|
|
||
"Ромео Жульетта хоёр", "Шерлок Холмсийн адал явдал" зэрэг Их Британийн уран зохиолын сонгодог бүтээлийг Хятадын уншигчид андахгүй мэднэ. Энэ үзэсгэлэнд Английн суут зохиолч Шекспир, Байрон, Дикенс, Конан Дойл нарын 9 гар бичмэл, эрт цагт хэвлэсэн 2 номыг тавьсан ба үүнд яруу найраг, жүжиг, өгүүлэг зэрэг гурван төрлийн бүтээл хамрагджээ. Мөн тэндээс "Жейн Эйр", Уильям Уордсуортын "I wandered lonely as a cloud" буюу "Би үүл шиг ганцаардан тэнэж явна" шүлгийн цорын ганц гар бичмэлтэй танилцаж болно.
Хятадын Үндэсний номын сангийн дэд эрхлэгч Ли Хунлиний танилцуулснаар, энэ удаад Их Британийн сонгодог уран зохиолын гар бичмэл, ном хэвлэлээр анх удаа Хятад улсад үзэсгэлэн гаргаж байгаа юм байна.
"Жишээ нь Шекспирийн "Ромео Жульетта хоёр"-ын хоёр дахь хэвлэл бол уг эхтэйгээ хамгийн ойрхон хувилбар бөгөөд одоо Их Британийн номын сангийн хамгийн ховор нандин үзмэрт тооцогддог. Мөн Английн хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, удирдаач Бриттений "A Midsummer Night's Dream" буюу "Зуны шөнийн мөрөөдөл" дуурийн харандаагаар бичсэн гар бичмэл, нэрт зохиолч Шарлотта Бронтегийн "Жейн Эйр" роман бий. Энэ романаар сэдэвлэж хийсэн киног олон хүн үзсэн байх. Мөн Артур Конан Дойлын "The Missing Three-Quarter" буюу "Сураггүй болсон төвийн тоглогч", Байроны "Дон Жуан"-ы анхны гар бичмэл бий."
Их Британийн номын сангийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, хатагтай Блакстоне ингэж ярьж байна:
"Энэ үзэсгэлэн бол Их Британийн номын сангаас хилийн чанадад зохион байгуулж буй сэтгэл хөдөлгөм үзэсгэлэнгийн нэг бөгөөд бид хамгийн ховор нандин дурсгалт зүйлсээ Хятадад авчирсан төдийгүй, мөн Хятадын үндэсний номын сангийн ховор нандин ном хэвлэлүүдтэй зэрэгцүүлэн тавьснаараа онцлог юм."
Хатагтай Блакстонегийн хэлсэнчлэн, энэ үзэсгэлэнд Их Британийн аваргуудын бүтээлээс гадна, Хятадад хадгалагдаж буй зарим сонгодог бүтээлийг тавьжээ. Жишээ нь Ли Чи-Е-гийн орчуулсан "Жейн Эйр", Ча Лянжэний орчуулсан "Дон Жуан", Лян Шичиөү, Тянь Хань нарын орчуулсан Шекспирийн жүжгүүд бий. Хятадын Соёлын яамны сайд Лүө Шүган:
"Хятадын үндэсний номын сан дотоодын орчуулагчдын сонгодог бүтээлийн гар бичмэл, орчин үеийн ном хэвлэлээс сонгон шалгаруулж, энэ үзэсгэлэнд тавьсан тул Хятад, Их Британийн соёлын солилцооны ололт амжилтыг бүрэн харуулж чадсан."
Үзэсгэлэнд тавигдсан ном хэвлэлээс, эрт цагт хэвлэгдсэн А-3-ын хэмжээтэй "Ромео Жульетта хоёр" хүмүүсийн анхаарлыг хамгийн их татаж байлаа. Үүнийг Шекспирийг амьд сэрүүн байхад хэвлэсэн бөгөөд Их Британийн эзэн хаан III Жоржийн хайртай ном байсан тул Их Британийн номын сангийн хамгийн ховор нандин эрдэнэ юм. Харин түүнтэй нэгэн цагт буюу Хятадын Мин улсын үед бараар хэвлэсэн "Удвал цэцгийн тагт"-ыг Хятадын үндэсний номын санд тавьжээ. Энэ бүтээлийн зохиолч Тан Шяньзү бол Хятадын Мин улсын аугаа зохиолч, философич бөгөөд хожмын хүмүүс түүнийг "Дорно дахины Шекспир" хэмээн өргөмжилжээ. Тан Шяньзү, Шекспир нарын аль аль нь 401 жилийн өмнө таалал төгссөн атал өнөөдөр тэдний бүтээл нэг үзэсгэлэнгийн танхимд хамт тавигдсанаараа онцлог боллоо.
Дашрамд дурдахад энэ үзэсгэлэн 6-р сарын 22 хүртэл үргэлжлэх бөгөөд нийтэд үнэ төлбөргүй үзүүлж байгаа юм.
\Д.Хүчитбаатар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |