• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Олимпийн эрхээ хоёроор нэмлээ

MONGOLNEWS.mn       (GMT+08:00) 2012-05-09 17:19:36

      Финландад болсон олимпийн эрх олгох сүүлчийн тэмцээнээс манай чөлөөтийнхөн хоёр эрх нэмж авлаа. Тус тэмцээнд жин бүрийн эхний хоёр байрт орсон тамирчид "Лондон 2012"-ын визээ гардах байв. 55 кг-ийн жинд хүч үзсэн Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатар эхний даваанд Мексикийн залуу бөх Алексис Оливераг 1:0, 6:0-ээр, удаах даваануудад Молдавын Александру Чиртаукуг 2:0, 1:3, 1:1-ээр, Беларусын Улазислау Андрейг 1:0, 2:0 ялж, эрхээ авах шийдвэрлэх барилдаанд Азербайжаны бөх Махмуд Магомедовыг 0:1, 2:0, 4:1-ээр буулгаж авлаа. Улмаар шигшээ барилдаанд Тажикистаны Иван Ноевыг цэвэр ялж, алтан медаль хүртсэн байна.

      Харин 60 кг-ийн жинд барилдсан "Гуанжоу 2010" Азийн наадмын аварга, ОУХМ Г.Мандахнаран эхний барилдаандаа Армений Артур Арекелянд ялагдсанаар тэмцээнээ өндөрлөжээ. Энэ жинд Украины В.Федоришин, Германы Т.Шлайчер нар Лондоныг зорих эрхтэй болсон байна. 66 кг-ийн жинд ОУХМ Б.Батзориг эхний тойрогтоо Никарагуагийн бөхийг цэвэр ялсан ч дараагийн даваанд Кыргызстаны Иннокент Иннокентовыг барсангүй. Манай бөх эхний үед 1:0-ээр давамгайлаад удаах хоёр үед 0:1, 1:7-гоор дийлджээ. Энэ жинд Тажикийн Залимхан Юсупов, Туркийн Рамазан Шахин нар үзүүр түрүү булаацалдсан байна.

      84 кг-ийн жинд зодоглосон О.Үйтүмэн эхний тойрогтоо Словакийн Даниел Данцакыг цэвэр, дараа нь Румыний Георгита Стефаныг цэвэр ялж, олимпийн эрх олгох шийдвэрлэх барилдаанаа Польшийн Михал Балавендартай хийж, хоёр үед тус бүр 1:0-ээр давамгайлсан юм. Шигшээ барилдаанд олимпийн мөнгөн медальт Тажикситаны Юсуп Абдусаламовт ялагдлаа. Тэгвэл 96 кг-ийн жинд Д.Хүдэрбулга эхний тойрогтоо Германы Уильям Хартад ялагдсанаар үзэгчдийн суудалд шилжжээ. Энэ жинд Япон, Молдавын бөхчүүд эрхээ авлаа. Ийнхүү Бээжингийн олимпод зургаан бөхтэй оролцож байсан чөлөөтийнхөн Лондонд найман бөхөө сойх нь. FILA-гаас чөлөөт бөхийн төрөлд олимпийн эрхийг улсад нь өгч байгаа бөгөөд уг жинд ямар тамирчин олимпод илгээхийг холбоо нь шийдэх билээ. Одоогоор Монголын баг тамирчид Лондоны олимпийн 29 эрхийг аваад байгаа юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе