• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Жэк Магийн амжилтанд хүрсэн түүх

CRI       (GMT+08:00) 2016-07-26 18:06:35

167 тэрбум гаруй доллараар үнэлэгдэж байгаа Хятадын алдартай онлайн арилжааны "Alibaba.com" сайтыг үүсгэн байгуулагч өдгөө 50 гарсан, англи хэлний багш мэргэжилтэй нэгэн. Тэрээр алдарт "Алибаба" сайтаа 1999 онд 60 мянган америк долларын өртгөөр байгуулж, Хятадын эрчимтэй өсөж байгаа үйлдвэрлэлийн салбарыг далайн чанад дахь хэрэглэгчид, компаниудтай холбох ажлаа эхлүүлж байсан юм. Цуцашгүй хөдөлмөрч, залууст үлгэр жишээ болсон энэ хүн бол Хятадын тэрбумтан Жэк Ма билээ. Тэгвэл энэ эрхэм сумогийн их аварга Дагвадоржийн урилгаар Монгол улсад энэ сарын 25-27-ны өдрүүдэд зочилсон юм. Жэк Ма гэж хэн бэ?. Нэвтрүүлгийн дараагийн хэсгээс түүний амжилтанд хүрсэн сонирхолтой, сургамжтай түүхийг  хүргэнэ.

Цахим худалдааны салбарт "вант гүрэн"-ийг байгуулж, хэдэн сая бичил жижиг аж ахуйн нэгжийг хэрэглэгчидтэй нь холбосон, тэрээр цоо шинэ зах зээлийн хэв загварыг нээж, урьд өмнө нь байгаагүй ажлын байрыг бий болгосон, буяны үйлсэд идэвхтэй оролцогч, Хятадын Бээжингийн Их Сургуульд элсэн орох нь түүний мөрөөдөл байсан боловч математикийн улсын шалгалтанд ганцхан оноо авч, 3 жил дараалан шалгуулсны эцэст орон нутгийнхаа энгийн нэгэн дээд сургуульд элсэн орж чадсан. Амжилт өөд цуцашгүй тэмүүлсээр хүсэл мөрөөдлийнхөө оргилд хүрч Хятадын супер баячуудын эхэнд бичигдэж чадсан. Түүний амьдрал, амжилтын түүх ээдрээтэй, сонирхолтой, бас  сургамжтай.  Тиймээ энэ хүн бол Хятадын тэрбумтан Жэк Ма юм.

Жэк Ма 1964 онд Хятадын Ханжөү хотод төрсөн. Эцэг эх нь хүүгээ ухаалаг, авхаалжтай, томоотой хүүхэд болоорой гэж "Ма Юүнь" гэдэг нэрийг хайрлажээ. Гэвч Жэк Ма багаасаа л зөрүүд байжээ. Туранхай жижиг биетэй болохоор том биетэй хүүхдүүд дээрэлхэх нь энүүхэнд. Тиймээс бараг байнга шахуу зодоон цохион хийж түүнээс болж сургуулиа солиход ч хүрсэн гэдэг. Энэ тухайгаа тэрээр "тэр үед өөр ямар ч сонголтгүй, зодолдоод дийлэх дийлэхгүй нь хамаагүй шууд дайраад л ордог. Гэхдээ би өөрийнхөө төлөө нэг их зодолдож байгаагүй, харин ихэнхдээ найзуудаа өмөөрч л зодоон хийдэг байсан" хэмээн нэгэнтээ дурссан байдаг. Түүний энэхүү эрэмгий, найз нөхдийнхөө төлөө яахаас ч буцдаггүй зан нь хожим амжилтын оргилд хүрэхэд нь маш их тус болсон гэдэг. "Бага насны маань тэрхүү айхыг мэддэггүй зориг намайг өнөөдрийн өндөрлөгт хүргэсэн байх" гэж тэрээр ярьдаг. Хэрвээ тухайн үед аав ээжийнхээ хүслээр байж, зодоон цохион хийдэггүй, хичээл номондоо л шамдсан хүүхэд байсан бол өнөөдрийн Жэк Ма хэн байх байсан бол?

Их сургуульд орсныхоо дараа, зодоон цохионоор асуудлыг шийдвэрлэх шаардлагагүй боллоо. Жэк Ма найзуудаа өмөөрдөг тэрхүү зангаа оюутны зөвлөлийн ажилд ашиглаж, чадахын хэрээр ангийнхандаа тусалж, учрах  хүндрэл бэрхшээлийг нь зохицуулахад оролцдог болжээ. Тэрээр нэг удаа, хичээлдээ маш сайн нэгэн нөхөр нь жижигхэн алдаанаасаа болж, магистрт шалгуулах эрхээ хасуулж, тосгондоо буцах дээрээ хүрч хэцүүхэн байдалтай байхад нь ангийн эрхлэгч багш, салбарын удирдлага тэрчлэн дээд сургуулийн удирдлагуудаа хоёр хоногийн турш ятгаж, гуйсны эцэст нөгөө оюутныг магистрт шалгуулах эрхийг нь сэргээж өгч байсан түүхтэй гэдэг. Хэрэг явдал ч өнгөрч, Жэк Ма ч үүнийг ор тас мартсан байв. Харин арван жилийн дараа Жэк Магийн ажил үйлс хүнд байдалд орлоо. Энэ үед мөнөөх туслалцаа авсан оюутан урьдын ачийг санаж Жэк Мад тусламжийн гараа сунгасан байдаг.

Тэрээр төв шударга, эрэлхэг дайчин, энэрэнгүй зөөлөн, шаргуу хөдөлмөрч зэрэг бүхий л сайхан чанаруудыг өөртөө төлөвшүүлж чадсан учраас эргэн тойрон дахь хүмүүс түүнийг өөрийн эрхгүй тойрон хүрээлдэг байжээ. Жишээлбэл, Хан Минь, Жөү Юе-хун нарыг дурдаж болно. Санаа, зорилго нэгтэй андуудын хамтаар "Alibaba" гэх компаниа байгууллаа.

Жэк Ма их сургуулийн шалгалтанд тэнцээгүйдээ маш их урам хугарсан ч бүл дүүгийн хамт зочид буудалд үйлчлэгчээр шалгуулж үзлээ.  Гэтэл бүл дүү нь тэнцэж Ма бас л тэнцсэнгүй. Зочид буудлын эзний өгсөн хариулт их энгийн байв. "Манай зочид буудалд тэгшхэн биетэй, өндөр, нуруулаг үйлчлэгч шаардлагатай байгаа, харин чи туранхай хирнээ богинохон юм байна. Өөрийнхөө ямрыг хэлүүлтгүй мэдэж байгаа биздээ" гэсэн гэдэг. Америкийн "Фокс" сэтгүүлд  Жэк Магийн гадна төрхийг: "Хацрын яс товгор, үс буржгар, шүдээ яралзуулан инээмсэглэдэг, хүүхдийн төрхтэй, 5-хан  инч өндөр, бараг 100 фунт жинтэй" гэж дүрсэлсэн байдаг. Ер нь Жэк Ма гадаад төрхөндөө огт санаа зовдоггүй. Гэхдээ ажлын ярилцлаганд олон орж байсан ч царай муутай төрснөөсөө болоод татгалзсан хариу л сонсдог байсан юм. Хожим нь тэрээр бараа хүргэгч, нарийн бичиг, бүр гурван дугуйт хүн тэргээр захиалгын ном хүргэдэг байжээ. Харин өнөөдөр тэрээр Хятадын тэргүүн баячуудын нэг болж, залуучууд түүнийг "Амжилтанд манлайлагч", "Цахим худалдааг үндэслэгч" хэмээн хүндэтгэдэг байна.

Хамгийн хүнд хэцүү үед нь хувь тавилан түүнд зөв замыг зааж өгсөн юм. Нэгэн өдөр, Жэк Ма гурван дугуйт тэргээр төмөр замын буудалд хүн хүргэж яваад Лү Яо гэдэг хүний бичсэн "Рэн Шэн" буюу "Хүний амь нас" гэдэг номыг олж авчээ. Уг номын баатар Гао Жялинь эрдэм ухаантай, ирээдүйн их хүсэл мөрөөдөлтэй хүн байсан бөгөөд хувь заяаны эргүүлэгт олонтаа унаж байсан ч  сөхөрч нугаралгүй шийдэмгий зоригтой тэмцдэг нэгэн байв. Тэрхүү номын нэг мөр Жэк Магийн сэтгэлд хоногшин хүсэл мөрөөдөл, эр зоригийг нь бадрааж, амьдралыг нь өөрчлөхөд нөлөөлж, дээд сургуулийн элсэлтийн шалгалтад дахин орохоор шийдсэн юм.

Энэ бол 1983 он байлаа.  Математикийн шалгалтандаа 1 оноо авч байснаа бодвол бас ч ахицтай, 19 оноо  авлаа. Гэхдээ тэрээр элсэлтийн онооны хамгийн доод түвшний шаардлагыг ч хангаж чадсангүй, дахиад л тэнцсэнгүй. Энэ нь бага ч гэсэн найдлага тавьж байсан эцэг эхийнх нь горьдлого тасрахад хүрч, "ер нь энэ хүүхэд бичиг ном сурах хүн биш байна" гээд хүүдээ, "Чи их сургуульд орно гэж бодохын ч хэрэггүй юм байна. Харин түүний оронд нэг зүйлийн гар урлал сурсан нь дээр байх" гэжээ.

1980-аад онд Японы олон ангит телевизийн уран сайхны "Эмэгтэй волейболчин" кино гарч,  киноны гол дүр Фон Пур Согийн тухай үйл явдал нь цөхрөшгүй зориг, хувиршгүй үзэл санааг Жэк Мад дахин төрүүлсэн юм. Тэр гэрийнхнийхээ ятгахыг үл ойшоон их сургуулийн элсэлтийн шалгалтанд гурав дахь удаагаа орохоор бэлтгэж эхлэв. 1984 онд тэр 20 нас хүрлээ. Энэ удаа тэр тооны шалгалтандаа 89 оноо авсан боловч нийт дүнгээрээ их сургуулийн жинхэнэ ангид элсэхэд тавхан оноо дутжээ. Харин энэ үед англи хэлний ангийн элсэлтийн тоо гүйцээгүй учир англи хэлний шалгалтандаа сайн дүн авсан сурагчдаас элсүүлэх гэж байгаа тухай мэдсэнээр Ханжөугийн багшийн дээд сургуулийн бакалаврын ангид орж чадлаа. Энэ явдал Жэкд азтай явдал болсон юм. Гурван удаа их сургуулийн элсэлтийн шалгалтанд унасан нь түүнийг улам их тэсвэр тэвчээртэй болгожээ. Тэр цаг мөчүүдийг эргэцүүлэх бүрийд Жэк Мад их олон зүйл бодогддог гэнэ.

 "Хүн заавал их сургуульд орох мөрөөдөлтэй байх хэрэгтэй, хүнд ер нь мэдлэг хэрэгтэй бус харин суралцах чадвар хэрэгтэй" гэж тэрээр хэлдэг. Энэхүү цөхрөлтгүй тэмцэл нь өнөөдрийн "Алибаба" компани амжилттай байхад чухал түлхэц болсон төдийгүй Жэк Маг мухардлаас гарахад нь байнга нөлөөлж байсан юм. Хүмүүс түүнээс "амжилтанд хүрэхэд ямар ид шид хэрэгтэй вэ" гэж асуухад тэрээр "хүсэл мөрөөдлөө л хэзээ ч орхихгүй байвал боломж бидэнд олдоно" гэж хариулдаг.

2015 оны 3-р сарын 15-нд Хятадын нийгмийн сүлжээ Вийчат, Германы Ганноверын хэрэглээний цахим бараа, мэдээлэл холбооны яармагийн нээлтэд Жэк Ма аж ахуйн нэгжийн эздээс дэлхийн хэмжээнд ганцаархнаа уригдаж,  англиар үг хэлжээ. Үүний дараа англи хэл сурах сайтууд түүний энэ яриаг цахим  хичээл болгон оруулсан байна.

Жэк Ма англи хэлийг маш сайн сурсан нэгэн. Англи хэлийг сайн сурсан нь түүний дунд сургуулийн геологийн багштай нь салшгүй холбоотой гэнэ. Тэрхүү хичээлийн багш эмэгтэй тун царайлаг, томоос том нүдтэйн зэрэгцээ хичээл заах арга хэлбэр нь өвөрмөц сонирхолтой байсан учир бүгд л тэрхүү багшийн хичээлийг анхааралтай сонсдог байлаа. Геологийн хичээлд суух дургүй байсан Жэк Ма ч хичээлээ анхааралтай гэгч нь сонсох болж, сурлага нь ч илт сайжирч эхэлжээ. Нэг удаа багш нь геологийн хичээлийг сайтар сурахын чухлыг онцлоод өөрт тохиолдсон нэгэн явдлыг ярьж өгчээ. "Тэрээр нэг удаа Си Ху нуурын хөвөөгөөр зугаалж яваад хэсэг гадаадын хүмүүстэй таарчээ.  Тэд багш эмэгтэйгээс Хятадын геологийн тухай асуухад багш эмэгтэй тэдний асуултанд англиар чөлөөтэй, тодорхой хариулсан байна. Геологийн хичээлийг сайтар сурахгүй бол гадаадын хүмүүс чамаас Хятадын геологийн тухай асуухад чи хариулж чадахгүй л гэсэн үг. Энэ бол ичгүүртэй явдал бус уу" гэжээ. Багшийн хэлсэн энэ үг Жэк Мад англи хэлийг сайн суръя гэсэн урам зоригийг өгсөн байна.

Тэр өдөр Жэк Ма тун ч урамшин дэлгүүрээс бага оврын радио худалдан авч, үүнээс хойш өдөр бүр англи хэлний нэвтрүүлэг сонсдог болжээ. Жэк Ма гадаадын хүмүүс байнга очдог Си Ху нуурын хөвөөгөөр явж тэдэнтэй таарахыг хичээж "огт ичилгүй" зоригтойгоор ярилцана, бас заримдаа гадаадын жуулчдад үнэ төлбөргүйгээр аяллын хөтөч хүртэл хийчихдэг байв. Хэсэг хугацааны дараа Жэк Магийн англи хэл мэдэгдэхүйц сайжирч, багш болон ангийн нөхдүүд нь түүнийг англи хэлэндээ "мундаг" хэмээн магтах болж, заримдаа гадаадын жуулчид түүнийг гадаадад төгссөн цагаач байх гэж андуурдаг болжээ.

"Бүтэлгүй", "хичээл сурлагадаа тааруу" гэх нэртэй байсан Жэк Ма их сургуульд орсноор тун их өөрчлөгдөж, хичээлдээ шимтэн сурах болж тун удалгүй сайн сурагчдын нэг болсон байна. Англи хэлний суурийг маш сайн тавьсан учир шалгалтын эцэст гадаад хэлний институтийнхээ эхний тавд орлоо. Англи хэл яг шидэт бал юм шиг Жэк Мад урагшлан дэвжихэд тус болжээ. Англи хэл сайн сурсны ачаар тэр Хан Жөүгийн багшийн их сургуулийн гадаад хэлний институтэд элсэн, их сургуулиа дүүргэсний дараа Хан Жөүгийн "Электрон технологийн их сургууль"-д англи хэл, олон улсын худалдааны тусгай мэргэжлийн багшаар ажиллаж, хожим нь "Хай Бо" орчуулгын компани байгуулсан байна. Түүнчлэн Америкт очиж интернетийн тухай суралцсан нь "Алибаба"-г үндэслэн байгуулахад нь чухал түлхэц болжээ.

"Тэр жил буюу 1994 онд Америк явсан. Тэнд очоод интернет гэдгийг олж мэдээд гэртээ буцаж ирснийхээ дараа ямар нэг зүйл хийж бүтээх юмсан гэж бодсон. Гэхдээ хэрхэн яаж хийх тухай ойлголтгүй, арга туршлага ч гэж байгаагүй. Гэхдээ бизнес хийхийг хүсч байна, интернет гэдгийг ажиллуулж үзмээр байна, сургуулиас явах хүсэлтэй байгаагаа захиралдаа хэллээ.  Би хийж бүтээх гэсэн зүйлийнхээ тухай ярьсан ч захирал маань ойлгоогүй, би ч тайлбарлаж ойлгуулж чадаагүй л дээ. Харин захирал явах хэрэггүй гэж байна. Гэхдээ би бодож үзлээ, зорьсон зүйлээ хийх л ёстой, ядаж 10 жилийн хугацаа зарцуулъя. Ямар нэг зүйл хийж бүтээх нь чухал гэж бодсон. Маш тод санаж байна, нэг 7 хоногийн дараа би нийт 24 найзуудаа гэртээ урьж санаагаа хэлж, ярилцсан юм. Тэдний 23 нь миний санасан бодсоныг дэмжээгүй, хийх хэрэггүй гэсэн. Интернет гэгчийн тухай тэд ойлголтгүй учраас миний юу ярьсныг ч ойлгоогүй. Гэвч ганцхан хүн л туршиж үзэхийг зөвлөсөн. Шөнөжингөө бодлоо. Ингээд маргааш өглөө нь ажлаасаа гарах өргөдлөө өгсөн юм. Харин сургуулийн захирал маань бусад дэд захирлуудын дэргэд надад хандан, хэрвээ хийсэн ажил үйлс чинь бүтэлгүйтвэл сургуульдаа эргээд ирээрэй" гэсэн юм. Тэгэхэд нь би 10 жилийн дараа амжилттай ч бай, үгүй ч бай сургуульдаа эргэж ирнэ гэж хэлсэн юм. Ажил амжилтын минь зам ингэж л эхэлсэн. Тэр үед интернет гэгч чухам юу болохыг сайн мэдэхгүй, бизнес хийх өчүүхэн ч туршлагагүй, зөвхөн 10 жилийн дотор ямар нэг зүйлийг хийж бүтээх нь зүйтэй гэж л бодсон. Ингээд нэг л мэдэхэд 10 жил өнгөрч 2004 онтой золголоо. Тэр үед би, тэтгэвэрт гарах наснаасаа улам холдсон юм шиг сэтгэгдэл төрсөн. Одоо 2016 он боллоо, бүх зүйл үргэлжилж л байна, багшилж байсан сургуульдаа хэзээ эргэж очихоо өөрөө ч мэдэхгүй л явна."

Тэрээр цааш нь "Би өөрийнхөө тухай боддог л доо. Бодоод, бусдыг давж чадахгүй, яриад, хүний ярьсныг ч гүйцэхгүй. Гэтэл харин би их сургуулийнхаа дөрвөн жилийг амжилттай дуусганаараа бахархах дуртай. Ажил үйлс минь ч амжилтад хүрч чадлаа. Жэк Ма би хүртэл амжилтад хүрч чадсан юм чинь цуцалтгүй тэмцсэн хэн бүхэн амжилтанд хүрч чадна гэдэгт би итгэдэг" гэж хэлсэн юм.
Та бүхэнд хүргэсэн Хятадын тэрбумтан Жэк Магийн хэцүү бэрхийг сөрөн тэмцсээр амжилтын оргилд хүрсэн түүх энэ буюу.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе