• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Профессор Дулаан "Өвгөн ба далай" номыг орчуулжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-24 17:28:43

Саяхан нобелийн шагналт зохиолч Эрнест Хемингуэйн туурвисан "Өвгөн ба далай" туужийг Бээжингийн Их Сургуулийн профессор Дулаан орчуулж, Өвөр Монголын Багачууд хүүхдийн хэвлэлийн хороо хэвлэн, худалдаанд гаргажээ. Дулаан профессор тус туужийг анх 2013 онд орчуулж, "Дэлхийн утга зохиол" зэрэг сэтгүүлд нийтлэн, Хятадын "Үндэстний утга зохиол" шагнал хүртэж байсан юм. Тус номыг 5-р сард худалдаанд гаргаснаас хойш уншигчдын талархлыг хүлээж, эхлээд 3000 хувь, дараа нь 4000 хувь хэвлэн, борлуулж дууссан бөгөөд олон хүн захиалга өгч, дахин хэвлэхийг хүлээж байна. Хүүхэд залуус ном унших сонирхолгүй биш, сонгодог бүтээл улам олон байх ёстой гэдгийг үүнээс ойлголоо гэж Дулаан профессор ярьж байлаа.

"Өвгөн ба далай" туужид гардаг Сантяго өвгөний нугаршгүй зоригоос суралцах ёстой гэж би багш хүний хувьд хүүхэд залуустаа уламжлах зорилгоор энэ номыг орчуулсан гэжээ. Энэ номыг дэлхийн олон улс үндэстэн өөр өөрийн хэлээр олон дахин орчуулж байсан. Тухайлбал, Хятад хэлээр 100 гаруй хүн орчуулж, хэвлэсэн.

Өнөөг хүртэл монгол хэлээр хятад, орос хэлнээс дам орчуулсан, англи хэлнээс шууд орчуулсан 3 хүн бий. Дэлхийн сонгодог бүтээлийг харилцан адилгүй цаг үед өөр өөр хүн өөр өөрийн онцлогоор орчуулах нь тухайн үндэстний уран бүтээлчдийн гадаад хэлний болон уран зохиолын түвшин дээшилж буйг харуулдаг бөгөөд уншигчдын сонирхол, тус бүтээлийн үнэ цэнийг илэрхийлдэг гэж Дулаан профессор ярьж байлаа. Монгол улсын орчуулагч Аким гуай англи хэлнээс шууд орчуулсныг саяхан Дулаан профессор Монгол улсад очоод мэдсэн байна. Дулаан: "Бид хоёрын орчуулга өөр өөрийн өвөрмөц онцлогтой.

Уг эхээс нь шууд орчуулбал уран бүтээлийн чанар чансаа, соёлын хүчин зүйлс алдагдах нь харьцангуй бага байдаг" хэмээн ярьж байлаа. Эрнест Хемингуэйн зохиолын хэл найруулга товч, утга гүн, далд байдаг. Тэр хэл найруулгын талаар "Мөсөн уул " хэмээх онолыг баримталдаг. Энэ нь уран зохиолын хэл мөсөн уул мэт, наймны нэг нь тэнгисийн мандалд хөвж харагддаг бол далд байгаа наймны долоо нь гүн утга агуулдаг гэдэг. Би орчуулгадаа энэ шинж чанарыг нь аль болохоор хадгалахыг хичээсэн.

Далай баян монгол хэл мань үүнийг оновчтой илтгэж чадах бүрэн боломжтой гэдгийг орчуулах явцдаа илүү их мэдэрлээ хэмээн Дулаан профессор ярьж байлаа: Зохиол орчуулахад уг эхийг нь үнэн бодитоор харуулах ёстой.

"Өвгөн ба далай" туужийн өвгөн далайд загастай тэмцэж буйг малчин хүн тал дээр эмнэг сургаж байгаа мэт дүрсэлж болохгүй. Зохиолын агуулгыг хадгалахын зэрэгцээ уншигчдын сэтгэлд буутал орчуулах ёстой. Үүнд орчуулагчийн эрдэм чадвар оршино гэж Дулаан профессор ярьсан юм. "Өвгөн ба далай" номыг эх хэлээрээ орчуулж, олон олон монгол залууст бэлэг барихыг зорьсон юм. Залуус мань эх хэлээ бүрэн эзэмших төдийгүй гадаад хэлэнд мэргэшихийг хүсэж байна хэмээн Дулаан профессор ярилцлагынхаа төгсгөлд хэлсэн юм. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе