• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сингапурчууд Японы түрэмгийллийн үед амиа алдсан ахан дүүсээ дурсаж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-02-23 10:22:07

2-р сарын 15-нд Сингапур улс Японы түрэмгийлэгчдэд эзлэгдсэний 75 жилийн ой тохиов. Сингапур дахь Хятадын худалдааны нийгэмлэгээс Японы түрэмгийллийн үед амь үрэгдсэн ард иргэдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, ёслол үйлдэн, Японы түрэмгийллийн үед амь үрэгдсэн ахан дүүсийнхээ араас эмгэнэн гашуудав. Сингапурын Соёл, дүүрэг, залуусын яамны сайд Grace Fu, Хятадаас Сингапурт суугаа элчин сайд Чэн Шяодүн нарын 200 гаруй зочид болон Сингапурын бага дунд сургуулиудаас ирсэн 1100 гаруй сурагч энэ удаагийн дурсгалын ёслолд оролцсон байна.

Дурсгалын ёслол эхлэх үед, Сингапурын Иргэний Батлан хамгаалах хүчин сэрэмжийн дохиог цуцлах хөгжим дуугаргав. Хөтлөгч хэлэхдээ: "Энэ хөгжмөөр дамжуулж аюултай байдал цуцлагдсныг олон түмэнд мэдэгдэж байна. Ард түмэн хэвийн амьдралаа сэргээж болно. Гэвч энхийн цагт ч гэсэн сонор сэрэмжтэй байх ёстой" гэжээ.

Дэлхийн II дайнд, Сингапур улс Японы түрэмгийлэгчдэд эзлэгджээ. Тэр үед Японы түрэмгийлэгчид маш олон хүнийг хайр найргүй хядсан юм. 1967 оноос хойш жил бүрийн 2-р сарын 15-нд, Сингапур дахь Хятадын худалдааны ерөнхий нийгэмлэгээс Японы түрэмгийллийн үед алтан амиа алдсан ард иргэдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, гашуудлын ёслол зохион байгуулан, амиа алдсан ахан дүүсээ дурсан санадаг болжээ. Энэ үйл ажиллагааг 50 жилийн турш зохион байгуулж байгаа гэнэ. Сингапур дахь Хятадын худалдааны ерөнхий нийгэмлэгийн дарга Цай Чишэн ингэж ярьж байна.

"50 жилийн турш зохион байгуулсаар ирсний зорилго бол түүхээс сургамж авч, энхийн цагт ч сонор сэрэмжтэй байх итгэл үнэмшлээ орхихгүйн төлөө юм. Сингапур хэзээд төр түвшин, түмэн амгалан байхыг бид хүсэж байна. Хүүхэд залуус маань ямар үнээр энх тайван тогтсоныг сайтар ойлгож, энх тайвныг сахин хамгаалах ёстой. Сингапурчууд эе эвтэй байж, улс ардын аж ахуйгаа бүтээн байгуулж, энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахыг бид хүсэж байна" гэжээ.

Япончууд Сингапурыг түрэмгийлэх үедээ, орон нутгийн хятадуудыг ямар муухай харгис аргаар дарлаж байсныг маш олон сингапурчууд одоо хэрнээ мартдаггүй юм. Ноён Линь жил бүрийн энэ өдөр дурсгалын ёслолд оролцож, төрөл төрөгсдөө дурсан, тэнгэрт даатгаж, эмгэнэн гашууддаг юм байна. Япончуудын үйлдсэн их хядлагын үеэр түүний аав амиа алдсан гэнэ.

1942 онд Япончууд Сингапурыг эзлэн авах үед, ноён Линь дөнгөж 12 настай, түүний аав 33 настай байжээ. Япончууд 12-оос дээш настай хятад эрэгтэй хүүхдүүдийг "шалган гэрчлэх" хэмээх арга хэмжээнд оролцуулж, удам судар, нэр хаягаа тодруулах тухай тогтоол гаргажээ. Энэ тухай ноён Линь ярьж байна.

"Япон даргад илтгэсний дараа, аавыг маань гадаа байгаа ачааны машинд суу гэв. Би аавыгаа дагаж гарсан. Гадаа байсан япон цэрэг намайг хүүхэд гэж мэдээд татан зогсоож, дотор байсан нөгөө даргаасаа асуусны дараа, намайг гэр лүү минь буцаасан юм. Аав маань тэр машинд сууж явснаас хойш сураг тасарсан. Хүмүүс: Changi-гийн далайн хөвөөний элсэнд хэдэн мянган хүнтэй хамт буудуулж амь үрэгдсэн гэдэг. Одоо хүртэл япончуудыг харахаар миний нүд хорсдог."

Японы түрэмгийллийн үед амиа алдсан ахмадуудаа дурсан, эмгэнэн гашуудсаны дараа, тэнд очсон сурагчдадахмад дайчид тэр үеийн түүхийг ярьж, өнгөрсөн түүхээ үргэлж санаж явахыг түмэн олонд сануулж байлаа. Тэр үеийн тухай нэгэн ахмад дайчин дурсаж байна.

"Шалган гэрчлэх ажиллагаар батлагдсан хүмүүсийн хацар, хувцсан дээр тамга дардаг байлаа. Тэд бол золгүй хүмүүс. Харин Японыг эсэргүүцсэн этгээд гэж нотлогдсон хүмүүсийг Сингапурын алс зайдуу дүүрэгт аваачиж, буудан хороож, тэнд нь булшилдаг байсан юм. Дайны дараа, япончуудын хийсэн бүртгэлээр 5000 хүн амиа алдсан гэдэг. Энэ тоо баримт бол худал. Бидний хийсэн бүртгэлээр наад зах нь 50 мянга гаруй хүн амиа алдсан."

Ахмад дайчид хэлэхдээ: Үе үеийн сингапурчууд энэ түүхийг мартаж болохгүй, бас Сингапурын төлөө халуун амиа өргөсөн ахмад үеийнхнийг мартаж болохгүй гэдгийг золоор амьд үлдсэн сингапурчууд ойлгосон юм" гэжээ. Ёслолд оролцсон Сингапурын Соёл, дүүрэг, залуусын яамны сайд Grace Fu хэлэхдээ,

"Бид жил бүрийн дурсгалын ёслолын арга хэмжээгээр дамжуулж түүхээ санаж, ард түмнээ сонор сэрэмжтэй байхыг хүсдэг. Ялангуяа Сингапурын залуу хойч үеийнхэнд эх орноо хамгаалахын чухлыг ойлгуулахыг зорьдог. Эх орноо хамгаалах нь хүн бүрийн үүрэг хариуцлага. Залуус дүү нар минь бодит үйл хэргээр Сингапурын нийгэмд өөрийн хүчин зүтгэл, хувь нэмрээ оруулаасай хэмээн бид хүсэж байна."

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе