• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БНХАУ-ын 67 жлийн ойн үндэсний баярын хүлээн авалт Улаанбаатарт болов

CRI       (GMT+08:00) 2016-09-23 11:19:48

БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин 9-р сарын 22-ны орой БНХАУ байгуулагдсаны 67 жилийн ойг угтан албан ёсны хүлээн авалт хийлээ. Хүлээн авалтанд МУ-ын УИХ-ын дэд дарга Ц. Нямдорж болон УИХ-ын гишүүд, холбогдох яам тамгын газрын албаны хүмүүс, гадаад орнуудаас МУ-д суугаа дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн гишүүд, БНХАУ-ын Элчин сайдын яамны дипломат ажилтнууд, МУ-д ажиллаж амьдарч байгаа Хятадын иргэд зэрэг нийт 300 гаруй хүн оролцлоо.

Элчин сайд Шин Хаймин болон УИХ-ын дэд дарга Ц. Нямдорж хүлээн авалтыг нээж, баярын мэндчилгээ дэвшүүлэн үг хэллээ.

Шин Хаймин хэлэхдээ "67 жилийн турш, нэн ялангуяа өөрчлөлт шинэчлэлийн бодлого хэрэгжүүлснээс хойш ХКН-ын удирдлага дор Хятадын ард түмэн улс орноо бүтээн байгуулах үйл хэрэгтээ дэлхий дахины анхаарлыг татаж ихээхэн амжилтад хүрч, дэлхийн хоёрдох том эдийн засгийн цогц боллоо. Тун саяхан Хятад улс "Их 20"-ийн бүлгийн удирдагчдын Ханжөүгийн дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулж, дэлхийн эдийн засгийн бүтээлч хөгжлийг удирдан хөтөлж байна. Хятадын ард түмэн Ши Жиньпин тэргүүтэй ХКН-ын Төв хорооны тойронд нэгдэн нягтарч, чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах зорилтоо биелүүлэхийн төлөө чармайж байна" гэжээ.

Энэ он гарснаас хойш Хятадын эдийн засгийн үйл ажиллагаа ерөнхийдөө тогтвортой байж, энэ оны эхний хагаст эдийн засгийн өсөлт 6.7 хувьд хүрлээ. Хятадын хөгжлийн ирээдүй урагшлах тусам сайн болж, дэлхий дахинд улам их хувь нэмэр оруулах болно. Хятад улс энх тайванч хөгжлийн бодлогоо баримтлан хэрэгжүүлж, дэлхий дахины үйл хэрэгт идэвхтэй оролцож, харилцан ашигтай хамтаар хөгжих үзэл баримтлалыг баримтлан, "Нэг зам нэг бүс"-ийн бүтээн байгуулалт хийж, хамтаар хөгжих болно. Хятад улс хариуцлагатай том гүрэн хэвээр байж, өөрийн хөгжлийн үр шимийг хөрш орнууд болон хөгжиж байгаа орнуудад нэн сайтар хүртээж, дэлхийн хөгжлийн төлөө хүчин зүтгэх болно" гэж тэрээр нэмж хэллээ.

Хятад, Монгол 2 орон сайн хөрш, сайн анд, сайн түнш юм. Хятад, Монголын улс төрийн итгэлцэл, ажил хэрэгч хамтын ажиллагаа, хүмүнлэгийн харилцаа тасралтгүй гүнзгийрэн хөгжиж байна. Сүүлийн жилүүдэд хоёр орны удирдах хүмүүс байнга харилцан айлчилж, Ши Жиньпин дарга, Элбэгдорж ерөнхийлөгч нар 10 удаагийн уулзалт хэлэлцээ хийлээ. Энэ оны 7-р сард Ерөнхий сайд Ли Кэчян МУ-д айлчлал хийсэн бөгөөд мөн АСЕМ-ын бага хуралд оролцож, асар их үр дүнд хүрсэн байна. Хятад улс цаашид мөн садан төрлийн харилцаагаар МУ-ын хөгжил, бүтээн байгуулалтад чадлынхаа хирээр туслан дэмжиж, хоёр ард түмэнд буян хийх болно. МУ-ын шинэ УИХ болон засгийн газар саяхан байгуулагдсан. Монголын талтай бүх салбарт хамтран ажиллаж, хоёр орны харилцааны тун сайхан ирээдүйг хамтаар угтахад бид бэлэн байна" гэж Шин Хаймин илэрхийлэв.

Хүлээн авалт халуун дотно уур амьсгалд болж, ирсэн зочид Хятад орны хөгжлийг бахдан сайшааж, найрамдал нөхөрлөлөө хөөрөлдөн, хамтын ажиллагаагаа зөвшиж, хундага тулган баяр хүргэж, дурсгалын гэрэл зураг татуулж байлаа.

\Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч М. Цэцэн\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе