• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний 2017 оны шинэ оны мэндчилгээ

CRI       (GMT+08:00) 2016-12-31 19:33:01

Шинэ оны босгон дээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадын Олон Улсын Радио, Хятадын Үндэсний Радио, Хятадын Төв Телевиз, Хятадын Олон Улсын Телевиз болон интернет сүлжээгээр 2017 оны шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ. Ингээд Ши Жиньпин даргын мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэе.

Анд нөхөд өө, хатагтай ноёд оо:

2017 оны шинэ оны хонхон дуу ойртож байна. Хуучин оноо үдэж, шинэ оноо угтан авах энэ баярт мөчид, миний бие Хятадын үндэстнүүдийн ард түмэн, Хонконг, Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн ахан дүүс, Тайванийн ахан дүүс болон гадаад дахь Хятадын харьяат, цагаач ард түмэн, дэлхийн улс орнуудын анд нөхдөдөө шинэ оны цогтой халуун баярын мэндчилгээ дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу.

2016 он Хятадын ард түмний хувьд дурсан тэмдэглүүштэй жил байлаа. Бид "13 дугаар 5 жилийн төлөвлөгөө"-гөө эхлүүлж, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг практикт идэвхтэй хэрэгжүүлэн, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах ажлаа түргэтгэн, улс орныхоо эдийн засгийн хөгжлийг дэлхийд тэргүүлэх эгнээнд хүргэж чадлаа. Бид өөрчлөлт шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлж, хангамжид тулгуурласан бүтцийн өөрчлөлтөөр том алхам хийж, үндэсний батлан хамгаалалт, цэрэг армийн өөрчлөлтөд чухал ахиц гарган, олон салбарын тулгар өөрчлөлтийн үндсэн төлөв байдлыг тогтоов. Бид хуулийн засаглалыг бүх талаар ахиулж, хууль зүйн тогтолцооны шинэчлэлийг гүнзгийрүүлэн, тус салбарын голч байдлыг ахиулж, нийгмийн шударга ёсыг хамгаалж чадлаа. Бид намаа чанд хатуу засахын төлөө ажиллаж, авилгын хэрэгт холбогдсон том, жижиг албан тушаалтнуудыг нэг бүрчлэн хатуу шийтгэснээр улс төрийн орчин, нам засгийн хэв журам, нийгмийн ёс суртахуунд нааштай өөрчлөлт гаргалаа.

2016 онд "Тэнгэрийн мэлмий" сансрын дуранг ашиглалтад оруулж, "Ү Күн" хиймэл дагуулыг сансар огторгуйд бүтэн жил амжилттай ажиллуулж, "Мө Зи" хиймэл дагуулыг хөөргөж, "Шэньжөү-11" нисгэгчтэй сансрын хөлөг, "Тяньгүн-2" сансрын лабораторийг сансрын гүнд аялууллаа. Хятадын олимпын баг тамирчид өндөр амжилт гаргаж, Хятадын гар бөмбөгийн эмэгтэйчүүдийн баг 12 жилийн дараа дахин олимпын аварга болсон гээд олон сайхан баярлууштай үйл явдал боллоо. Мөн өөрчлөлт шинэчлэлийн үр дүнд хөдөө орон нутгаас хот руу шилжсэн ард иргэдийг хот суурины харьяалалтай болгох явдлыг хялбаршуулж, ядуу хоцрогдсон бүс нутгийн хүүхдүүдийн сурах нөхцөлийг сайжруулж, иргэний үнэмлэх олгохдоо муж хотоор нь хязгаарлах явдлыг цуцалж, иргэний харьяалалгүй зарим хүмүүсийг хууль ёсны харьяалалтай болгож, олон айлыг гэр бүлийн эмчтэй болгож, гол мөрөн бүрийг хариуцаж ажиллах эзэнтэй болголоо. Энэ бүхэн бидний ололт амжилт, уйгагүй хичээл зүтгэлийн маань үр дүн билээ.

2016 онд, бид үзэсгэлэнт Шихү нуурын хөвөөнд "Их хорийн" удирдагчдын 11 дэх уулзалтыг амжилттай зохион байгуулж, даян дэлхийд Хятадын ард түмний оюун ухаан, Хятад улсын төлөвлөгөөг танилцуулсан төдийгүй, улс орныхоо сайн сайхан дүр төрхийг олон улсад харуулж чадлаа. "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалт хурдтай ахиж, Азийн Дэд Бүтцэд Хөрөнгө Оруулах Банк албан ёсоор ажлаа эхлүүлэв. Бид энх тайванч хөгжлийн замналаа хэлбэрэлтгүй баримтлан, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тэнгис далайн эрх ашгаа тууштай хамгааллаа. Хэн нэгэн энэ асуудалд халдах санаа сэдэхийг Хятадын ард түмэн хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй.

Өнгөрөн одож буй 2016 онд, олон газар байгалийн гамшиг, осол гарч, иргэдийн амь нас, эд хөрөнгө, үйлдвэрлэл, амьдралд ноцтой гарз хохирол учруулсан нь бид бүхний сэтгэлийг эмзэглүүлэв. Хятадын энхийг сахиулах хүчний хэд хэдэн офицер дайчин дэлхийн энх тайвны төлөө алтан амиа өргөлөө. Бид тэднийгээ үүрд дурсан санаж, ар гэрийнхнийг нь сайтар харж хандах болно.
 
2016 онд бид ХКН байгуулагдсаны 95 жилийн ой, Хятадын ажилчин тариачдын улаан армийн урт замын аян дайны ялалтын яруу алдарт 80 жилийн ойг гүн хүндэтгэлтэйгээр тэмдэглэлээ. Хятадын үндэстнүүдийн ард түмний сайн сайхны төлөө уйгагүй хүчин зүтгэл гаргасан ахмадуудаа бид үүрд хүндэтгэн дурсаж, түүхээ үргэлж санаж, итгэл дүүрэн урагшлах ёстой.

Найз нөхөд өө, хатагтай ноёд оо:

"он солигдож, орчлон дэлхий хувирсаар" ирж буй 2017 онд ХКН 19 дэх бүгд хурлаа хуралдуулж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах, өөрчлөлт шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлэх, хуулиар засаглах, намаа бүх талаар засах ажлыг үргэлжлэн эрчимжүүлэх болно. Зүгээр суугаад амжилтад хүрдэггүй, харин хичээл зүтгэлийн үр дүнд зорьсондоо хүрдэг.

Чинээлэг нийгмийг байгуулах үйл явцаас нэг ч хүн хоцорч гээгдэх ёсгүй. Жилийн турш, дахиад 10 сая гаруй хүн ядуурлаас ангижирууллаа. Урт хугацааны турш ядуусыг тэтгэх тэргүүн фронтод шаргуу ажиллаж ирсэн анд нөхдөдөө талархал дэвшүүлье. Шинэ он гарах гэж байгаа үед ядуу амьдралтай иргэдийн асуудал миний анхаарлыг хамгийн их татаж байна. Тэдэнд хоол унд байгаа болов уу? Халуун дулаан гэр оронтой болж чадаа болов уу? Шинэ он болон удахгүй болох цагаан сараа баяр баясгалантай тэмдэглэж чадах болов уу? Мөн зарим иргэд маань ажлаар хангагдах, үр хүүхэд нь боловсрол эзэмших, эмчлүүлэх, орон сууцтай болоход хүндрэлтэй байгааг ойлгож байна. Эдгээр асуудлыг зохицуулах нь нам, засгийн газрын зайлшгүй үүрэг хариуцлага юм. Нам болон олон нийт ядуу амьдралтай иргэдэд үзүүлэх дэмжлэг туслалцаагаа улам нэмэгдүүлж, өөрчлөлт хөгжлийн ололт амжилтыг улам олон иргэнд тэгш хүртээн, ард түмнээ улам аз жаргалтай амьдруулах хэрэгтэй.

Санаа нийлж амжилтад хүрдэг. 1 тэрбум 300 сая иргэн маань жаргал зовлонгоо хамтатган, манай нам ард иргэдтэйгээ хамтдаа шаргуу хичээн зүтгэвэл бид энэ цаг үеийн "урт замын аян дайн"-ыг амжилт дүүрэн даван туулж чадна.

Анд нөхөд өө, хатагтай ноёд оо:

Хятад улс эртнээс "даян дэлхий-нэг гэр бүл" хэмээх санаачилга гаргасан. Хятадын ард түмэн зөвхөн өөрсдөө сайхан амьдрахыг хүсэхгүй, харин дэлхийн улс орнууд, нийт хүн төрөлхтөн сайн сайхан амьдрахыг хүсдэг. Өдгөө, дайн дажин, ядуурал, өвчин тахал, байгалийн гамшиг зэрэг  нь олон улс орон, бүс нутгийг хамарч, ард иргэдийг нь гашуун зовлонд унагаж байна. Тиймээс бид сэтгэл санаагаа нэгтгэн, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын үзэл баримтлалыг хэлбэрэлтгүй мөрдөж, энэ сайхан дэлхий ертөнцөө улам амар амгалан болгож, улам хөгжүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэгээс хүсэж байна.

Хүмүүс ээ, итгэл зоригоо хөвчлөн, айсуй ирж буй шинэ оноо угтан авцгаая.

Баярлалаа, та бүхэнд.

Эрхэм сонсогчид оо, сая та бүхэнд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний Хятадын Олон Улсын Радио, Хятадын Үндэсний Радио, Хятадын Төв Телевиз, Хятадын Олон Улсын Телевиз, интернет сүлжээгээр дамжуулж дэвшүүлсэн 2017 оны шинэ оны мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэлээ. Анхаарал тавьсанд баярлалаа.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе