"Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтын дугуй ширээний хурал болов

CRI       (GMT+08:00) 2017-05-16 10:00:19

 "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалт 15-нд Бээжингийн Янь Шиху олон улсын хурлын төвд дугуй ширээний хурал хийжээ. 30 гаруй улс орны удирдагч, НҮБ, Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн удирдах албаны хүмүүс дугуй ширээний хуралд оролцож, "олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлж, 'нэг бүс нэг зам'-ыг хамт байгуулж, хамт ашиг хүртэн, хөгжих" уриан дор хөгжлийн стратегиа уялдуулах, дэд бүтцээр харилцан холбохыг ахиулах, хүмүүнлэгийн солилцоонд тус дөхөм үзүүлэх зэрэг сэдвээр санал бодлоо солилцож, өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрч, хамтарсан албан мэдээ нийтэлсэн байна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин хурлыг даргалж, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Жан Гаоли хуралд оролцжээ.

Хятадын тал энэ чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа нь хамтын ажиллагааны тухай хамтдаа ярилцаж, хамтын ажиллагааны индрийг хамтдаа байгуулж, хамтын ажиллагааны үр дүнг хамт хүртэж, "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтаар олон орны ард түмэнд үр ашиг хүртээхийн төлөө юм. Дугуй ширээний хурлаар нийтлэг ойлголтоо улам нэмэгдүүлж, "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтын олон улсын хамтын ажиллагаанд чиглэл тогтоон өгч, зураг төлөвлөгөө гаргахыг хүсэж байна гэж Ши Жиньпин онцолжээ.

Нэгдүгээр шатны хурлын дараа үдийн зоог барьж, дараа нь хоёр дахь шатны хурал хийжээ. Хуралд оролцсон удирдагчид "бодлого, хөгжлийн стратегийн холбоосоо эрчимжүүлж, түншийн харилцаагаа гүнзгийрүүлье", "хүмүүнлэгийн харилцаа хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэх", "харилцан саадгүй холбогдох бодит хамтын ажиллагааг эрчимжүүлж, холбоотой хөгжлийг биелүүлье" сэдвээр өргөн хүрээнд гүнзгий санал солилцон, чухал нийтлэг ойлголтод хүрчээ. Талууд "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтын ач холбогдлыг санал нэгтэй чухалчилж, хамтын ажиллагаагаа улам өндөр түвшин, улам өргөн хүрээнд, улам гүн давхаргад ахиулахыг хүссэн байна. Мөн макро эдийн засгийн бодлогын зохицуулалтаа эрчимжүүлж, олон улсын сайн сайхан орчин бий болгохыг зөвшөөрсөн байна. Хөгжлийн стратегиа уялдуулахыг бодитоор хэрэгжүүлж, олон орны төлөвлөгөө, хөгжлийг уялдуулан, ашгаа хуваалцахыг хүссэн байна. Дэд бүтцээр харилцан холбохыг "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтын хамтын ажиллагааны чухал салбар болгож, дэд бүтцийн тоног төхөөрөмжийг харилцан холбохыг боловсронгуй болгон, бодлого, дүрэм журам, стандарт зэрэг холболтыг эрчимжүүлэн дэд бүтцээр харилцан холбох замаар бодит эдийн засгийн дайчлах хүчийг бүрэн ашиглаж, тогтвортой, олон ургальч банк санхүүгийн уялдаа, хамтын ажиллагаа өрнүүлэхийг талууд санал нэгтэй зөвшөөрчээ.

Хуралд оролцсон улс орнуудын удирдагч, олон улсын байгууллагын удирдагчид Хятадын дэвшүүлсэн "нэг бүс нэг зам" санаачилга, энэ удаагийн дээд хэмжээний чуулга уулзалтыг өндрөөр үнэлж, "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтыг хамт ахиулж, хамт хөгжихийг хүсэж байгаагаа илэрхийлжээ.

17 цагт хурлын хаалтын үеэр талууд "нэг бүс нэг зам олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтын дугуй ширээний хурлын хамтарсан албан мэдээ" нийтэлж, "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтын ололт амжилтын жагсаалтыг нийтэлсэн байна.

Ши Жиньпин хаалтын үг хэлж, хурлын 5 чухал нийтлэг ойлголтыг дүгнэжээ.

Нэгт, "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтын хамтын ажиллагааг ахиулж, дэлхийн эдийн засагт тулгарч буй өрсөлдөөн сорилтыг хамтдаа даван туулах. Хоёрт, эдийн засгийн бодлогын зохицуулалт, хөгжлийн стратегиа уялдуулахыг дэмжиж, хамт хөгжихийн төлөө хичээн зүтгэх. Гуравт, олон салбарын бүтээлч хамтын ажиллагааг тасралтгүй ахиулж шинэ амжилтад хүргэх. Дөрөвт, олон орон хоорондын иргэдийн хэлхээ холбоо, гүүр бий болгох. Тавт, "нэг бүс нэг зам" бүтээн байгуулалт бол нээлттэй, уужуу хөгжлийн тавцан болохыг баримталж, олон орон эрх тэгш оролцон, хамтдаа хувь нэмэр оруулж, адилхан ашиг хүртэх зэрэг эдгээр болно гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл