|
|
||
2017 оны 7 дугаар сарын 9-нд Бээжин хотын зүүн захад байдаг "Мэнчи Бүлү" хэмээх цэцэрлэгт хүрээлэнд "Чингис хааны догшин хар сүлд" хэмээх морьтон залуусын шоу үзүүлбэр, Монгол үндэстний язгуур урлагийн "Торгоны замын домог" тоглолтын нээлтийн ёслол амжилттай болж өнгөрлөө. Энэ шоуг "Санж" групп санхүүжүүлэн, зохион байгуулж, сургуультай морьдын үзүүлбэрийг Д.Ариунболд захиралтай "Үүр ариг" компани, урлагийн тоглолтыг МУСГЗ найруулагч Ч.Найдандорж захиралтай "Алтан тайз" компаний уран сайханчид бэлдсэн юм.
"Чингис хааны догшин хар сүлд" шоу, "Торгоны замын домог" тоглолтын нээлтийн ёслолд Монгол улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Ганхуяг хамт олонтойгоо ирж, Монголын урлаг, Монголын уран сайханчдаа дэмжсэнээрээ онцлог боллоо. Элчин сайд Д.Ганхуяг, Монгол улсын ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар нар арга хэмжээг нээхдээ, Монгол, Хятад хоёр улсын найрамдал нөхөрлөл, хамтын ажиллагаа, соёлын харилцаа, Хятадын санаачилсан "Нэг бүс нэг зам" санаачилгыг Монгол улсын засгийн газар бүрэн дэмжиж байгаа, тус санаачилга Монгол улс зэрэг БНХАУ-ын хөрш орнуудын ард түмэнд үр өгөөжөө өгч байгаа тухай ярьж, тууз хайчилсан юм.
"Чингис хааны догшин хар сүлд" үзүүлбэр Их Монгол улсыг байгуулсан тухай түүхээс сэдэвлэсэн, охид хөвгүүд нийлсэн 60 морьтон оролцсон нүсэр шоу байлаа. Үзэгчид морьтон охид, хөвгүүдийн эр зориг, авхаалж самбааг хараад өөрийн эрхгүй огшин, нүдэндээ итгэж ядан, алга нижигнүүлж байлаа. Энэхүү шоуны найруулагч, "Үүр ариг" компани Бээжин, Хөх хотод зэрэг тоглолт хийж байгаа бөгөөд урьд өмнө Солонгос зэрэг гадны орнуудад олонтаа тоглож байсан туршлагатай юм. Монголын үндэсний их баяр наадмыг тохиолдуулж Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, "Чингис хааны догшин хар сүлд" тоглолтын найруулагч Д.Ариунболдыг төрийн дээд шагнал "Алтангадас" одонгоор шагнахаар болсон тул тэр шоугаа дуусмагц Монгол улс руу яаралтай мордсон юм.
Харин "Алтан тайз" компаний захирал, МУСГЗ Ч.Найдандоржийн найруулсан Монгол үндэстний язгуур урлагийн "Торгоны замын домог" тоглолтод дуучин Бадамхандын уртын дуу, Жонон хамтлагийн "Алтайн магтаал", "Жалам хар", гурвал бүжигчдийн "Шонхор", "Сугсраан донж" бүжиг, ялангуа уран нугараач охидын үзүүлбэр үзэгчдийг уулга алдуулж байлаа. "Чингис хааны догшин хар сүлд" шоу, "Торгоны замын домог" тоглолтын уран сайханчид Бээжин хотод хэдэн удаа тоглосны дараа Үшань зэрэг Хятадын бусад хотоор аялан тоглох юм байна.
/До.Болдхуяг /
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |