• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эрдэм судлалын цаст дөрвөн оргил

CRI       (GMT+08:00) 2017-01-30 14:55:53

Саяхан Хятадын Жилин мужийн монгол үндэстэн, зохиолч Бао Гуанлиний туурвисан "XX зууны Хятадын монгол эрдэмтэн-Ли Сигуан, Лян Шүмин, Шяо Чянь, Ай Сичи" хэмээх номыг БНХАУ-ын Үндэстний хэвлэлийн хороо хэвлэн тараасан нь эрдэмтэн судлаач, уншигч түмний талархлыг хүлээж байна. Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн судлаач, доктор Бао Шэнли "Гуан Мин Ри Бао" сонинд тус номын тухай бичсэн шүүмжээ нийтэлж, "Энэ номын зохиогч бол өргөн мэдлэгтэй хүн. Ердөө ганц жишээ татахад, 1955 оноос эхэлсэн Энгельсийн ярианы тухай философийн хоёр дахь маргаан дөрвөн жил гаруй үргэлжилж, хэн хэнийхээ саналыг хүлээн зөвшөөрөхгүй байхад Бао Гуанлинь гуай хэлний зүйн судалгаа, логик тайлбарын аргаар үнэмшилтэй дүгнэлт, тайлбар хийж, Ай Сичигийн үзэл баримтлалыг дэмжсэн юм" хэмээн тэмдэглэжээ.

Саяхан миний бие "XX зууны Хятадын монгол эрдэмтэн-Ли Сигуан, Лян Шүмин, Шяо Чянь, Ай Сичи" хэмээх номын зохиогч Бао Гуанлинь гуайтай уулзаж, зохиогчийн нутаг ус, түүх намтрын тухай хууч хөөрч, энэ номын тухай судлаачдын санал бодлыг сонссон юм. Энэ номонд Хятадад төрж өссөн дөрвөн монгол эрдэмтний намтар, эрдэм шинжилгээний бүтээл, Хятад улс болон хүн төрөлхтний хөгжил дэвшилд оруулсан хүчин зүтгэл, хувь нэмрийг дэлгэрэнгүй танилцуулжээ. Зохиогч Бао Гуанлинь арав гаруй жилийн хугацаа зарцуулж, маш олон сурвалж, материал ашиглан, агуулгыг бүрэн гүйцэд эш баримттай бичсэн юм. Энэ номонд тэр дөрвөн эрдэмтний шинжлэх ухааны төлөө гаргасан гавьяа зүтгэлийг өгүүлснээс гадна шударга ёсны төлөө тууштай тэмцдэг монгол хүний эр зориг, цагаан цайлган зан чанарыг товойлгон харуулжээ. Судлаачид тус номыг эрдэм шинжилгээ, сурган хүмүүжүүлэх ач холбогдлоос гадна хэл найруулгын хувьд гойд уран тансаг болсон хэмээн өндрөөр үнэлж байна.

Яагаад энэ дөрвөн хүнийг сонгосон тухайгаа Бао Гуанлинь гуай: Манай монгол эрдэмтэд энэ дөрвөн хүнээр зогсохгүй, маш олон байгаа. Миний сонгосон энэ дөрвөн хүн бол хамгийн нөлөөтэй том эрдэмтэд, манай улс үндэстний хөгжилд их хувь нэмэр оруулсан төлөөлөгчид юм. Энэ дөрвөн хүн эрдэм шинжилгээний талаар өндөр амжилт гаргасан, дэлхий дахинд алдартай судлаачид мөн" гэжээ. 

Энэ номонд бичсэн Ли Сигуан бол геологи, боловсрол судлал, дуу хөгжим, нийгмийн ухааны эрдэмтэн юм. Тэр Хятадын геологийн шинжлэх ухааны тулгын чулууг тавьж, БНХАУ-ын Геологийн яамны сайд зэрэг өндөр албан тушаал хашиж байлаа. Ли Сугуан гуай 1971 онд 82 настайдаа өөд болжээ. Хятадын шуудангийн салбар түүний зурагтай дурсгалын марк гаргаж, их дээд сургуулиуд хөшөөг нь босгож, музей байгуулах зэргээр түүний гавьяа зүтгэлийг үнэлжээ. 2009 онд түүнийг Хятад улс байгуулагдсанаас хойших шилдэг 100 хүний нэг, Монгол үндэстний арван том эрдэмтний нэгээр тодруулж, Олон улсын сансар судлалын холбоо нэгэн шинэ гарагийг "Ли Сигуан гараг" хэмээн нэрлэжээ.

Лян Шүмин бол Хятад улсын орчин үеийн Күнзийн суртлыг үндэслэгч юм. Тэр уламжлалт соёлын өвийг хамгаалах санаачилга гаргаж, хуулиар засаглах зэрэг санал дэвшүүлэн, шударга ёсны төлөө шаргуу тэмцсэн хүн. Шяо Чянь бол алдарт сэтгүүлч, уран зохиолч, орчуулагч хүн юм. Тэр олон төрлийн хэдэн зуун бүтээл туурвисан төдийгүй Жеймс Жойсын "Үлисс" зэрэг дэлхийд алдартай олон зохиолыг хятад хэлээр орчуулсан соён гэгээрүүлэгч хүн байлаа. Харин Ай Сичи философи, боловсрол судлал, нийгэм судлалын эрдэмтэн хүн байжээ. Түүнийг 1966 онд 56 настайдаа өөд болоход нь Хятад улсын дарга Мао Зэдүн "ХКН-ын онолын фронтын үнэнч дайчин" хэмээн үнэлсэн гэдэг. Тэрээр БНХАУ-ын Намын Дээд Сургуулийн философи судлалын албаны дарга бөгөөд орлогч захирлаар ажиллаж байсан юм.

"Энэ номонд бичсэн дөрвөн хүн бүгдээрээ монгол үндэстэн. Би монгол хүн болж төрсний хувьд тэдний түүх намтрыг илүү их сонирхон уншдаг байлаа. Ялангуяа тэдний үнэнч шударга зан чанар, эр зоригийг бахархан, хүүхэд залууст танилцуулахыг зорьж арваад жил хичээн зүтгэсний эцэст энэ номыг бичиж дуусгасан" хэмээн Бао Гуанлинь гуай ярьсан юм.

Бээжингийн их сургуулийн багш, профессор Дулаан: "XX зууны монгол дөрвөн эрдэмтний тухай энэ номд түүхэн сурвалж, материалыг өргөнөөр ашиглан, бодит байдлыг нээн харуулж, монгол үндэстний энэ дөрвөн эрдэмтэнд нийтлэг байсан үндэстнийхээ төлөө гэсэн сэтгэлийг гүн гүнзгий харуулсан" хэмээн үнэлжээ.
 
Хятад төдийгүй дэлхий дахины хөгжлийн түүхэнд шилдэг бүтээл туурвин, амжилт гаргасан эдгээр монгол эрдэмтний намтар түүх, зүтгэж явсан үйл хэрэг нь шинжлэх ухаан, философи, уран зохиол, мэдээ мэдээлэл зэрэг олон салбартай нягт холбоотой. Бао Гуанлинь гуай түүхийн маш олон эх сурвалж, материал ашиглан, бүтээлээ туурвисан учраас энэ номыг бүрэн уншихад тэдний амьдарч асан цаг үеийн түүхийг уншсантай адил хэмээн судлаачид үнэлж байна.

Төвийн үндэстний их сургуулийн профессор Мөү Жүнжянь: "Энэ номд олон сурвалж материал ашиглан, нөр их хөдөлмөр гаргасан нь тодорхой байна. Олон сайхан үйл явдлын тухай бичсэн нь их сонирхолтой юм. Уран тансаг хэл найруулгаар, түүхэн үнэнийг баримталсан нь ёс суртахууны хувьд үлгэр жишээ үүрэгтэй, түүхэн сурвалж адил үнэ цэнэтэй болсон" гэжээ.

Бао Гуанлинь 1940 онд Жилин мужийн монгол үндэстний өөртөө засах Өмнөд Горлос суманд төрсөн монгол хүн юм. Нутгийнх нь тухай хууч хөөрөхөд ус нутгаараа бахархдаг монгол зангаараа "Өмнөд Горлос бол Зоригт баатар Тогтохын нутаг юм. Тогтох баатар бол миний өвөөгийн дүү. Миний нутаг Өмнөд Горлос Монгол үндэстний өөртөө засах сум бол урт удаан жилийн түүхтэй, түүх соёлын баялаг өвтэй. Загас агнуур, газар тариалан, мал аж ахуйн соёл зэрэгцэн оршдог учраас соёлын нөөцөөр баялаг. Манай нутгаас олон алдартан төрж гарсан. Мөн монгол ардын дуу, хөгжим бүжиг, бөө мөргөлийн соёл зэрэг олон зүйл биет бус соёлын өвөөр бүртгэгдсэн" хэмээн ярьж байлаа. 

Хятадын нийгмийн шинжлэх ухааны академийн судлаач Бао Шэнли "Арваад жилийн хүч хөдөлмөрөө зарцуулан Ли Сигуан, Лян Шүмин, Шяо Чянь, Ай Сичи нарыг олон түмэнд танилцуулсан Бао Гуанлинь гуай өөрөө ч гэсэн мохошгүй зоригт монгол эрдэмтэн мөн. Түүний хүсэл мөрөөдөл хүүхэд залуусын зүрх сэтгэлд гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлж, эрдэмтэн судлаачдад үнэ цэнэтэй эх сурвалж болно гэдэгт итгэлтэй байна" гэжээ. Бао Гуанлинь гуай үүнээс өмнө найрууллын хоёр ном хэвлүүлсэн бөгөөд түүний бичсэн "Зоригт баатар Тогтох" ном түүхийн үнэ цэнэтэй материал болж, гурвантаа хэвлэгдсэн байна.
 

ХОУР-гийн сэтгүүлч Сарантуяа
Эх сурвалж: mongol.cri.cn

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе