• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Цагийн зэв" ном ба "Цагийг эзэлсэн" найрагч

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-17 17:31:49

5-р сарын 17-ны 11 цагт Улаанбаатар хотын Интерномын дэлгүүрт Өвөр Монголын нэрт яруу найрагч Б.Буянхишигийн Улаанбаатар хотноо кирилл үсгээр хэвлүүлсэн "Цагийн зэв" яруу найргийн номын нээлт болж өнгөрлөө. Тус арга хэмжээнд Монгол улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, төрийн шагналт яруу найрагч Б.Лхагвасүрэн, МУСГЗ зохиолч Г.Аюурзана, МУСГЗ зохиолч, яруу найрагч Дан.Нямаа, Нацагдоржийн шагналт зохиолч, МҮОНР-гийн захирал Б.Баярсайхан, МЗЭ-ийн шагналт зохиолч, утга зохиол шүүмжлэгч П.Батхуяг, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Бя.Энхтуяа зэрэг зохиолчид болон утга зохиол, яруу найраг сонирхогч 100 гаруй хүн оролцсон байна.

"Цагийн зэв" номын нээлтийн ёслолд Б.Лхагвасүрэн гуай хэлсэн үгэндээ: "Буянхишиг бид хоёр аль 1989 онд танилцсан, 30-аад жилийн анд нөхөд, ах дүү улс юм. Буянхишиг бол цагийг эзэлсэн яруу найрагч. Энэ хүн Өвөр Монголын яруу найргийг хөл дээр нь босгож, өдий зэрэгт хүргэсэн..." гэсэн бол МУСГЗ зохиолч, яруу найрагч Г.Аюурзана: "Буянхишиг бид хоёр эртний найзууд. Буянхишиг Бээжин хотод хэвлүүлсэн "Цасны марк" номоо Монгол улсын уншигчдад зориулж кирилл үсгээр хэвлэхдээ "Цагийн зэв" гэж нэрлэсэн нь нэг талаар маш оновчтой шийдэл, нөгөө талаар "Цагийн зэв" гэдэг нэр Буянхишиг гэдэг яруу найрагчийг маш тодорхой илэрхийлж чадсан" хэмээн ярьж байлаа.

Мөн МУСГЗ, Нацагдоржийн шагналт яруу найрагч Дан.Нямаа: "Буянхишиг алдартай яруу найрагчаас гадна хориод жилийн тэртээгээс Монгол улсын уран зохиол, яруу найргийг Өвөр Монгол төдийгүй дэлхийн монгол бичигт уншигчдад танилцуулсан гавьяатан" хэмээсэн бол МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Баттөмөр: "Буянхишиг энгийн үгээр гүн гүнзгий утга илэрхийлдэг. Хамгийн агуу зохиолыг л ийм энгийн үгээр бичдэг" хэмээн үнэлж байлаа.

Тус номын зохиогч Б.Буянхишиг: "Би 1990 онд хэвлүүлсэн яруу найргийн анхны түүвэр "Өрөөсөн сар" номоо хэвлүүлээд номын нээлт хийж байсан. Түүнээс хойш Монгол, Хятад, Япон улсад хэд хэдэн ном хэвлүүлэхдээ нээлтийн ёслол хийж байсангүй. Харин өнөөдөр Монгол улсад анх удаа номын нээлт хийлээ. Та бүхэнд маш их баярлалаа." гэжээ. Б.Буянхишиг нээлтийн ёслолын төгсгөлд тэнд цугласан уншигчдын асуултад хариулж, гарын үсэгтэй номоо дурсгасан юм. "Цагийн зэв" номыг МЗЭ-ийн шагналт яруу найрагч Бя.Энхтуяа хөрвүүлж, өмнөх үгийг бичин "Admon" компанид хэвлүүлсэн байна.

 

Яруу найрагч Б.Буянхишигийн бүтээлийн жагсаалт:

-"Өрөөсөн сар" яруу найргийн түүвэр. Бээжин 1990 он

-"Тэнгэрийн салхи" яруу найргийн түүвэр. Бээжин 2000 он

-"Сэтгэлийн үлгэр" яруу найргийн түүвэр. Токио 2000 он

-"Би монгол хүн" яруу найргийн түүвэр. Токио 2001 он

-"Амраг" яруу найргийн түүвэр. Улаанбаатар 2003 он

-"Ерэн есөн хар ямаа" яруу найргийн түүвэр. Бээжин 2006 он

-"Цасны марк" яруу найргийн түүвэр. Бээжин 2014 он.

-"Нэг өгүүлэгдэхүүн далан дөрвөн өгүүлэхүүн" шүүмж. Бээжин 2006 он.

-"Цагийн зэв" яруу найргийн түүвэр. Улаанбаатар 2017 он

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе