|
|
||
4-р сарын 13. Аялалын маань 2 дахь өдөр. Өглөө эрт 07.10 гэхэд өглөөний цайндаа орчихоод 08.00 гэхэд Шинь-Ян хотын дарга Чао Шинь Жянтай манай багийнхан уулзлаа.
Хэвлэл мэдээллийнхэн болсон хойно энд тэндгүй л зураг дарсан, камер барьсан хүмүүс. Бидний хажуугаар орон нутгийн хэвлэл мэдээллийнхэн гээд чамгүй олон хүн цугласан байлаа.
Манай багийг ахлаж яваа дарга нар хэдэн үг хэлээд хотын даргын ярихыг сонслоо. Хотын дарга улс орон, хотынхоо тухай, цаашдын зорилт гээд хэрэгтэй мэдээллийг бидэнд өгч бүх л юм ёс журмын дагуу болж өнгөрлөө.
Асуулт хариултын дараа мөн л дурсгалын зураг татуулснаар уулзалт ярилцлага өндөрлөж бид цааш хүлэгийн жолоо заллаа.
Бидний буудалласан дараагийн газар Шинь-Ян хотын Шинь Сяний "Ши Хэ Шян". Манайхнаар бол суурин шахуу газар юмуу даа. Эндхийн нэр усыг ойлгож тогтооход жаахан ярвигтай. Жишээлэхэд Сянь гэдэг нь бараг сумын дайтай. Харин Шян гэдэг нь баг, суурин гээд ойлгочиход болохоор.
"Ши Хэ Шян" нь 700 гаруй жилийн түүхтэй маш эртний нутаг гэж биднийг угтаж авсан Шинь Сяний суртал ухуулгын газрын эмэгтэй танилцууллаа. Үнэхээр эртний гэхээр цөөн хэдэн барилгатай, байгалийн үзэмж бүрдсэн газар байлаа.
Бас "улаан", "ногоон" гэж алдаршсан гэнэ. Учир нь энд хувьсгалт улаан цэргийн арми суурьшиж байсан тул "улаан" гэж нэрлэсэн.
"Ногоон" гэдгийн учир нь битүү ногоон ойн дунд байрласан болохоор тэр гэнэ. Мянгаад хүн амтай. Байгалийн үзэмждээ тулгуурлан аялал жуулчлалыг хөгжүүлэхээ гол бодлого болгосон. Гадаад дотоодын жуулчдыг байрлуулах авсаархан буудал байгуулснаа бидэнд танилцууллаа.
Хоногт 1 хүн 500 юаниар байрлана. Тэрнээс гадна дугуй хэлбэрийн 2 байр байна. Түүнийгээ гэр гэх. Тэр нь нилээн хэдэн мөн дугуй хэлбэрийн жижиг цонхтой юм. "Монгол гэр арай ч ийм байдаггүй байхаа" гэж Ренчинсоо бид 2 хоорондоо ярьж жуумалзан цааш эргэлээ.
Тэгсэн тайлбарлагч нь бидний санааг ойлгосон уу өнөөхөө майхан гэж нэрлээд хоногийн 600-н юань гэнэ. Бас чингэлэг хэлбэрийн хэдэн сууц бэлдсэн харагдана. Ямартай ч жуулчид хүлээн авах байр саваа хэдийнээ бэлдээд тохижуулчихаж.
Энд 300 гаруй жилийн түүхтэй ганц мод байх нь жуулчдын үзэх нэг үзмэр нь гэнэ. Тэнд дурсгалын зураг авахуулж зогстол Шинь-Ян хотын телевизийнхэн манай Болор бид 2-оос ярилцлага авлаа. Өөрсдөө сурвалжлага авч явж байж бас хүнд ярилцлага өгөхтэйгээ...
Шяны дундуур бяцхан горхи хоржигнон урсах нь энэ газрын бас нэг үзэмж гэлтэй. Байгаль гэдэг хүн урлаад тавьчихсан мэт бүгд хоорондоо яв цав зохицоно.
Буйдхан энэ газар амар амгалангийн орон гэлтэй үзэсгэлэн төгөлдөр, нам жим, цаанаа л нэг сэтгэл татна...
Аялалын сүүлчийн өдөр буюу 4-р сарын 14. Бид нилээд шахуу хөтөлбөртэй явлаа. Өглөөний нарнаар гарч үдшийн бүрийгээр буудалдаа ирнэ. Энэ өдрийн гол ажил Жөү Хуань шувууны хамгаалалтын бүсэд очиж сурвалжилах.
Жөү Хуань буюу Улаан өрвөлдэй гэх энэ шувуу нь дэлхийд ховордсон шувуудын нэг. 1980-аад оны эхээр Шань Ши мужид 7 шувуу байгааг олж мэдээд түүнээс хойш улсын хамгаалалтад авч, уг шувууг өсгөж үржүүлэхэд гол анхаарлаа төвлөрүүлжээ. Үүний улмаас өнөөх Шань Ши мужид байсан 7-н шувуу маань 2000 гаруй болтлоо үржиж Хэнань, Зэжян мужуудаар тархсан байна.
Бид Жөү Хуань шувууг өсгөн үржүүлж буй хамгаалалтын бүсэд очих замдаа тухайн бүсийн ан амьтадыг харуулсан нэгэн үзэсгэлэнгээр дайрлаа. Тэнд 300 гаруй төрөл зүйлийн шувууд, ан амьтдын зураг хөрөг, чихмэлийг дэлгэн тавьжээ. Үзэсгэлэнг сонирхох явцдаа тайлбарлагч Жөү овогт Жао Бигээс шувууныхаа талаар багагүй мэдээл олж авлаа. Шувууны хээл авах үе нь 3-6-р сар гэнэ. Жилд 1 л удаа өндөглөдөг. Өндөгөө 3 сар тээдэг. 2-3 ширхэг өндөг гаргана. Гаргасан өндөгөө 28 хоног дарна. Ээж нь хэдэн өдөр нойр хоолгүй өндөгөө дарсны дараа аав нь ирж дарна.
Энэ хооронд ээж нь хоол тэжээл эргүүлнэ. Ийнхүү ээж аав 2 сар шахам зүтгэсний хүчинд дэгдээхийтэй болно. Гэвч 1 юмуу 2-нь л амьдардаг. Үржил удаан. Байгальд зохицох чадвар муутайгаас ихээр хорогддог гэнэ. Шувууг хамгаалалтад авч үршүүлж эхэлснээс хойш 3 удаа нийт 80 орчимыг эх байгальд нь тавьжээ. Тэдний хойноос байнга дагаж хаана хэд нь байна, хэд нь байгальдаа зохицож, хэд нь өвдөж, хэд нь сураггүй болов гэсэн нарийн судалгаа гаргана. Энэ хамгийн ярвигтай ажил. Хүн хүч их шаардагдана. Цаг наргүй ойгоор тэнэх хүн тэр бүр олдохгүй...
Бид шувуу үржүүлж буй жинхэн хамгаалалтын бүсэд очлоо. Эргэн тойрон төмөр торон бүрхүүлтэй хамгаалалтын бүсэд 30-40-өөд шувуу лав байсан. Бас нэг өрөөнд тусгай халаагууртай шилэн хоргонд нилээд олон өндөг өрөөтэй байлаа. Энэ нь зориулалтын аргаар өндөгөө дарж байгаа нь тэр юм. Тэднээс 2 нь хагарч дэгдээхий нь гарчээ... Чааваас хаа газрын нялх амьтан. Хариуч үгүй эмзэг, турьхан. Яаж ийгээд л амьдраасай даа...Ийн бодсоор хамгаалалтын бүсээс хөдөллөө.
Манай багийнхан 3 өдөр нилээд алжааж ядарсан бололтой дуу шуу багатай, буудлын зүг тэмүүлнэ. Тэгтэл бас болоогүй дахиад нэг цайны компаниар дайрна гэнэ. Ний нуугүй хэлэхэд дуртай хүн цөөн байсан байхаа...Энэ нь бүгдийнх нь нүүрэн дээр бараг бичээстэй байсан гэхэд болно. Тэглээ гээд яахав унаандаа суугаад "Лин Шань" компаниар дайрлаа.
Компаний захирал Чянь Шао Лин гэж бидний үе шахуу нэг бүсгүй байна. Их л уриалгахан биднийг угтан авч нэг өрөөнд орууллаа. Тэнд ССТҮ-ээр захирал эмэгтэйн тухай нэвтрүүлэг гарч байна. Бүгд дуугүй суугаад үзлээ. Энэ эмэгтэй маш хүндээр өвчилж 5 нь ч удаа хүнд хагалгаанд оржээ. Нэвтрүүлэгт хүү нь бас оролцжээ. Тайзан дээр зогсох ээждээ гүйн очиж "Би таньдаа хязгааргүй хайртай. Та минь үргэлж надтай байгаарай" гээд нулимс дуслуулахыг харж суусан бидний сэтгэл ч үймэрлээ... Үнэхээр дайчин бүсгүй. Өөрийгөө яагаа ч билээ хэмээн цаг наргүй ажиллаж компаниа Шинь-Ян хотын шилдэг цайны компаниудын нэг болгож чадсан байна. Түүгээр ч зогсохгүй буяны ажил эрхэлж ядуусыг тэтгэх талаар олон хандивын аян өрнүүлж олны хайр, талархлыг хүлээж явна. Нэвтрүүлэг үзсэн бид Линь Шан цайгаар дайлуулаад Шао Лин бүсгүйг дор бүрнээ биширч, хүндэтгэн хайрласан харцаар үдэн, салах ёс хийцгээсэн юм. "Лин Шань" компани манай аялалын эцсийн зогсоол байлаа...
Хэнань мужийн Шинь-Ян хотын аялал амьдралын маань сэтгэлд хоногшсон өдөр хоногуудын нэг байх нь дамжиггүй ээ...
Содномын Солонго
2016 оны 4-р сарын 20
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |