• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Азийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны байгууллага"-ыг үүсгэн байгуулав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-03-23 16:39:46

Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2016 оны ээлжит чуулганы "Хэвлэл мэдээллийн удирдагчдын дугуй ширээний хурал" 22-нд Хайнань мужийн Бө-Аод боллоо. Бө-Аогийн Азийн чуулга уулзалт, Хятадын олон нийтийн дипломат харилцааны нийгэмлэг түүнчлэн Хятад, Монгол, Турк, Камбож, Лаос, Балба, Индонез, БНСУ зэрэг орны гадаад дотоодын 13 хэвлэл мэдээллийн байгууллага нэгж хамтдаа "Азийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны байгууллага" -ыг үүсгэн байгуулав. Энэ нь Азийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа шат ахисныг харуулж байна.

Мөн өдөр хийлгэсэн "Хэвлэл мэдээллийн удирдагчдын дугуй ширээний хурал"-д 12 орны хэвлэл мэдээллийн байгууллагын 18 удирдагч "Нэг бүс нэг зам-Азийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны шинэ боломж" сэдвээр хэлэлцэж, "Азийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны байгууллага" -ыг үүсгэн байгуулах, Азийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны шинэ индэр байгуулах, Азийн хэвлэл мэдээллийн нөлөөг нэмэгдүүлэх талаар нийтлэг ойлголтод хүрчээ. Дугуй ширээний хурлын дарга, Хятадын ОУР-гийн дарга Ван Гэннянь хэлэхдээ:

"Харилцан хүндэтгэж, харилцан итгэлцэх нь хэвлэл мэдээллийн найрсаг хамтын ажиллагааны суурь нөхцөл. Ашгаа хуваалцаж, хамт амжилтад хүрэх, туршлага сургамжаа харилцан солилцох нь хэвлэл мэдээллийн үүрдийн хамтын ажиллагааны хөдөлгөгч хүч. Хөгжлөө нэгтгэж, брэнд бүтээх нь хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны заавал туулах зам юм. Азийн хэвлэл мэдээллүүд харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, "Торгоны замын хэвлэл мэдээллийн бүс" байгуулахын тулд хичээн ажиллаж, соёлыг дэлгэрүүлэх, найрамдлыг уламжлах хамтын замыг нээх ёстой " гэжээ.

Уулзалтын хугацаанд гадаад дотоодын хэвлэлийн төлөөлөгчид "Азийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны байгууллага"-ын хөгжлийн боломж, хэрэгцээ шаардлага зэргийг судалж ярилцсан байна. Туркийн Yon радиогийн захирал Юксел Мансур Килинч хэлэхдээ, Энэ байгууллага хэвлэл мэдээллийнхний харилцаа холбоог эрчимжүүлж, хамтын ажиллагааны хөтөлбөр, арга замыг баяжуулан, явц дамжлагыг хялбарчлан, хойшдын хөгжлийн чиг хандлага, үүрэг хариуцлагыг тодорхойлж өгөх ёстой. Мөн хэвлэл мэдээллийн компани болон бизнесийн түншлэлд хэлэлцээ зөвшилцөл өрнүүлэх боломж бүрдүүлж, тусгаар орнуудын хамгийн том хэвлэлийнхний хамтын ажиллагааны байгууллагыг төлөөлж чадах механизм болох ёстой бөгөөд өргөн цар хүрээний судалгаагаар дамжуулан хэвлэл мэдээллийн хэрэгслийн хөгжлийн хэтийн төлөв чиглэлийг заан тодорхойлох ёстой гэжээ.

Камбожийн Үндэсний телевизийн захирал Кемь Гүнавадн, "Азийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны байгууллага" байгуулах нь цаг үеийн хэрэгцээ шаардлагад зохицсон үйл ажиллагаа юм. Азийн орнуудын хэвлэл мэдээллийнхэн үр дүнтэй хамтран ажиллах нөхцөл боломж үнэнхүү шаардагдаж байна гэжээ.

"Азийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны байгууллага"-ыг үүсгэн байгуулах ёслолд Хятадын Олон нийтийн гадаад харилцааны нийгэмлэгийн дарга, ГХЯ-ны сайд асан Ли Жаосин, "Ази тивийн хүн ам дэлхийн нийт хүн амын 60 хувийг эзэлдэг ч Азийн мэдээллийн 2/3 хувь нь хөгжингүй орнуудаас эх сурвалжтай байдаг. Ази тивд болсон үйл хэрэг Европ Америкийн амаар гарахад үнэн худал нь ялгагдахаа больдог. Тиймээс Азийн хэвлэл мэдээллийнхний хамтын ажиллагааг эрчимжүүлж, дэлхий нийтэд зөв оновчтой иж бүрэн мэдээлэл хангах нь Азийн хөгжил байдлыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм гэжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, "Азийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны байгууллага"-ын бүдүүвч төсөл, үйл ажиллагааны механизм зэрэг асуудлыг ирэх онд болох хэвлэл мэдээллийнхний удирдагчдын дугуй ширээний уулзалтаас өмнө гаргах юм байна.
\Навч, Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе