• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Элчин сайд Шин Хайминий МУИС-д уншсан лекц бүрэн эхээрээ

CRI       (GMT+08:00) 2016-03-02 08:52:49

ГАР ГАРААСАА БАРИЛЦАН ХӨГЖИЖ, ХЯТАД, МОНГОЛ ХОЁР УЛСЫН ХАРИЛЦААНЫ САЙХАН ИРЭЭДҮЙГ ХАМТДАА ЦОГЦЛООХ НЬ

МУИС-ийн захирал, эрхэм хүндэт Р.Бат-Эрдэнэ
Эрхэм хүндэт Г.Баярмагнай захирал
Эрхэм хүндэт Д.Болдгив захирал
Эрхэм хүндэт Г.Нарантуяа захирал
Эрхэм хүндэт О. Мөнхбат захирал
Эрхэм хүндэт Г.Болд-Эрдэнэ эрдэмтэн нарийн бичгийн дарга
Эрхэм хүндэт багш, оюутнууд аа

Та бүхний амар амгаланг айлтгая.

МУИС-ийн урилгаар ирж лекц унших завшаан олдсонд туйлын их баяртай байна. Юуны өмнө миний бие БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны нэрийн өмнөөс эрхэм хүндэт багш, оюутнууд та бүхэнд сар шинийн мэнд дэвшүүлж, шинэ онд сурлагын өндөр амжилт, эрүүл энхийг хүсч, санасан хэрэг сэтгэлчлэн бүтэхийн ерөөл өргөе.

МУИС бол Монгол Улсын хамгийн эртний түүхтэй их сургууль, эрдэм судлалын хамгийн өндөр түвшин бүхий нэр хүндтэй эрдмийн өргөө юм. Олон жилийн турш Монгол Улсын бүтээн байгуулалтын үйл хэрэгт чухал хувь нэмэр оруулж буй олон салбарын өдий төдий шилдэг мэрэгжилтнүүд тус их сургуулиас гараагаа эхэлсэн байдаг. Монгол улсын хувьд, МУИС бол эрдэм мэдлэгийн үрийг таригч, шилдэг тэргүүний мэргэжилтнийг өсгөн бойжуулагч, тэргүүний дэвшилтэт сэтгэлгээт хошуулагч гэдгийг хэлэх нь зүйтэй. Өнөөдөр оюутнуудтай нүүр учран, Монгол Улсын ирээдүйн удирдагчидтай санал бодлоо солилцох завшаан олдсонд туйлын баяртай байна.

Эрхэм хүндэт багш, оюутнуудаа миний бие энэ завшааныг ашиглан, өнөөгийн Хятад орны хөгжлийн байдлаас та бүхэнд танилцуулахыг хүсэж байна.

ХКН-ын XVIII их хурлаас "Хоёр 100 жил"-ийн хөгжлийн зорилтыг дэвшүүлсэн бөгөөд энэ нь ХКН байгуулагдсаны 100 жилийн ой болох үед дундаж чинээлэг нийгмийг бүтээн байгуулах, БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ой тохиох үед орчин үеийн социалист улсыг цогцлоон байгуулах явдал юм. БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ зорилтыг Хятадын олон үндэстний аугаа их сэргэн мандлыг хэрэгжүүлэх "Хятадын мөрөөдөл" хэмээн хураангуйлан томьёолсон билээ.

Эдүгээ Хятад улсын гадаад, дотоод бүх бодлого энэхүү стратегийн чухал том зорилтыг нягт тойрон хүрээлж, тогтвортой хэрэгжиж байна. Бид улс орны гадаад дотоод байдлын хөгжлийн хувьсал өөрчлөлтийг нийтэд нь төлөвлөж, дундаж чинээлэг нийгмийг иж бүрэн байгуулах, өөрчлөлт шинэчлэлийг иж бүрэн гүнзгийрүүлэх, улсыг хуулиар иж бүрэн засах, намыг иж бүрэн чанд хатуу засах "дөрвөн төгөлдөржилт"-ийн стратегийн зорилт дэвшүүлж, төр улсыг засах шинэ шинэ үзэл баримтлал, шинэ сэтгэлгээ, шинэ стратеги бүрэлдэн тогтож, олон талын ажил үйлс чухал амжилтад хүрсээр байна. 2020 он буюу тухайлбал, ХКН байгуулагдсаны 100 жилийн ой тохиох үед бид "Хоёр 100 жил"-ийн тэмцлийн зорилтын эхний 100 жилийн зорилгод хүрсэн байх болно.

Бид хөгжлийн стратегийн энэхүү чухал боломж цаг хугацааг угтан харж, өнгөрсөн жил хуралдсан ХКН-ын XVIII удаагийн ТХ-ны V бүгд хурлаар улс ардын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх XIII таван жилийн төлөвлөгөө боловсруулах тухай саналыг баталсан юм.
"XIII таван жилийн төлөвлөгөө"-нд инновацийн хөгжил, зохицуулалттай хөгжил, ногоон хөгжил, нээлттэй хөгжил, хамтдаа хүртэх хөгжил гэсэн 5 том, шинэ үзэл баримтлал дэвшүүлж, Хятад улсын хөгжлийн чиг хандлагыг улам бүр тодотгож, эхний 100 жилийн зорилгыг амжилттай хэрэгжүүлэх тууштай баталгааг буй болгосон юм.

Өнгөрсөн жил, бид Хятад улсын эдийн засгийн хөгжлийн шинэ хэв байдлыг идэвхтэй танин мэдэж, дасан зохицож, удирдан залж, үйлдвэрлэлийн бүтцийн зохицуулалтыг түргэтгэн, олон түмний бүтээн байгуулалт, инновацийг урагшлуулан, "интернет +" үйл ажиллагааг урагшлуулан, эдийн засгийн тогтуун хурдацтай өсөлтийг баталгаажууллаа. 2015 онд, Хятад улсын эдийн засгийн 6,9 хувийн өсөлтийн хурд хэвээр үргэлжилж, дэлхийд тэргүүлсээр, даян дэлхийн эдийн засгийн өсөлтийн гуравны нэгийг бүтээж, Хятад улсын дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хөтлөгчийн байр суурь урьдын адил өөрчлөгдөшгүй хэвээр байна.

Эрхэм хүндэт багш, оюутнууд аа

2015 он Хятад улсын гадаад харилцаа бүх талаар урагшлан хөгжсөн жил байлаа. Хятад улс даян дэлхийн улс төр, эдийн засаг, аюулгүй байдал зэрэг олон талаар өргөн, гүн гүнзгий үр нөлөө бүхий дэс дараалсан Хятадын санал санаачилга, төсөл хувилбар дэвшүүлж ирлээ. Бид хамтран ажиллаж, хамтдаа ашиг олох явдлыг гол болгосон шинэ маягийн олон улсын харилцаа тогтоох явдлыг Хятад улсын гадаад бодлогын чухал зорилт болгон, Ши Жиньпин дарга олон улсын томоохон асуудлаарх Хятад улсын байр суурийг тайлбарлан, "Хүн төрөлхтөний нийтлэг хувь заяаны цогц нэгдэл"-ийг цогцлоох чухал томоохон үзэл баримтлал дэвшүүлж, -эрх тэгш харилцан оршиж, харилцан зөвшилцөж, харилцан ойлголцсон түншлэлийн харилцааг цогцлоох;

-шударга, тэгш ёс, хамтдаа бүтээж, хамтдаа хүртэх аюулгүй байдлыг тогтоох; -нээлттэй, инновацийн, уужуу хүртээмжтэй, харилцан ашигтай хөгжлийн хэтийн төлөвийг эрэлхийлэх; -санаа нийлэх агаад сохроор үл дагалдах, өөр өөр зүйлийг өөртөө шингээн авах соёл иргэншлийн харилцаанд тус дөхөм үзүүлэх;

-байгаль, ногоон хөгжлийг эрхэмлэх экологийн тогтолцоог буй болгох санаачилга дэвшүүлж, хүн төрөлхтний нийтлэг хувь заяаны цогц нэгдлийн "таван зүйлийн нэгдэл"-ийн ерөнхий арга зам, ерөнхий байдал бүрэлдэн тогтоод байна.

Хятад улс Японы түрэмгийллийг эсэргүүцсэн Хятадын ард түмний дайн, фашизмын эсрэг дэлхийн 2 дугаар дайны ялалтын түүхт 70 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж, даян дэлхийд энх тайван, шударга ёсны дуу хоолойг түгээлээ.
Хятад улс НҮБ-ээр гол болгосон дайны дараах олон улсын системийг тууштай хамгаалж, НҮБ-ын дүрмийн эрхэм зорилгоор үндэс суурь болгосон олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг тууштай сахин хамгаалж, хүн төрөлхтний нийгмийн энх тайван, шударга ёсыг баримтлах хэрэгт эерэг эрч хүчийг сэлбэж байна.

Хятад улс Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк болон БРИКС-ийн шинэ хөгжлийн банк байгуулах санаачилга дэвшүүлж, хөгжиж буй орнууд олон талт санхүүгийн байгууллага байгуулах эхний шанг татаж, даян дэлхийн эдийн засаг, санхүүг удирдан засах, өөрчлөн шинэчлэх хэрэгт шинэ эрчим нэмж байна. Манай улс үндэсний мөнгөн тэмдэгт юанийг олон улсын нөөцийн валютын сагсанд багтаах ажлыг амжилттай хэрэгжүүлж, хөгжиж буй орны мөнгөн тэмдэгтийн олон улсын байр суурийг дээшлүүлэн, тэгснээр өнөөгийн олон улсын валют, санхүүгийн систем улам боловсронгуй болж, тэнцвэржиж байна.

Хятад улс их гүрний өндөр үүрэг хариуцлагыг бүрнээ илтгэн харуулж, цаг уурын өөрчлөлтийн эсрэг даян дэлхийн хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж, 2020 оноос хойшхи цаг уурын өөрчлөлтийн тухай иж бүрэн, тэнцвэртэй, эрч хүчтэй, тогтоон барих чадалтай хэлэлцээр байгуулах хэрэгт чухал идэвхтэй хувь нэмэр оруулж байна.

Эрхэм хүндэт багш, оюутнууд аа

Хятад, Монгол хоёр улс 4710 км газар нутгаар хиллэдэг. Монгол Улс бол Хятад улсын хуурай газраар хиллэдэг хөрш орнуудын доторх хамгийн урт хилийн шугам бүхий орон юм. Хятад, Монгол хоёр орны ард түмний найрамдал өнө эртний уламжлалтай. Хөрш орнууд болохын хувьд, бид чухам нийтлэг хувь заяаны цогц нэгдэл мөн билээ.

2014 онд Хятад улсын дарга Ши Жиньпин Монгол Улсад айлчлах үеэрээ, Хятад, Монгол хоёр улс хэзээ ямагт харилцан тусалдаг сайн хөрш байх, харилцан ашигтай, хамтдаа ашиг хүртсэн сайн түнш байх, үргэлж харилцан зочилдог сайн найз байх ёстой гэж тэмдэглэсэн билээ.

Миний бие өмнө нь Хятад улсын ГЯЯ-нд удаан хугацаанд Монголын чиглэлийн ажлыг хариуцаж байсан юм. Хятад улсын дарга Ши Жиньпиний Монгол Улсад хийх айлчлалын өмнө ихээхэн хэмжээний бэлтгэл ажил өрнүүлж байлаа. Эдүгээ БНХАУ-аас Монгол Улсад суух элчин сайдаар томилогдоод хагас жил гаруй болж байна. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн Хятад, Монголын харилцааны хэтийн төлөвийг улам гүн гүнзгий мэдэрч байна.

Нэгдүгээрт, Хятад, Монгол хоёр улс хэзээ ямагт харилцан туслах нь чин үнэн сэтгэл мөн. Ши Жиньпин дарга томилогдсоноосоо хойш, Ц.Элбэгдорж ерөнхийлөгчтэй 9 удаа уулзсан бөгөөд хоёр орны удирдагчид ойр нягт харилцаатай байна. Энэ бол Хятад улсын гадаад харилцааны түүхэнд ховорхон хэрэг юм. Хоёр тал талуудын эрх ашиг, харилцан сонирхож буй чухал асуудлаар тууштай харилцан дэмжлэг үзүүлж байна.

Ши Жиньпин дарга Хятад улс нь Монгол улсын бүрэн эрх, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, Монголын ард түмний бие даан сонгосон хөгжлийн замыг хүндэтгэнэ гэдгээ удаа дараа онцлон тэмдэглэж байна.

Монгол Улс АПЕК болон ШХАБ-д элсэхийг манай улс дэмжиж, Хятад, Япон, Солонгос улсын хамтын ажиллагаа зэрэг олон улсын олон талт механизмд Монгол Улс тохиромжтой хэлбэрээр оролцохыг дэмжиж, Монгол улс Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад нэгдэхэд нээлттэй хандаж байна. Монгол Улс Ази, Европын дээд түвшний уулзалтыг (АСЕМ) зохион байгуулахыг идэвхтэй дэмжиж, хурал зохион байгуулах туршлага, хөрөнгө, тоног төхөөрөмж зэргээр боломжийн хэмжээнд тусалж дэмжиж байна.

Монгол Улс урт удаан хугацаанд Хятад улстай харилцах харилцаагаа гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болгон, нэг Хятад улсын зарчмыг баримтлахаа удаа дараа нотлон, Хятад улсын Тайвань, Түвд, Шиньжянтай холбоотой асуудлаарх байр суурийг дэмжиж байна.
Хоёрдугаарт, Хятад, Монгол хоёр улсын харилцан ашигтай хамт ашиг олох нь үнэн бодит хэрэг мөн. Өнөөгийн дэлхийн эдийн засгийн байдал сайнгүй байна. Монгол Улсын эдийн засаг тодорхой бэрхшээлтэй тулгараад байна. Гэвч Хятад улс олон жилийн турш Монгол улсын хамгийн том худалдааны түнш, хамгийн том хөрөнгө оруулагч орон хэвээр байж, Хятад улстай хийх худалдаа Монгол Улсын нийт гадаад худалдааны тэн хагасыг эзэлсэн хэвээр байна. Дэлхий дээр өдий төдий улсын Хятад улстай хийдэг гадаад худалдааны тэнцэл алдагдалтай байдаг бол Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл олон жилийн турш ашигтай байна.

Хоёр улсын төрийн тэргүүн нар торгоны замын эдийн засгийн бүсийн санаачилга, талын зам санаачилга хоорондын стратегийн хэлхээ холбоог буй болгохоор тогтсон нь хоёр орны нийтлэг хөгжилд илүү өргөн уудам боломж бүрдүүлж байна.

Ши Жиньпин дарга Монгол улсад айлчлах үеэр, Монгол улс транзит тээвэр, далайд гарах гарц зэрэг салбарт ихээхэн анхаарал тавьж байгааг шийдвэрлэсэн билээ. Өнгөрсөн жил ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д айлчлах үеэр, манай тал Монголын талын санал хүсэлтийн дагуу, Монгол улс БНХАУ-д үхэр, хонины мах экспортлох асуудлыг шийдвэрлээд байна. Хэдхэн хоногийн өмнө, Монгол улсын экспорлосон үхэр хонины махны эхний хэсгийг Хятад улсын зах зээлд гаргаж, Хятадын ард иргэдийн зоогийн ширээн дээр тавиад байна.

Хоёр тал эдүгээ Хятад, Монголын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах, Хятад, Монголын чөлөөт худалдааны гэрээ байгуулах хэлэлцээ зэргийг идэвхтэй урагшлуулж, эрчим хүчний экспорт, импортын ерөнхий хэлэлцээр байгуулахаар судалж байна. Амгалангийн дулааны цахилгаан станц, Багануурын цахилгаан станц ээлж дараалан ашиглалтад орсон буюу бүтээн байгуулалтын ажил эхлээд байна. Монгол Улсын Оюутолгойн зэсийн ордын бүтээн байгуулалтын үйл ажиллагааг Хятадын тал идэвхтэй дэмжиж, эрчим хүчний хангамж, төсөл хөтөлбөрийн бүтээн байгуулалт зэрэг салбарт ихээхэн дэмжлэг үзүүлж, хоёр тал Тавантолгойн нүүрсний ордыг нээж олборлох хамтын ажиллагааны талаар нягт хэлхээ холбоотой ажиллаж байна.

Гуравдугаарт, хоёр орны байнгын харилцаа холбоо улам бүр ойр дотно болж байна. Ши Жиньпин дарга Монгол улсад айлчлах үеэрээ, Монгол улстай хүмүүнлэгийн салбарт харилцах иж бүрэн төлөвлөгөө дэвшүүлсэн билээ. Хоёр тал эдүгээ хүмүүнлэгийн солилцооны хамтарсан хороо байгуулах асуудлыг хэлэлцэж байна. Хоёр улсын хэвлэл мэдээллийн байгууллага, залуус хоорондын солилцооны механизм өргөн хүрээтэй ажиллаж байна. Өнгөрсөн жил Хятад, Монголын хооронд харилцан зорчсон хүний тоо давхардсан тоогоор 1,3 саяд хүрч, түүний дотор 1,0 сая нь Монгол улсын иргэд байгаа нь Монголын нийт хүн амын гуравны нэгийг эзэлж байна.

Би Бээжинд байхдаа, нийтийн тээвэр, дэлгүүр хоршоонд Монголын найз нартай байнга тааралддаг байсан. Тэдний "сайн уу" хэмээн хэлцэхийг сонсоход их л ойр дотно санагдаж, бас баяр хөөр төрдөг юм. Маш олон Монгол иргэд Хятадад суралцаж, эмчлүүлж, эд бараа худалдан авч, аялж жуулчилж байна.

Эдүгээ Монгол Улсаас БНХАУ-д суралцаж байгаа хүний нийт тоо 10000 гаруй, түүнээс Хятад улсын Засгийн газрын тэтгэлэг авсан оюутан 7000 орчим байна.

Эдүгээ бид Монголын талтай нягт хамтран ажиллаж, Ши Жиньпин дарга Монгол Улсад айлчлах үеэрээ дэвшүүлсэн Монгол улсад дэлгэцийн шилдэг 25 бүтээлийн орчуулгыг үнэ төлбөргүй нийлүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж, Хятадын орчин үеийн их хотын амьдралыг харуулсан 2-3 теле жүжгийг энэ онд Монголын телевизийн цэнхэр дэлгэцээр толилуулахаар тооцоолж байна.

Та бүхнийг тухайн үед хүлээн авч үзэхийг хүсье. Өнөө цагийн эгэл жирийн хятад хүний амьдралын баяр, хөөр, гуниг, зовлон хийгээд жижиг сажиг зүйлийг эндээс улам бүр ойлгож мэднэ гэдэгт итгэлтэй байна.

Эрхэм хүндэт багш, оюутнууд аа

Хөгжсөн дээрээ улам хөгжиж, дэвжсэн дээрээ улам дээшлэх ёстой. Хятад, Монгол хоёр улсын харилцааны улс төрийн харилцан итгэлцэл, эдийн засгийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн харилцаа, солилцоо гэсэн гурвалсан тэрэг зуузай холбон урагшилж, баярлууштай амжилтад хүрч байна. Тэгэвч бид улам бүр санаа тавин, хайрлан хамгаалж, хүч тавин хөгжүүлж бэхжүүлэх ёстой.

Хятад улсын Элчин сайдын хувьд, миний бие Хятад, Монгол хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар зарим бодол, саналаа өнөөдөр та бүхэнтэй хуваалцаж, хамтдаа хүчин зүтгэхийг хүсэж байна.

Юуны өмнө Хятад, Монгол хоёр улсын хөгжлийн стратегийг уялдуулах ажлыг цаашид хэрхэн сайтар хийх вэ? Хятад улс "XIII таван жилийн төлөвлөгөө"-г дэвшүүлж, эдүгээ "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтыг идэвхтэй урагшлуулж байна. Энэ бол Хятад улсын хөгжлийн стратеги, нөгөөтэйгүүр Хятад, Монгол хоёр улсын хамтын ажиллагааны, ялангуяа Монгол улсын хөгжлийн боломж мөн. Хоёр тал хэлхээ холбоогоо бэхжүүлж, одоо хийж буй ажил, хийх ёстой ажлаа цаг ямагт "тулган нягталж" байх ёстой юм. Монгол Улс дэлхийн хоёр дахь том эдийн засгийн цогцын дэргэд оршдог. Хятад улсын зах зээл, хөрөнгө, техник, нэвтрэх зам зэргийг ашиглах тухайд бусадтай харьцуулшгүй онцгой давуу тал бий. Хятад улсын хөгжлийн төлөвлөгөөг сайтар мэдэж, тус улсын хөгжлийн төлөвлөгөөтэй харилцан уялдуулах нь Хятад улсын хөгжлийн хурдан галт тэргэнд Монгол улс улам амар хялбар суухад тус дөхөм болох юм.

Тухайлбал, Монгол Улс одоо тус улсын эрчим хүч, төмөр зам, авто зам зэрэг маш олон салбарын хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж, баталж гаргаж байна. Тэдгээр төлөвлөлтийг Хятад улсын холбогдох салбарын хөгжлийн чиглэлтэй урьдчилан харснаар уялдуулан холбож, чиглэсэн зорилготой хэрэгжүүлэх ажлыг сайтар хийж чадваас, бага хүчээр их амжилт, үр дүнд хүрэх нь эргэлзээгүй юм.

Хоёрдугаарт, Хятад, Монгол хоёр улсын харилцан ашигтай, хамтдаа ашиг олох явдлыг хэрхэн илүү сайтар, илүү хурдан хэрэгжүүлэх вэ? Харилцан ашигтай байж, хамтдаа ашиг олох нь харилцан итгэлцэх, харилцан нөхөх явдалд тулгуурлана.

Хятадын тал Монгол Улстай хамтын ажиллагаа хөгжүүлэхдээ, өөрөө ихийг авч, өрөөлд багыг өгөх ёсгүй. Өөрөө ашиг олж, өрөөлийг хохироох ёсгүй бөгөөд зайлшгүй харилцан ашигтай байж, хамтдаа ашиг олох ёстой. Зарим тодорхой хөтөлбөрийн тухайд Монголын талын эрх ашгийг илүүтэй харгалзан үзэх болно гэдгийг Ши Жиньпин дарга олонтаа онцлон тэмдэглэсэн билээ.

Монгол Улсын хөгжилд тусалж, дэмжихийн тулд Хятадын талын авч буй арга хэмжээ бол хэн бүхний нүдэнд ил тод байдаг. Олон бодлогыг биеэрээ жишиж, боловсруулж тодорхойлсон байдаг.

Хятад улс үргэлж Монгол улсын санаа эс зовох, итгэлтэй, найдвартай түнш байх болно.

Хятад улсын өөрчлөлт шинэчлэл, нээлттэй бодлогын эхэн үед, хөдөлмөр нягтарсан, баялаг нягтарсан шинж бүхий үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар хөрөнгийн анхдагч хуримтлалыг бий болгож, эдийн засгийн шилжилт, нийгмийн хөгжлийг хэрэгжүүлсэн юм. Хөрсөн доорх баялаг бол Монгол улсын давуу тал мөн. Түүнчлэн Хятад, Монгол хоёр улсын харилцан нөхөлцөх хамгийн чухал тал мөн.

Хоёр тал эрдэс баялгийг нээж хөгжүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалт, санхүүгийн хамтын ажиллагаа гэсэн "гурван талыг нэгтгэн, нэгдсэн журмаар урагшлуулах" зарчмын дагуу, хоёр орны прагматик хамтын ажиллагааг эрчимжүүлэх чухал тохиролцоонд хүрээд байна. Энэхүү зарчим нь Хятад, Монгол хоёр улсын хамтын ажиллагааны бодит байдалд бүрэн нийцэж байна гэж миний бие үзэж байна. Уул уурхайг жинхэнээр нээж хөгжүүлэх аваас дэд бүтэц, аялал жуулчлал зэрэг үйлдвэрлэл дагалдан хөгжиж, Монгол Улсын хөгжилд хүчирхэг эрч хүчийг нэмэх болно. Хоёр тал нягт харилцан хамтран ажиллаж, холбогдох том төсөл хөтөлбөрийн яриа хэлэлцээг аль болох түргэн ахиц дэвшилд хүргэх явдлыг идэвхтэй урагшлуулахыг хүсч байна.

Хоёр тал хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах хэлэлцээг эрчимжүүлэн, хил дамнасан харилцан нэвтрэх явдлыг жинхэнэ ёсоор хэрэгжүүлж, зааг заадалгүйгээр холбон уялдуулах ёстой бөгөөд тийнхүү хийж чадваас, эдийн засгийн хүчин зүйл саад тотгоргүйгээр харилцан нэвтэрч, онцгой давуу байдал бүрэлдэн тогтох болно.

Түүнчлэн стратегийн харилцан уялдаа, том төсөл хөтөлбөрийн хамтын ажиллагааны аль алинд нь санхүү хөрөнгийн дэмжлэг шаардагдана. Хятадын банк одоо Монгол Улсад салбар банк нээх хүсэлт гаргаад байна. Хятадын банк шиг ийм хөрөнгөтэй, хүчтэй, нэр хүндтэй санхүүгийн томоохон байгууллага орж ирэх аваас Монгол Улсын бүтээн байгуулалт, жижиг, дунд үйлдвэрийн хөгжил, Хятад, Монгол хоёр улс хоорондын том төсөл хөтөлбөрийн хамтын ажиллагаанд санхүүгийн найдвартай баталгаа буй болж, Монгол Улсын эрх ашигт бүрэн нийцнэ гэж миний бие үзэж байна.

Гуравдугаарт, хоёр орны хүмүүнлэгийн харилцаанд хэрхэн тус дөхөм үзүүлж, ард түмний найрамдлыг гүнзгийрүүлэх вэ. Би нэгэн жижигхэн жишээ дурдахыг хүсч байна. Эдүгээ Хятад улсад жил бүр давхардсан тоогоор Монгол улсын 1,0 сая гаруй иргэн зорчдог. Энэ нь Монгол Улсын хүн амын гуравны нэгээс давж байгаа тухай би сая ярьсан билээ. Харин жилд Хятадаас ердөө 300 мянган иргэн Монгол Улсад ирдэг. Тэдний олонх нь бизнес болон хөлсний ажил эрхлэгчид бөгөөд гол урсгал нь аялагч жуулчид биш байгааг бид харах ёстой.

Тоо баримтаас үзвэл, 2015 онд давхардсан тоогоор Хятад улсын 120 сая хүн гадаадад жуулчилж, хилийн чанад дахь хэрэглээ нь 229 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэхүү тоотой харьцуулж үзвээс, ялангуяа хөрш орны хувьд 300 мянган хүн ирсэн нь дэндүү чамлалтай байна. Хаврын баярын үеэр, манай ЭСЯ-ны олон дипломатын ар гэрийнхэн айлчлан ирсэн бөгөөд зарим хүн надад Улаанбаатарын Central Tower ордны доор байдаг тансаг барааны дэлгүүрийн үнэ Хятадынхаас ихээхэн хямд байгаа тухай өгүүлж байсан юм.

АНУ, Япон, Солонгос, Европын зэрэг олон улс орон Хятад улсын иргэдэд визийн илүү олон хөнгөлөлт үзүүлэх бодлого аль эртнээс явуулж байгаа бөгөөд хэрвээ Хятад, Монголын хоёр тал Хятадын иргэд Монголд ирэх визийг хөнгөвчлөх асуудлыг бодитой шийдвэрлэж чадваас, Хятадын илүү олон жуулчин Монгол Улсад жуулчилж, энэ нь Монгол Улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэнэ гэж би бодож байна.

Тиймээс хоёр тал хүмүүнлэгийн харилцааны механизмын үүргийг цаашид эрчимжүүлэхээс гадна, бас визийн зэрэг хүрээний хамтын ажиллагааг улам эрчимжүүлж, хоёр орны хүмүүсийн харилцаанд байнга тус дөхөм үзүүлж, улам ойртуулж, улам сайжруулах ёстой.

Эрхэм хүндэт багш, оюутнууд аа

БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ та бүхэнтэй харилцаа холбоогоо улам бэхжүүлж, та бүхнийг Хятад улсыг улам сайтар, улам хялбар дөхөм ойлгож, таньж мэдэхэд туслахад бэлэн байна. Өнөөдөр миний бие бас нэгэн "зар" хүргэе. Хятадын ЭСЯ-ны веб сайтыг одоо засаж өргөтгөн, хятад, монгол, англи хэлээр нээж, Хятад улсын дотоод бодлого, гадаад харилцаа болон Хятад, Монгол хоёр улсын харилцааны холбогдолтой мэдээлэл түгээж байна. Та бүхнийг анхааралдаа авахыг хүсье. Хятад орноор байнга явж, үзэж харж, олон хятад хүнтэй нөхөрлөж, Хятад, Монголын найрамдлын элч болж, Хятад, Монгол хоёр улсын харилцааны хөгжилд эрч хүчээ нэмэрлэхийг та бүхнээс хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе