|
|
||
Хятадын Ганьсү мужийн Жан Е хотын Пин Шань Хү сум буюу Цох уул Суманд саяхан Монгол үндэстний "Навчин хээ" халх дуу дуулаачдын анхдугаар уралдаан болж өнгөрлөө.
Тус уралдааныг малчин Навч санаачлан зохион байгуулж, энэ нутгийн ардын дууг олон нийтэд таниулан монголчуудын язгуур урлагаа уламжлан дэлгэрүүлэх зорилготой утга баялаг үйл ажиллагаа болсон байна.
Санаачлан зохион байгуулагч Навч хэлэхдээ: "Ганьсү мужийн Жан Е хотын Монголчууд төвлөрсөн Баян сум болон Пин Шань Хү буюу Цох уул гэсэн хоёр суманд мянга гаруй Монголчууд амьдардаг юм. Эдгээр Монголчууд нь цаг төрийн шалтгаанаар 1910-аад оноос 1930-аад оны хооронд хуучнаар Монгол улсын Засагт Хан Аймгийн Жамбийн гүний хошуу, Толь гүний хошуу одоогийн Монгол улсын Говь-Алтай аймгаас нүүж ирсэн монголчуудын үр хойч юм. Хатуу тарчиг он цагийг туулахдаа эндэхийн монголчууд уугуул соёлоо орхиогүй уламжлан залгамжлуулахыг хичээсээр ирсэн юм" гэжээ.
"Навчин хээ" халх уртын дуу дуулаачдын уралдааны хянагч Баруун Хойдын Үндэстний Их Сургуулийн профессор Чойдандарь "Навчин хээ" гэсэн нэрийн тухай танилцуулахдаа: "Уралдаанд Пин Шань Хү сум болон Баян сумаар нутагтай 20 малчин оролцож, энэ нутагт дэлгэрсэн халх ардын дууны үг аялгууг бүрэн эхээр нь мэдэж байгаа эсэхийг онцлог болгож байгаа юм. Энэ удаагийн уралдааны шагналын хувьд мөнгө биш харин малчин Навч өөрөө хатган урласан "Навчин хээ" хатгамал, дээлийн торго, бяслаг зэргийг шагнал болгон өгч дуучдаа урамшуулсан байна. Нутаг нутгийн ардын дуу өөр өөрийн хэв намба, өнгө аястай байх нь мэдээж юм. Ардын дууг зөвхөн тайзан дээр биш, харин ардын дунд уламжлан дэлгэрүүлбэл сая амилах учиртай юм" гэжээ.
Энэ удаагийн уралдааны тухай ӨМ-ын Алшаа Аймгийн ардын дуучдын нийгэмлэгийн дарга Далай дүгнэлт хийснээр уралдаан амжилттай өндөрлөлөө.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |