• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Бээжин хотыг би сайн мэднэ" уралдаан амжилттай болж өндөрлөлөө

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-11 17:35:44

6-р сарын 10-нд ХОУР-гийн төв байрт, Бээжин хотын Монгол оюутнуудын дунд зохион явуулсан "Бээжин хотыг би сайн мэднэ" уралдаан бүрэн дүүрэн амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү уралдааныг ХОУР-гийн монгол хэлний редакц, ХҮР-гийн монгол хэлний редакц, Бээжин хот дахь Монгол оюутны холбоо хамтран зохион байгуулсан юм. Тус уралдаанд Бээжин хотод суралцаж буй Монгол оюутнуудаас бүрдсэн тус бүр 3 гишүүн бүхий 10 баг илтгэл тавих, асуултад хариулах, зураг тайлбарлах, урлагийн тоглолт хийх зэргээр өрсөлдөж, мэдлэг авьяас, ур чадвараа сорилоо.

ХОУР-гийн монгол хэлний редакцын дарга Гэрэлт, БМОХ-ны тэргүүн Мишээл нар уралдааныг нээж үг хэлсэн юм. Шүүгчдийн бүрэлдэхүүнд Монгол улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны элчин зөвлөх, хатагтай Батцэцэг, ХКН-ын Гадаад харилцааны яамны 2-р газрын дарга Ли Жяньжүн, ХОУР-гийн нэвтрүүлэгч, нэрт яруу найрагч Г.Баатар, ХҮР-гийн алдарт нэвтрүүлэгч Хувьсгалт, ХОУР-гийн мэргэжилтэн, түүхийн ухааны доктор До.Болдхуяг нар ажиллав. Мөрөөдлийн театрын жүжигчин Болорчулуун, Багшийн их сургуулийн оюутан Батчимэг нар уралдааныг хөтлөн явуулж, үзэгчдийг хөгжөөж байлаа.

Илтгэлийн уралдаанд "Хориотой хот", "Бээжин дуурь", "2008 оны Бээжингийн зуны олимп", "Газар доорх шоргоолжны үүр буюу Бээжингийн метро" зэрэг тусгай сэдэв сонгон, судалгаа хийж, бэлдсэн илтгэлүүд үзэгчдийн анхаарлыг татаж, шүүгчдээс өндөр үнэлгээ авсан юм. Илтгэлтэй холбогдуулж тавьсан шүүгчдийн асуултад ихэнх баг сайн хариулж, тухайн сэдвээр судалгаа сайн хийснээ нотлон харуулж байлаа. Уралдааны 2-р шат буюу "зураг тайлбарлах" даалгаврыг оюутан залуусын дийлэнх нь амжилттай гүйцэтгэж, мэдлэг чадвараас гадна авхаалж самбаа гаргаж байлаа. Уралдааны 3-р шат буюу "урлагийн үзүүлбэр" үзүүлэх даалгавар хамгийн сонирхолтой болсон бөгөөд зарим залуусын дуулж, бүжиглэх авьяас билэг хуран цугларсан хөгжөөн дэмжигчдийг "байлдан дагуулсан" юм. Уралдааны дундуур шүүгч нарын зүгээс үзэгчдийн дунд асуулт тавьж, зөв хариулсан оюутнуудад ХОУР дурсгалын зүйл гардуулав.

Уралдааны эцсийн үр дүн гарахад Хятадын Ардын Их Сургуулийн "Сондор" баг тэргүүлж, Тариалангийн Их Сургуулийн "ММВ" баг, Ардын Их Сургуулийн "Хуучин хүрээний шинэ сэхээтнүүд" баг удаалж, "Кongfu Panda", "More light", "Бээжингэрс" багууд 3-р байранд шалгарсан юм. Дашрдамд дурдахад энэ уралдаан Бээжинд суралцаж буй монгол оюутнуудын дунд зохиосон хамгийн өндөр шагналтай арга хэмжээ гэдгээрээ онцлог боллоо.

1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе