэгийн солилцоо идэвхжиж байна. Сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд иргэдийн солилцоо давхардсан тоогоор 1,3 саяд хүрсэн бөгөөд үүний дотор Хятадад зорчсон Монгол Улсын иргэдийн тоо 1 саяыг давсан нь Монгол Улсын хүн амын гурваны нэг хувийг эзэлж байна. Бид Хятад, Монголын харилцаа эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна.
Хятадын тал элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй байх гэх хөрш орны бодлогыг хэрэгжүүлж, өөрийнхөө хөгжлийн үр дүнг хөрш орнуудтай хуваалцах болно гэж Си Жиньпин дарга тэмдэглэсэн юм. Монгол Улс бол БНХАУ-ын чухал хөрш орон бөгөөд Хятадын хөрш орны бодлогод чухал байр эзэлж байна. Өнгөрсөн жил Си Жиньпин дарга Монгол Улсад түүхэн айлчлал хийснээр хоёр тал иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа байгуулж хоёр улсын харилцааг түүхэн дэх хамгийн сайн цаг үед оруулсан юм. Си Жиньпин дарга Монгол Улсын удирдагч нарт хандан олон удаа тэмдэглэхдээ "БНХАУ цаг ямагт Монгол Улсын бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон Монгол Улсын ард түмний өөрөө сонгосон хөгжлийн замыг хүндэтгэнэ. Хятад улс Монгол улстай хамтын ажиллагаа хөгжүүлэхдээ "надад их, чамд бага", "би хожих, чи хожигдох" гэсэн зарчим баримтлахгүй. Харин харилцан ашигтай байх, хамтдаа хожихын төлөө байх болно. Зарим бодит төсөл дээр Монголын талын ашиг сонирхлыг илүү тусгах болно гэж хэлсэн. Си Жиньпин даргын эдгээр тодотгож байгаа үг бол БНХАУ Монгол улстай харилцахдаа баримтлах үндсэн зарчим юм. БНХАУ энэ зарчмын дагуу Монгол Улсын хөгжлийг дэмжих, харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлж, харилцан ашигтай байх, хамтдаа хожих, хамтдаа хөгжихийг эрхэмлэх болно.
3. Сэтгүүлч: Таны бодлоор Хятад, Монголын хооронд харилцан ашигтай хамтын ажиллагааг явуулах давуу тал нь юу вэ? Хоёр улсын төрийн тэргүүн нар "Торгон зам" болон "Талын зам"-ыг уялдуулах асуудлаар тохиролцоонд хүрсэн нь хоёр улсын бодит хамтын ажиллагаанд ямар боломж олгож байна вэ?
Шин Хаймин: Хятад, Монгол хоёр улс уул усаар холбогдсон байгалийн сайн хөрш, сайн найз бас сайн түнш юм. БНХАУ Хятад, Монголын харилцааг хөрш орны бодлогын чухал хэсэг гэж үзэж байна. Монгол улс Хятад, Монголын харилцааг өөрийн гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болгосон юм. Миний бодлоор Хятад, Монголын харилцан ашигтай хамтын ажиллагаа хоёр давуу талтай. Нэгдүгээрт: Хоёр улсын хөгжлийн стратеги өргөн хүрээнд уялдаатай байна. Хятад, Монгол хоёр улс өөр өөрийн хөгжлийн зангилаа хугацаанд байгаа бөгөөд хөгжлийг ахиулах, хамтын ажиллагааг явуулах бол хоёр талын хамтын зорилго юм. Одоогоор хоёр тал "Торгоны зам" болон "Талын зам"-ыг уялдуулан хэрэгжүүлэхээр тохиролцоонд хүрсэн юм. Энэ бол хоёр улсын удирдагч ирээдүйд хандаж, бодит байдлыг харгалзаж гаргасан стратегийн чухал шийдвэр юм. Хоёрдугаарт: Эдийн засаг нь өргөн хүрээнд харилцан нөхөх шинжтэй байдаг. Монгол Улс өргөн уудам газар нутагтай, нөөц баялаг ихтэй бөгөөд сүүлийн жилүүдэд Монгол Улс ашигт малтмалын салбараар улс орноо хөгжүүлэх стратеги хэрэгжүүлж улс орны эдийн засаг хурдацтай хөгжиж байна. Хятад Улс хөрөнгө, технологи, зах зээл, тээврийн коридор зэргээр илт давуу талтай байна. Хятад, Монгол газар зүйн байрлал нь ойрхон, эдийн засаг нь харилцан нөхөх шинжтэй болохоор бодит хамтын ажиллагааг хөгжүүлэхэд асар их боломж байдаг.
Би хоёр орны хөгжлийн стратегийг уялдуулах тухай онцлон ярих гэсэн юм. Торгон замын эдийн засгийн бүс байгуулахад нээлттэй байх, бүс нутгийн хамтын ажиллагааг явуулах үзэл санааны дагуу эдийн засгийн хүчин зүйлийн Ази, Европ, Африк тивд эмх цэгцтэй, чөлөөтэй байдлаар урсгахыг дэмжих, нөөцийг үр ашигтай хуваарилах болон зах зээлийг гүнзгий уялдуулан нэгтгэх, улам өргөн цар хүрээтэй, улам өндөр түвшинд, улам гүн гүнзгий бүс нутгийн хамтын ажиллагаа явуулах, улс орнуудын олон тулгууртай байх, бие даах, тэнцвэртэй тогтвортой байх хөгжлийг бий болгох зорилготой байна. Монгол Улсын "Талын зам " гэдэг нь Монгол Улсын газар зүйн байрлалын давуу талыг ашиглаж, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаан дээр оролцоог нэмэгдүүлэх гэж байна. Хятад, Монголын хөгжлийн стратегийг уялдуулахаар хоёр улсын хамтын ажиллагааг улам гүнзгий, улам өргөн хүрээнд тасралтгүй хөгжүүлэх боломж бүрдүүлэх болно. Одоогоор хоёр тал ашигт малтмалын томоохон төслүүд, харилцан холболт, ашигт малтмалын бүтээгдэхүүний боловсруулалт, шинэ эрчим хүч, хөдөө мал аж ахуй зэрэг бүх талын харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхтэй явуулж байна. Хятад, Монголын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн хэлэлцээ болон Хятад, Монголын чөлөөт худалдааны хэлэлцээрийн бэлтгэл ажил тогтвортой урагшилж байна. Үүнээс гадна Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, Торгон замын сан нь Монгол Улсын хөгжилд найдвартай санхүүжилт үзүүлэх болно. Хоёр улсын хөгжлийн стратегийг уялдуулж, торгон замын дагуух бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлснээр Хятад, Монгол хоёр улсын хөгжил улам сайхан маргаашийг угтаж авах болно гэдэгт би итгэж байна.
4. Сэтгүүлч: Таван толгой нүүрсний ордын төслийн явцын байдал хэр байна вэ?
Шин Хаймин: Хятад Монголын эдийн засаг ихээр нөхдөг. Хоёр тал ашигт малтмал, дэд бүтэц, санхүүгийн хамтын ажиллагааг уялдуулж цогцоор хөгжүүлэхээр тохиролцоонд хүрсэн юм. Миний бодлоор энэхүү зарчим нь Хятад, Монголын хамтын ажиллагааны бодит байдалд нийцэж байна. Уянгат мод нь байвал уран жигүүртэй ангир шувуу нь өөрөө ирж буудаг хэмээх Хятадын зүйр үг бий. Жинэхэн сайн төсөл бол Хятад, Монголын хамтын ажиллагааны хүчтэй дэмжлэг юм. Сайн төсөл байвал найдвартай хөрөнгө оруулалт байхгүйгээс санаа зовох хэрэггүй, төслөө эхлүүлснээр Монгол Улсын дэд бүтэц, ажил эрхлэлт, ашигт малтмалын бүтээгдэхүүнийг боловсруулах зэрэг асуудлыг яваандаа шийдвэрлэх болно. Хятад, Монгол хоёр тал Таван толгой төслийн асуудлаар олон жил хэлэлцсэн байна. БНХАУ-ын дарга Си Жиньпин өнгөрсөн онд Монгол Улсад айлчлах үеэр БНХАУ Монгол Улсад тусгай дэмжлэг үзүүлж транзит тээвэрлэлт, далайн боомт зэрэг Монголын талын анхаарч байдаг асуудлуудыг шийдвэрлэснээр энэ төслийг урагшлуулахад маш сайн үндэс суурийг тавьж өгсөн юм. Миний бодлоор Таван толгой төсөл хоёр улсын хамтын ажиллагааны үлгэр жишээ болох бүрэн боломжтой, бас үлгэр жишээ болох ёстой. Одоогоор хоёр тал тус төслийг ахиулахаар нягт хамтран ажиллаж байна.
Энэ завшааныг ашиглан би санхүүгийн хамтын ажиллагаа, ялангуяа Хятад банк\bank of China\ Монголд салбар нээх талаар ярих гэсэн юм. Одоо Монгол Улсын эдийн засаг, нийгэм тасралтгүй хөгжих, Хятад, Монгол хоёр тал Торгон зам болон Талын замын санаачлагыг уялдуулан хөгжүүлэхэд Таван толгой шиг сайн төсөл хэрэгтэй байна. Харин сайн төсөлд бас хөрөнгө оруулалт хэрэгтэй. Хятадад ийм нэг мэргэн үг бий: "гэртээ будаатай бол санаа зовох хэрэггүй". Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалд Хятад банк шиг найдвартай, нэр хүнд бүхий томоохон санхүүгийн байгуулга орж ирэх нь Монгол Улсын бүтээн байгуулалт, дунд жижиг үйлдвэрийн хөгжил болон Хятад, Монголын томоохон төслийн хамтын ажиллагаанд найдвартай санхүүжилт авчрах бөгөөд Монголын эрх ашигт бүрэн нийцэж байна. Хоёр талын хамтын чармайлтын дор Хятад банк Монгол Улсад салбар нээх асуудлаар ойрын хугацаанд эерэг ахиц гарна гэж найдаж байна.
5. Сэтгүүлч: Саяхан Хятад, Монголын анхдугаар ЭКСПО амжилттай болж өнгөрсөн. Таны бодлоор энэ удаагийн ЭКСПО-гийн онцлог нь юу юм бол? Ямар үр дүнтэй вэ?
Шин Хаймин: Өнгөрсөн онд Си Жиньпин дарга Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар Хятад Монголын ЭКСПО зохион байгуулахаар тохиролцсон. Сая Хятад Монголын анхдугаар ЭКСПО нь Хятадын ӨМӨЗО-ны Хөх хотод амжилттай болж өнгөрлөө. Си Жиньпин даргын тэмдэглэснээр Хятад Монголын ЭКСПО нь дэлхий нийтэд хандаж буй олон улсын үзэсгэлэн бөгөөд цаашид Хятад Монгол төдийгүй зүүн хойд Азийн худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа ба хүмүүнлэгийн солилцоог өргөжүүлэх чухал тавцан болох болно. Энэхүү ЭКСПО Хятад Монголын харилцааг улам өндөр түвшинд гаргахад түлхэц үзүүлэх болно.
Энэ удаагийн ЭКСПО нь түүхэн дэх Хятад Монголын зохион байгуулсан хамгийн том, хамгийн өндөр түвшиний, хамгийн үр дүнтэй хамтын ажиллагааны арга хэмжээ юм. Хоёр улс энэ удаагийн Экспод өндөр ач холбогдол өгч, нягт холбоотой хамтран ажиллаж бэлтгэл ажил сайн хангасан. Си Жиньпин дарга болон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус ЭКСПО-д зориулан баярын захидал ирүүлсэн. Хятад Улсын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Лю Яаньдун, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, дэлхийн 12 улсаас ирсэн 8000 гаруй төлөөлөгч оролцсон. ЭКСПО-гийн үеэр холбогдох талууд 166 хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан бөгөөд 14.859 тэрбум юанийн хөрөнгө оруулалтын тохиролцоо хийсэн. Үүнээс гадна янз бүрийн соёл урлагийн арга хэмжээ явуулсан нь хоёр улсын ард түмний уламжлалт найрамдлыг бэхжүүлсэн. Сайхан, амжилттай боллоо гэж дүгнэж болно. Цаашид Хятад Монголын ЭКСПО-г хоёр жил тутамд Хөх хотод зохион байгуулна гэдэгт хоёр тал санал нэгтэй байгаа. Бидний хамтын хүчин чармайлтаар Хятад Монголын ЭКСПО нь Хятад Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа явуулах ба хамтдаа хожиход чухал тавцан болж Хятад Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг урагшлуулахад идэвхтэй хувь нэмэр оруулах болно гэдэгт итгэж байна.
6. Сэтгүүлч: Та БНХАУ-ын болон Могол Улс хооронд олон улс, бүс нутаг дахь хамтын ажиллагаанд ямар бодолтой байна вэ? БНХАУ, Монгол Улс болон ОХУ гурван талын хамтын ажиллагааны хэтийн төлөвт ямар бодолтой байна вэ?
Шин Хаймин: Хятад Монгол бол хөгжиж буй улс бөгөөд олон улс ба бүс нутгийн олон асуудлаар адил буюу ижил байр суурьтай байна. Монголын талыг олон улс ба бүс нутгийн үйл хэрэгт идэвхтэй оролцохыг Хятадын тал дэмжиж ирсээр юм. Монгол Улсыг олон улс болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд идэвхтэй хувь нэмэр оруулахыг бас дэмжиж байна. Монгол Улсыг АПЕК-д элсэхийг Хятад Улс тууштай дэмжиж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс дэвшүүлсэн Зүүн хойд Азийн аюулгүй байдлын талаарх Улаанбаатарын яриа хэлэлцээр санаачилгыг дэмжинэ. Монгол Улсыг зохистой хэлбэрээр Хятад Япон Солонгосын хамтын ажиллагаанд оролцохыг дэмжинэ. Монгол Улсын Азийн дээд хэмжээний уулзалтад оролцоход нээлттэй хандаж байна.
Энэхүү завшааныг ашиглан би Хятад Монгол Орос гурван улсын хамтын ажиллагааны тухай онцлон ярья. Хятад Монгол Орос бол бүс нутгийнхаа чухал улс орон мөн бөгөөд гурван улсын харилцааг хөгжүүлэх нь бүс нутгийнхаа, тэр тусмаа дэлхий нийтийн энх тайван болон хөгжил цэцэглэлтэд өндөр ач холбогдолтой байдаг юм. Сүүлийн жилүүдэд гурван улсын дээд хэмжээний уулзалтын механизм нэгэнт бий болсон. Энэ оны 7 дугаар сард Орос Улсын Уфа хотод болсон Хятад Монгол Орос гурван улсын 2 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр гурван улсын төрийн тэргүүнүүд 3 улсын харилцаа ба хамтын ажиллагааны талаар олон чухал тохиролцоонд хүрсэн бөгөөд Хятадын "Нэг бүс, нэг зам", Монголын "Талын зам", Оросын "Евразийн эдийн засгийн холбооны бүтээн байгуулалт" санаачлагуудыг уялдуулан хөгжүүлэхээр тохиролцов. Гурван тал Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор байгуулах тухай хөтөлбөрийг боловсруулахаар тохиролцсон бөгөөд Хятад, Монгол, Орос гурван улсын хамтын ажиллагааны замын зураг зэрэг чухал баримт бичигт гарын үсэг зурсан нь гурван улсын хамтын ажиллагаанд чиглэл өгсөн байна. Гурван улсын төрийн тэргүүн нарын тохиролцооны дагуу гурван тал гадаад хэргийн дэд сайд нарын зөвлөлдөх уулзалтын механизмыг бий болгож гурван улсын бүхий л салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг урагшлуулах болно.
Хятад, Монгол, Орос гурван улсын эдийн засгийн коридор бол "Нэг бүс, нэг зам" санаачлагын чухал хэсэг ба чиглэл мөн. Энэхүү коридор байгуулах нь Европ-Ази тивийн хөгжилд түлхэц үзүүлэх болно. Одоо гурван тал эдийн засгийн коридор байгуулахаар нягт холбоотой хамтран ажиллаж, бодит хамтын ажиллагааны төслүүдийг нухацтай судалж байна. Гурван талын хамтын хүч чармайлтаар Хятад Монгол Оросын эдийн засгийн коридор ойрын хугацаанд байгуулагдаж гурван улс болон гурван улсын ард түмэнд ашиг сонирхлыг хүртээх болно гэдэгт итгэж байна.
7. Сэтгүүлч: Сая Си Жинпин дарга Нью-йорк хотод очиж НҮБ байгуулагдсаны 70 ойн арга хэмжээнд оролцохдоо үг хэлсэн. Энэ тухай танилцуулна уу.
Шин Хаймин: 2015 оны 9-р сарын 26-29-нд, Си Жинпин дарга Нью-Йорк хотод очиж НҮБ байгуулагдсаны 70 ойн хүрээнд болсон НҮБ-ын хөгжлийн дээд хэмжээний уулзалт, Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагааны дугуй ширээний уулзалт, дэлхийн эмэгтэйчүүдийн дээд хэмжээний уулзалт, уур амьсгалын өөрчлөлтийн сэдэвт удирдагч нарын үдийн зоог, НҮБ-ын ерөнхий ассамблейн 70 дахь чуулганы ерөнхий шүүмжлэл, энхийг сахиулах дээд хэмжээний уулзалт зэрэг арга хэмжээнд оролцож чухал үг хэлж, Хятадын гадаад бодлогыг бүрэн бүтнээр танилцуулсан байна.
Си Жинпин дарга "Энх тайван ба хөгжил бол өнөөгийн цаг үеийн гол сэдэв байдаг. Дэлхийн бүх улс орнууд харилцан хамаарч, нэг хувь заяатай байдаг. Бид тэгш эрхтэй байж, харилцан зөвшилцөн ойлголцох түншийн харилцаа байгуулах, шударга ёстой байж хамтдаа байгуулан эдлэх аюулгүй байдлын тогтолцоо бий болгох, нээлттэй шинэчлэлтэй байж, харилцан тэвчээртэй, хүртээмжтэй байх хөгжлийн боломж бүрдүүлэх, ялгавартай ч эв эетэй байж, харилцан сурах иргэншлийн солилцоо явуулах, байгалийг дээдлэн үзэж, ногоон хөгжлийн биологийн систем байгуулах, хамтран ажиллаж хамтдаа хожих гэсэн гол агуулгатай олон улсын шинэ хэлбэрийн харилцаа байгуулах, хүн төрөлхтний хамтын хувь заяа бий болгох ёстой" гэж тэмдэглэсэн байна.
Си Жинпин дарга нь "Хятад Улс цаг ямагт дэлхийн энх тайваны бүтээн байгуулагч, дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулагч, олон улсын дэг журмын хамгаалагч байх болно. Хятадын ард түмэн Хятадын тэмүүллийн төлөө зүтгэхээр бусад улс орнуудад улам олон хөгжлийн боломжийг бүрдүүлж, дэлхийн энх тайван ба хөгжлийг улам ахиулах болно" гэж хэлсэн.
Дэлхийн хамгийн том хөгжиж буй улсын хувьд Хятад Улс цаашид бүх хөгжиж буй улсуудтай хамт байж, дэлхийг удирдахад хөгжиж буй улсын төлөөлөл болон үг хэлэх эрхийг нэмэгдүүлэхээр ажиллах болно. Си Жинпин дарга хөгжиж буй улсуудыг дэмжих багцын арга хэмжээнүүдийг зарласан байна. Үүнд: 10 жилийн хугацаатай, 1 тэрбум ам.долларын хэмжээний Хятад-НҮБ энх тайван ба хөгжлийн сан, анхны ээлжинд 2 тэрбум ам.долларын хэмжээний Өмнөд, Өмнөдийн хамтын ажиллагаа, тусламжийн сан тус тус байгуулах, хамгийн ядуу улсуудад хийх хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх, 8000 хүний бүрэлдүүнтэй энхийг сахиулах бэлтгэл анги байгуулах, дараагийн 5 жилийн туршид Африкийн Холбоонд нийт 100 сая ам.долларын хэмжээний буцалтгүй цэргийн тусламж үзүүлэх болно.
Хятад, Монгол бол хөгжиж буй улс бөгөөд уул усаар холболдож байдаг хөрш орон. Хоёр улс нь олон асуудал дээр ойрхон эсвэл ижилхэн байр суурьтай байна. Хятадын тал Монголын талтай хамт харилцан ашигтай байх, хамтдаа хожих гэсэн олон улсын шинэ харилцаа бүрдүүлж, дэлхийн энх тайван ба хөгжилд улам олон шинэ хувь нэмэр оруулахад бэлэн байна.
8. Сэтгүүлч: Сая ХКН-ын 18 дугаар Төв Хорооны 5-р бүгд хуралдаан болсон. Холбогдох байдлыг танилцуулна уу.
Шин Хаймин: 2015 оны 10-р сарын 26-29-нд, ХКН-ын 18-р Төв Хорооны 5-р бүгд хуралдаан Бээжин хотноо болсон. Тус хуралдаанаар "Үндэсний эдийн засаг, нийгмийн хөгжлийн 13 дахь 5 жилийн төлөвлөгөө боловсруулах тухай ХКН-ын ТХ-ны санал"-ыг хэлэлцэж баталсан.
ХКН-ын ТХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Си Жинпин ХКН-ын 18-р их хурал дээр ХКН байгуулагдсаны 100 жилийн ой гэхэд\2020 он\ чинээлэг нийгмийг бүрэн бүтнээр байгуулах, БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ой гэхэд социалист орчин үеийн улс байгуулах гэж хоёр зорилт тавьсан юм. Үүний дотор 2020 он гэхэд чинээлэг нийгмийг бүрэн бүтнээр байгуулах нь дээр дурдсан нэгдүгээр зорилт мөн. Иймд 13 дахь 5 жилийн төлөвлөгөөний үе бол чинээлэг нийгмийг бүрэн бүтнээр байгуулахад зангилаа шат үе байдаг. Хятад Улс чинээлэг нийгмийг бүрэн бүтнээр байгуулах, шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлэх, төр засгийг удирдахад бүх талаар хуулийг дээдлэн хэрэгжүүлэх, намыг бүх талаар сахилгаар тууштай удирдах гэж стратегийн зорилтын дагуу эдийн засаг, улс төр, соёл, нийгэм, экологийн соёл иргэншил, нам зэргийн бүтээн байгуулалтыг өрнүүлж, товлосон хугацаанд чинээлэг нийгмийг байгуулж, БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ой гэхэд социалист орчин үеийн улсыг амжилттай байгуулах, Хятад үндэстний сэргээн мандалт гэж Хятадын тэмүүллийг биелүүлэхэд улам бат үндэс тавих болно.
Энэхүү хуралдаанаас эдийн засгийн дунд, өндөр хэмжээний өсөлтийг хангаж, 2020 он гэхэд ДНБ болон хот, суурингийн иргэдийн хүн тутмын дундаж орлогыг 2010 оны байдлаас 2 дахин нэмэгдүүлэх зэрэг чухал хөгжлийн зорилт тавьж, дараагийн цаг үед Хятад үндэсний хөгжилд чиглэл тодруулсан байна.
Хятад, Монгол бол найрсаг хөрш орон. Хятад Улсын хөгжил нь Монгол Улсын хөгжилд боломж бүрдүүлэх болно. Бид Хятад, Монгол хоорондын харилцаа, хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлж, элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй гэх үзэл санааг хэрэгжүүлж, өөрийн хөгжлийн үр өгөөжийг Монгол Улстай хуваалцаж, хоёр улсын харилцан ашигтай байх, хамтдаа хөгжин хожихыг биелүүлэхэд бэлэн байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |