• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цайны өлгий нутгаар

CRI       (GMT+08:00) 2016-04-20 16:32:16

17-р жарны гал бичин жилийн хаврын адаг хар луу сарын шинийн 4. ХОУР-ийн хэсэг уран бүтээлчид хурдны галт тэрэг хөлөглөн Хэ нань мужийн Шинь-Ян хотыг зорилоо. Хэсэг уран бүтээлч гэдэг нь CRI-ийн орлогч дарга, Азийн хэлтсийн дэд дарга, Япон, Солонгос, Хятад, Казахстан болон миний ажиллаж буй Монгол хэлний редакцийнханыг төлөөлсөн хэсэг хүмүүс. Гадаадынхнаас Япон хэлний редакцийн мэргэжилтэн бид хоёр. Харин манай Монгол хэлний редакциас Болор, Ренчинсоо нар ганзага нийлэн явцгаасан юм. Хурдны галт тэргээр 3 цаг гаран явсны эцэст зорьсон газраа хүрлээ.

Хаа газрын сэтгүүлчид, тэр дундаа дарга нартай хамт яваа тохиолдолд бүр ч давуу эрхтэй байдаг. Угталт, байрлах буудал, хоол унд, аялалын маршрут, унаа тээвэр, үдэлт бүгд залуусын ярьдгаар ОК. Буусан буудал маань "KAIYUAN INTERNATIONAL HOTEL". Хотдоо бол бараг 4-5 одтой буудал нь байх.

Очсон газрынхаа тухай товч дурдвал Хэ нань муж нь Хятадын төв зүүн хэсэгт оршдог. 167000 ам дөрвөлчин км талбайтай. Мужийн төв нь Женьжөү хот. Хятадын хамгийн олон хүн амтай муж. Хэд гээч...100 сая. 3-хан сая хүн амтай улсын иргэний хувьд надад энэ тоо асар их санагдаж байлаа. Гэхдээ л Хятад улс хичнээн хүнтэй билээ дээ. Тэгээд бодохоор нэг их гайхаад байх зүйл ч биш л дээ. Ямартай ч энэ газар Хятадын соёл иргэншлийн уугуул нутаг.

Хэ нань мужийн Шинь Ян хот нь Хятадын Өмнөд, Умард, Өрнө, Дорныг холбосон зам тээврийн чухал хот. Хувьсгалчдын суурин ч гэж нэрлэдэг. Ногоон цайгаараа бол бүр алдаршсан.

2300 гаруй жилийн цайны соёлын түүхтэй. Хятадын "цайны өлгий нутаг", "цайны нийслэл" хэмээн алдаршсан. Шинь-Яны "Маожян" хэмээх ногоон цай нь Хятадын цайны 10 том брендийн нэг. Өнгөрсөн онд 140 мянган га талбайд цай тарьж 60 мянга орчим тонн ургац авсан гэдэг. Ойн нөөц ихтэй. Нийт газар нутгийн 36-н хувь нь ой. 1 сая 200 мянга гаруй хүн цайгаар амьдралаа залгуулна. Тухайлбал цайны талбай дээр ажиллаж цайны навч түүнэ.

Түүж ирсэн навчийг том жижигээр нь ангилна. Тэгээд хатаана, хэвэнд оруулна, хуурна, бооно савлана гээд гар ажиллагаа ихтэй. Энэ бүгдийг хэн нэгнээс сонссон бол огт гайхаад байх зүйлгүй, хүний л хийдэг ажил гэнэ.

Гэтэл яг өөрийн биеэр явж, үзэж, харахаар үнэхээр гайхалтай бас ярвигтай ажил санагдсаныг нуух юун. Урд өмнө нь би тариан талбай дээр бишгүйдээ л сурвалжилга хийж явлаа. Харин цайг хаана яаж тарьж, арчилж, ургуулж, хурааж боловсруулдаг талаар огт бодож бас сонсож ч байгаагүй юм байна.

Бид очсон өдрийнхөө маргааш нь өглөө эртлэн босож цайлаад замд гарлаа. Энэ нь 4-р сарын 12. Аялалын маань анхны өдөр. Замдаа нилээд удаан, цаг гаруй явсан. Энэ зуур гудамж, замаар хөлхөх хүн амьтан бараг таарсангүй. Ойн дундах замаар давхиад л... Гэтэл уулын бараг оройгоос бэл хүртэл нь жирийтэл нь зассан цайны талбай хаа сайгүй тааралдана. Эндхийнхэн цайны мод гэж ярих юм. Надад мод гэхээр нэг л буухгүй бут гэмээр ч юм шиг санагдаад... Нөгөө үзэгдэж харагдахгүй байсан хүмүүс бүгд л шахуу талбай дээрээ цаг наргүй бөгтийтлөө ажиллаж харагдана.

Бидний буусан анхны зогсоол "Үян" корпораци. Тэнд шилэн хананы цаана цэнхэр өнгийн малгай, ажлын хувцасаараа ижилссэн хэдэн арван хүн эгнэн суугаад эргэн тойронд нь юу болж буйг сэхээрэх ч завгүй доош тонгойн ямар нэгэн чухал юм хийж харагдана. Асуувал түүж авчирсан навчийг нэг бүрчлэн ялгаж байгаа нь тэр гэнэ.

Дараа нь ялгасан навчаа тусгай тогоонд хийж хатаана. Бас зориулалтын өрөөнд тусгай хэмийн халуунд исгэж ногоон цайг улаан цай болгодог байна. Тэндээс гараад "Вэнь Шинь" гэх бас нэгэн корпорациар дайрлаа. Дарга нь гээд нилээд хэлэмгий, "гав,шав" хийсэн залуу биднийг угтаж, нэгэн чулуун хадны дэргэд авайчлаа.

Тэр нь дээрээ "Маожян цай анх үүссэн газар" гэж тод улаанаар бичсэн бичээстэй юм. Тэнд өнөө залуу маань компанийхаа тухай, ногоон цайны үүсэл гарлын тухай, жилд хэдий хэмжээний цай тариалдаг, хэдэн удаа хэдийд нь хураавал цайны амт чанар сайн байдаг, ажиллах хүн хүч гээд бидний сонирхсон бүхэнд дэлгэрэнгүй хариулт өглөө.

Бид ч цайны талаар чамгүй их мэдлэгтэй болж өнөөх хадныхаа дэргэд дурсгалын зураг татуулаад аянаа цааш үргэлжлүүлсэн юм. Энэ бүгдийг ойлгож мэдэхэд мэдээж манай редакцийн Ренчинсоо маань надад хэлмэрчилж орчуулагчийн үүрэг гүйцэтгэж явлаа. Харин Болор маань зураглаач.

Тухайн агшин бүрийг гэрэл зургийн хальснаа буулгаж тун завгүй харагдсан. Бидний аян цааш үргэлжилж "Гуан И" гэх цайны хүрээлэнд очлоо. Энэ хүрээлэн удам дамжсан цайны үйлдвэрлэл эрхэлдгээрээ онцлогтой.

3 дахь үеийн өв залгамжлагч Лю Гуан И өөрийн "Гуан И" гэсэн нэрээр компаниа нэрлэжээ. Түүний аав Лю овогт 80 насыг хэдийнээ давсан. Хүүтэйгээ хамт компанийхаа ажлыг урагшлуулж яваа нэгэн. Түүнийг бүр жаахан байхад эцэг эх нь цайны аж ахуй эрхэлж байсан гэдэг. Лю овогт: "Миний хүү Лю Гуан И 3 дахь үеийн өв залгамжлагч.

Цайг ялгаж, хатааж, хуурах их ярвигтай. Ялангуяа хуурах нь. Хир баргийн хүн хийчихгүй. Халууныг нь сайн тааруулах хэрэгтэй. Тогоогоо галлаад 80-н хэм хүртэл халаана. Тэрнийг нь гараараа тэмтэрч мэдэрнэ. 80-н хэмээс их юмуу бага бол чанартай сайн цай гарахгүй. Манай ажилчид дотроос 4-5 хүн л тогооныхоо халууны хэмийг гараараа тааруулж мэддэг. Бусад нь мэдэхгүй ээ" хэмээн өөрийн алгаа дэлгэж харууллаа. Алга нь нилэнхүйдээ эвэршиж хатаа юу даа гэмээр өвөөгийн үрчийж мойнийсон хуруунуудыг хараад өөрийн эрхгүй өрөвдөх сэтгэл төрлөө. Тэглээ гээд яахав хар нялхаасаа хийж дадсан ажил нь. Түүндээ харин ч сэтгэл хангалуун байгаа бололтой, бахархалтай нь аргагүй инээж байсан нь одоо ч сэтгэлд тодхон харагдана.

Эднийх 40-өөд ажилчинтай. Харин тариа хураалтын үеэр цагийн ажилчин авч ажиллуулдаг. Тэр үед хүн хүч маш их шаардагддаг гэсэн. Энэ өдрийн аялал үүгээр өндөрлөлөө.

Содномын Солонго

2016 оны 4-р сарын 20

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе