• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монгол улсын начин Амарын Батмөнх: улсын начин гэж дуудуулахаар нэг л сонин юм

MONGOLNEWS.mn       (GMT+08:00) 2011-09-15 08:18:41

      Энэ жилийн баяр наадмаар арван хэдэн залуу улсын цолтны эгнээнд хүч түрэн орж ирсний хамгийн жижиг нь, бас хамгийн залуу нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат Амарын Батмөнх. "Сүлд" спорт хороо, "Хөвсгөлийн хүчтэн" дэвжээ, "Харганат цамхаг" компанийн бөх тэрбээр энэ жил услын наадамд анх зодоглоод начин цол хүртсэн юм. Түүний ярилцлагыг толилуулья.

      -Төрж өссөн нутаг ус, аав ээж, хүүхэд насны чинь талаар ярилцлагаа эхлэх үү?

      -Манай аав, ээж Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уйлган багт төрж, өссөн хүмүүс байсан. Одоо бурхан болоод олон жил өнгөрч байна. Ах, дүү нар ерөнхийдөө тэр хавиар амьдардаг. Миний хувьд арван жилээ төгсөөд 2006 онд үндэсний бөхөөр барилдана гэж хотод орж ирсэн. Барилдахын хажуугаар ХААИС-ийн газар зохион байгуулалтын ангид сурдаг. Одоо гуравдугаар курс.

      -Хэдэн настай билээ?

      -Би 1989 оных. Энэ жил 22 настай.

      -Хотод ирэхээсээ өмнө нутагтаа сум, овооны наадамд барилдаж байсан байлгүй?

      -Ер нь би барилдах дургүй хүүхэд байсан. Наймдугаар ангиасаа хойш л барилдаж эхэлсэн юм. Наймдугаар анги төгссөн жилээ сумынхаа наадамд барилдаад дөрөв давсан. Тэр үеэс хойш барилдах урам орсон доо. Тухайн үед дөрөв давна гэж санаагүй. Манай үүрийн биеийн тамирын багш аманд гар гэхээр нь барилдсан юм. Тавын даваанд Д.Баяраа гарьдад амлуулаад унаж байлаа. Анхныхаа барилдаанд улсын цолтой том бөхтэй таарсандаа их бэлгэшээдэг юм.

      -Бөхийн спортоор тууштай хичээллэхэд нөлөөлсөн хүн хэн бэ?

     -Цагаан-Үүр сумын биеийн тамирын багш Баттүвшин намайг "Чи барилдаад үз" гээд бөхийн замд оруулсан. Би ч эхэндээ дургүй байсан. Тэгээд ганц нэг бэлтгэл хийгээд, удалгүй аймгийн аваргаас мөнгөн медаль авсан. Дараа нь 16, 17-тойдоо улсын аваргаар нэг түрүүлсэн юм. Үүнээс хойш л бөхөөс салж чадахааргүй болсон доо. Би өмнө нь ангийнхан дундаа жижиг биетэйд нь ордог байсан. Харин барилдаад, бэлтгэл хийгээд эхэлснээс хойш нэлээн өссөн шүү.

      -Уйлган голоос мундаг бөхчүүд төрөн гарсныг хүмүүс мэднэ. Ийм олон алдартай бөх төрүүлсэн танай нутгийн онцлог юу вэ?

      -Хөвсгөлийг "Монголын Швейцарь" гэж ярьдаг. Тэр дундаа Цагаан-үүр сум байгалиараа алдартай. Нийт нутгийн бараг 90 хувь нь ой мод. Ан амьтан, ус булаг, жимс ногоо гээд юм бүхэн бий. Байгалийн сайхныг тэндээс л харж болно шүү. Очоод үзэхэд сайхан л газар.

     -2006 онд хотод дөнгөж орж ирээд байхад хэцүү байв уу?

      -Хэцүү юм зөндөө гарна аа. Микроны кондуктор юу гэж орилоод байгааг ойлгодоггүй л хүүхэд байсан. Дөнгөж ирээд Х.Мөнхбаатар ахыгаа дагаж хоёр жил бэлтгэл хийсэн. Тэгээд яваандаа хотын амьдралд дассан даа.

     -Хотод орж ирэхдээ өндөр, жин хэдтэй байв? Одоо хэд хүрчихээд байна?

     -Өндөр 170 см л байсан. Жин 68 кг байсан. Одоо бол 175 см өндөр, 96 орчим кг жинтэй. Ноднин намар нэлээн таргалж, 104 кг-тай болсон. Тэгээд бэлтгэл хийгээд эргээд жингээ хассан юм.

     -Ямар, ямар цолыг дамжиж улсын начин болов?

     -2006 онд Цагаан-Үүрийн залгаа Чандмань суманд очиж түрүүлээд сумын заан болсон. Дараа жил нь Хөвсгөлийн наадамд барилдаад гурвын даваанд унасан. 2008 онд Дорнодод очоод хоёр дээр яваад өгсөн. 2009 онд чөлөөтийн залуучуудын улсын аварга болоод ДАШТ-д явах эрхтэй болсон юм. Гэсэн ч зардал мөнгө олдохгүй болоод явж чадаагүй. ДАШТ-д явж чадахгүй болчихоод Эрдэнэтийн наадамд очиж түрүүлээд аймгийн арслан болж байлаа.

     -Тэгэхэд хэн, хэнийг давж байв?

     -Гурвын даваанд одоогийн аймгийн хурц арслан О.Гантулгатай тунаж давсан. Дөрөвт манай нутгийн аймгийн арслан Батнямтайгаа таарч давсан. Тавд сумын заан залууг давж байсан. Одоо аймгийн цол авчихсан байгаа, би нэрийг нь сайн санахгүй байна. Тэгж аймгийн начин болчихоод улсын начин Ш.Тогтохбаярын дүү Шинэбаяртай тунаж хаяад үзүүр, түрүүнд Төв аймгийн Ч.Батчулуун ахыг аймгийн заан байхад нь давсан юм.

    -Тухайн үед аймгийн арслан болно гээд ногт ганзагалж очсон уу, эсвэл санаандгүй арслан болчихсон уу?

     -Хоёр жил аймагт барилдаад үзчихсэн. Тэгээд ч ДАШТ-д явна гээд бэлтгэл сайн хийсэн байсан болохоор ямар ч байсан аймгийн цол авна гэж бодсон. Гэхдээ түрүүлнэ гэж бодоогүй.

     -Тэрнээс хойш аймагт дахиж барилдаагүй юу?

     -Өнгөрсөн жил хурц арслан болно гэж Булганд очоод үзүүрлэсэн юм. Дараа нь Хөвсгөлд очиж тав даваад шөвгөрсөн. Тэгээд энэ жил л улсын наадамд анх барилдаж үзлээ.

     -Аймагт нэг түрүүлж, нэг үзүүрлэхээр эрэмбэ нэмэгдэнэ биз?

     -Би өмнө нь аймгийн арслангууд дундаа зуун арван хэдэд байсан юм. Харин нэг үзүүрлээд, нэг шөвгөрсний дараа дөчин хэдэд орсон байна лээ.

     -Улсын наадамд анх барилдсан жилээ начин болно гэдэг ховорхон тохиолдол байна. Наадамд анх барилдахад ямар сэтгэгдэл төрөв?

     -Цэнгэлдэхэд анх орохоор сүрдмээр л юм билээ. Улсад анх удаа есөн цагаан тугаа тойроход гоё санагдаж байсан.

      -Энэ жил өөрийгөө начин болно гэж бодож байв уу?

      -Өвөл бөхийн өргөөнд 512 бөх барилдахад би тав давсан юм. 512 бөх барилдахад тав давж болж байгаа юм чинь 1024 бөхөөр начин цол авчих боломжтой юм байна гэж бодогдосон. Заавал олон жил барилдаж байж цол авах албагүй, аз нь байвал эхний жилээ ч авч болно гэж бодож байлаа. Дотроо бол том ойгоор цол авчих юмсан гэж хүсч байв. Бэлтгэлээ ч сайн хийсэн. Мэдэхгүй юмаа хүмүүсээс асуугаад, өөр дэвжээн дээр очиж хийх зэргээр гайгүй чамбай бэлдсэн. Наадмын бэлтгэл дээр ч манай нутгийн ах нар "Энэ жил чиний бэлтгэл сайн байгаа шүү. Янз бүрийн юм бодолгүй сайхан барилдаарай" гэж байсан.

     -Наадмаар хэн хэнийг, яаж давж цол авав?

     -Хоёрын даваанд Сүхбаатар аймгийн начин Б.Зоригтбаатар гэж залууг хаясан. Бүр орой 11 болж байхад барилдсан. Хажуугаар нь бороо орсон болохоор хальтирч уначих гээд эвгүй. Би золгоод авбал хаяхад арай амар байх гэж бодоод нэлээн хүлээсэн. Тэгээд золгох цаг болоод шахаж татаад давсан юм. Хамгийн хүнд барилдаан тэр байсан. Гурав дээр амлагдаагүй үлдсэн аймгийн арслангууд хоорондоо барилдахад би Булганы аймгийн заан Д.Амаржаргалтай таарсан. Хөлд орчих гээд нэлээн сандаргасан. Би золгож байгаад хавирч давсан юм. Харин дөрвийн давааны оноолт сонсож байтал намайг Б.Чинзориг начинтай таарлаа гэж зарласан. Манайхан "Чинзориг чамайг тэгнэ, тэгэхээр нь чи ийм мэх хий" гэх зэргээр нэлээн зөвлөлөө. Гэтэл яг гарах болсон чинь Л.Наранбаатар начинтай гэж зарладаг юм. Тэгээд ямар ч бэлтгэлгүй гараад барилдчихсан.

      Гарахын өмнө ах нар "Наадах чинь хөл авна шүү, мэдээтэй байгаарай. Гарангуутаа элэг бүсдээд ав" гэсэн. Гарангуутаа элэг бүсдэх гээд чадаагүй. Тэгээд хөлдөө алдчих гээд байхаар нь нэлээн зугтсан. Тэгж яваад нэл хөлдөө алдаад жийж тавиулсан. Гэтэл дараа нь ахиад нөгөө хөлөө алдсан. Наадмын өмнөх бэлтгэл дээр Ц.Цэрэнпунцаг гарьд "Хөлдөө алдаад унана гэж юу байсан юм. Хөлд орсон хүний нэг гарыг нь татчихаар өргөж чаддаггүй. Тэгэхээр нь тойруулж татаад ард нь гардаг юм" гэж зааж байсан. Яг тэр зааврын дагуу гарыг нь татаад ард нь гарчихсан. Наранбаатар начин цаашаа сулраад зугтах гэхээр нь давхралдсан хөл рүү нь өшиглөж дөрөв хөллүүлээд давсан. Нэлээн эвгүй барилдаан болсон шүү.

     -Төрийн наадамд анх зодоглохдоо начны даваанд гараад ирэхээр юу бодогдож байв?

     -Намайг дээгүүр авчих болов уу гэж бодож байтал доошилсоор байгаад Б.Чинзориг начин амласан байсан. Барилдахын өмнө нутгийн ах нар ирээд "Улсад анх барилдаад дөрөв давчихлаа. Одоо юу бодохов. Дөрвийн давааны оноолтод таарлаа гэж бодоод л барилдчих" гэж зоригжуулж өгөөд гаргасан. Чинзориг ахтай би нэг их удаагүй. Гарч жаахан зугтаж байгаад дайраад ороод ирэхээр нь элэг бүсдээд авсан. Тэгээд сугадаж хөнтрөөд тойруулж барьж аваад давсан даа.

     -Уучлаарай, сайхан яриа өрнүүлж байгаад эвгүй зүйл асуух нь. Наадмын дараа Б.Чинзориг начныг олон сая төгрөг авч начин төрүүллээ гэсэн утгатай зүйл хэвлэлд гарсныг уншиж байсан л даа. Энэ тал дээр ямар тайлбар өгөх вэ?

     -Би улсынхаа наадамд анх барилдаад сайхан цол авлаа. Надад ямар юмных нь мөнгө төгрөг байхав. Тэгээд ч Б.Чинзориг ах том ойгоор сайхан барилдья гэсэн бодолтой байсан байх. Бид хоёрын хооронд ямар ч яриа хөөрөө байгаагүй. Ах нарынхаа хэлснээр сайхан барилдаад давсан даа.

     -22 настай залуу улсад анх барилдаад начин болчихоор нэг л итгэж өгөхгүй санагдаж байв уу?

     -Манайхан "За начин болчихлоо. Баяр хүргэе" гэсэн чинь нэг л сонин санагдаад, итгэж өгөхгүй байсан. Аймгийн арслан гэдгээрээ дуудуулж сурсан болоод тэр үү, начин гэхээр нэг л хөндий сонсогдоод сонин юм билээ. Зурагтаар бөх үзээд, эд нар шиг барилддаг болох юмсан гэж мөрөөдөж явсан хүн өөрөө улсын цол авчихаар бахархах сэтгэл төрж л байлаа.

     -Зургаагийн даваанд Д.Рагчаа заанд унасан. Тэгэхэд начин цолондоо ханачихаад амархан унасан уу?

     -Хэн ч гэсэн давахыг бодолгүй яахав. Гэхдээ би яах аргагүй бярдуулаад унасан. Д.Рагчаа заан энэ жил сайн байсан. Би бараг үзүүр, түрүүнд хүрч барилдах байх гэж бодож байлаа.

     -Хамгийн залуу начны даагыг чи авсан. Даагаа уях бодол бий юу?

     -Ойрхон, манай найзын адуунд байгаа. Саяхан очиход том болчихсон байна лээ. Уях эсэхээ одоогоор шийдээгүй л байна.

     -Нутгийн ард түмэн шинэ цолтноо сайхан хүлээж авсан уу?

     -Энэ жил манай сумын тэгш ой тохиосон. Сумынхандаа сайхан бэлэгтэй очсон доо. Манай сумаас хамгийн сүүлд 2011 онд Б.Баттогтох ах улсын начин болсон юм. Наадмын үеэр ах, дүү нар бие биедээ баяр хүргээд бөөн юм болсон сурагтай байсан. Нутгийн ард олон сайхан хүлээж авсаан.

     -Шинэ начин маань бөхийн удамтай юу?

     -Удам байгаа. Манай эмээгийн дүү нь улсын начин Ш.Балжинням гэж хүн байдаг. Улсад гурван удаа тав давсан.

     -Түрүүн чөлөөт бөх гэж дурдаад өнгөрлөө. Энэ спортоор хэдэн оноос хичээллэж байна?

     -Г.Ганхуяг, Г.Батпүрэв гэсэн манай нутгийн ах нар дэвжээнийхээ чөлөөт бөхийг хариуцдаг. Энэ хоёр багшийнхаа удирдлагад хичээллэж, 2009 онд залуучуудын улсын аварга болж байлаа. Харин аймгийн арслан болсноос хойш үндэсний бөх, хүчний бэлтгэлээ түлхүү хийдэг болсон. Гэхдээ энэ жилээс чөлөөтийн бэлтгэлээ илүү хийе гэж бодож байгаа.

     -Чи бөхчүүд дундаа жижиг биетэйд нь орно. Том хүмүүстэй барилдахаар бярдуулах гээд хэцүү байна уу?

     -Гайгүй ээ. Харин ч том хүмүүс жижиг бөхтэй барилдахад эвгүй юм шиг байгаа юм. Ер нь том биетэй бөхчүүд барьж аваад бярдах гээд байдаг. Харин сүүлийн үед бярдсан хүнийг дагуулж мэх хийх зэргээр аргалж сураад байгаа.

     -Бөхийн спортоор хичээллэж эхэлж байхдаа хэнийг харж, дэмждэг байв?

     -Тэр үед зургаан залуу заан ид барилддаг байлаа. Би энэ дундаас Д.Сумъяабазар аварга, А.Сүхбат аваргыг их шүтдэг байлаа.

      -Хоорондоо барилдвал хэнийг нь дэмжих вэ?

      -Ер нь хэцүү дээ. Хэн нь ч давсан яахав гэж бодно. Гэхдээ Д.Сумъяабазар аваргыг илүү дэмжинэ ээ.

      -Одоо авсан цолоо хамгаалж барилдана гэж том үүрэг даалгавар байна?

     -Одоо бэлтгэл сургуулилтаа чамбай хийж, цолныхоо хэмжээнд барилдахын төлөө зүтгэнэ дээ. Тэгж бодоод энэ жил бэлтгэлээ эрт эхэлсэн. Хүн ч тэгээд үргэлж дээшээ хүсч, мөрөөдөх юм даа. Би өмнө нь сумын заан гэдэг цол авчих юмсан гэж хүсдэг байсан. Дараа нь аймгийн цол авахыг хүссэн. Харин аймгийн арслан болчихоод улсын цолтны эгнээнд багтахыг мөрөөдөж эхэлсэн. Одоо начин болсны дараа том цол авах юмсан гэж хүсч байна. Ер нь цолондоо эзэн болж явах сайхан. Т.ӨсөхИрээд үй, Ц.Содномдорж гээд заал танхимын барилдаанд тогтмол сайн үзэж, цолондоо эзэн болж яваа бөхчүүд байна. Тэдэн шиг бөх болохыг хүсдэг дээ.

      -Гэр бүл зохиож амжсан уу?

      -Гэр бүлтэй. Ноднингийн наадмаар аав болсон. Нэг хүүтэй.

      -Ярилцсанд баярлалаа. Авсан цолоо баталж, ахиулахын ерөөл тавиад ярилцлагаа өндөрлөе.

      -Баярлалаа. Ерөөлөөр болог.

Г.БАЯРСАЙХАН

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе