|
|
||
Саяхан БНХАУ-ын Шанхай хотноо Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандорж тэргүүтэй Монголын уран бүтээлчид, Манжуур хотын дэд дарга Рэн Гүөфэн тэргүүтэй тус хотын захиргааныхан, Шанхай хотын Жями компанийн төлөөлөгчид "Дэлхийн Манжуур" төслийг хамтран хэрэгжүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурлаа.
Монгол, Орос, Хятад гурван улсын хил залгах Манжуур хот бол БНХАУ-ын хуурай газрын хамгийн том боомт, гурван улсын эдийн засгийн чөлөөт бүс билээ. Манжуурт зундаа 5-7 сая жуулчин ирдэг бөгөөд тус хотын захиргаа жуулчдад мартагдашгүй дурсамж үлдээх урлагийн тоглолт хийж, Манжуур хотын брэнд шоутай болох замаар улам олон жуулчин татах санаачилга гаргасан нь энэ оны 6 дугаар сараас эхлэн хэрэгжихээр болоод байна.
"Дэлхийн Манжуур" төслийн монгол талын удирдагчаар найруулагч Ч.Найдандорж ажиллаж байгаа юм. Тэрээр: "Энэ тоглолтын зохиолыг урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар маань бичсэн. Г.Ган-Очир бүжиг дэглэж, Д.Эрдэнэжаргал ерөнхий зураачаар ажиллаж байна. Монголын талаас 20 гаруй уран сайханчид голлон тоглож, орон нутгийн жүжигчид туслах дүр бүтээх юм. Тоглолтын үйл явдлын хувьд эртний тэнгэр шүтлэг, бөө мөргөл, аян дайн, нүүдэл суудал, ан ав, хурим найрын сэдэвтэй. Энэ шоуны үзэгчид олон газраас ирсэн жуулчид байх учир харилцан яриа оруулахгүй, өөрөөр хэлбэл үггүй жүжиг байна гэсэн үг. Үйл явдлыг хөгжим, бүжиг, хөдөлгөөн, дуу авиа, нүүрний хувирал, тайз гэрлийн шийдлээр илэрхийлнэ. Гэхдээ уртын дуу, үндэсний хөгжим, хөөмий гэх мэт язгуур урлагийн элемент оруулна" хэмээн ярьж байлаа.
БНХАУ-ын төрийн шагналт хөгжмийн зохиолч, Бүх Хятадын дуу хөгжмийн клубийн дэд тэргүүн Д.Энхбаяр: Миний бие "Дэлхийн Манжуур" төслийн хятад талын удирдагч, хөгжмийн зохиолчоор ажиллаж байгаа юм. Манай шоу тоглолт хөгжмийн хувьд симфониор гол болгоно. Мөн киноны болон тайзны хөгжмийн хэв маягийг хослуулж, хөөмий, уртын дуунаас улируулж өнөөгийн рок поп хөгжмийг ч оруулах юм. Бид жүжгийн хувьд ч, хөгжмийн хувьд ч, тайз гэрлийн хувьд ч Лас Вегасын шоу шиг дэлхийн хэмжээний шоу хийх зорилго тавьсан. Одоо бүх боломж бүрдчихлээ. Манай багийн уран бүтээлчид тавьсан зорилгодоо хүрэхийн тулд хамаг ур ухаан, авьяас чадвар, хүч чадлаа дайчлан ажиллах болно" гэсэн юм.
Харин Жями компанийн захирал Юй Цун-И: "Бид театрыг орчин үеийн 4D, 5D технологийн дагуу тоноглоно. Тайзны тоноглол, гэрлийн шийдэл, шинэ технологиор үзэгчдийг алмайруулж, үзэж байгаа дүрс нь бодит байдал уу, хуурмаг үзэгдэл үү гэдэгт эргэлзэхэд хүргэнэ. Тоглолтын хөдөлгөөн, өнгө дүрс ганц тайзаар хязгаарлагдахгүй, зрител дундуур, үзэгчдийн дэргэд ч үйл явдал өрнөх юм" хэмээн ярьж байлаа.
Энэ төслийг санаачлагч Манжуур хотын захиргааныхан тус хотод аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг компаниудаар дамжуулан жуулчдад тасалбар борлуулах, уран сайханчдын виз, орон сууц, нийгмийн асуудлыг бүх талаар шийдвэрлэх үүрэг хүлээж байгаа юм. Манжуурын театр 3000 хүний суудалтай бөгөөд нэг тогтлолтыг наад зах нь 2000 хүнд үзүүлнэ гэж төлөвлөөд байгаа юм байна.
До.Болдхуяг
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |