• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Спортын сэтгүүлчид олимпийн тамирчдаа дэмжив

MONGOLNEWS.mn       (GMT+08:00) 2012-05-28 15:38:03

     Монголын спортын сэтгүүлчид Лондоны олимпод оролцох шигшээ багаа дэмжих зорилгоор Богдхан уулын хамгийн өндөр оргил Цэцээ гүнд авирлаа. Энэхүү аялалд 10 гаруй телевиз, сонины 34 сэтгүүлч хамрагдсан юм. Мөн уулын спортын гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, ОУХМ Алдар нар сэтгүүлчдийг замчиллаа. Далайн төвшнөөс дээш 2258 метрийн өндөр рүү гурван цаг гаруй авирсан сэтгүүлчид оргилд гараад Монголын тамирчид Лондоны олимпод амжилт гаргаж, төрийн дууллаа эгшиглүүлэхийг хүсэн залбирсан юм.

     Аялалд оролцогчдоос хамгийн ахмад нь Монголын спортын сэтгүүлчдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Отгонбаатар (53 нас), хамгийн залуу нь "Шууд" телевизийн сэтгүүлч А.Одбаяр (22 нас) байв. Сато буюу Отгонбаатар ах оргилд хамгийн түрүүлж гарсан эрэгтэй, эмэгтэй тус бүр таван хүнийг гарын бэлгээр урамшуулсан. ТВ9 телевизийн оператор Нэмэхбаяр хамгийн түрүүнд оргилыг эзэлж, Сато ахаас "Челси" клубийн өмсгөл гардан авсан бол түүний араас "Өдрийн шуудан" сонины Баярсайхан, assa.mn сайтын Г.Даваабаатар, ТВ9 телевизийн Г.Гандөш, "Зууны мэдээ" сонины Жавхлан нар "бариа"-нд орлоо.

     Гандөшийн хувьд аяллын хамгийн хүнд жинтэй оролцогч байсан ч "айргийн" дөрөвт орж, бусдыгаа ичээгээд авсан. Харин бүсгүйчүүдээс "Sport box" сувгийн Б.Онон, "Ардчилал" сонины У.Бадамцэцэг, ТВ9 телевизийн Т.Ганзул, "Шууд" телевизийн А.Алтанчимэг нар бүхнээс түрүүлж оргилд хөл тавилаа. Сато ах хамгийн ахмад нь гэхэд 10-аар бариалж, хөнгөн шингэн хүн болохоо харуулсан юм. Харин "Sport box"-ийн Ч.Дөлгөөн сүүл мушгин оргилд гарснаа "Бусдыгаа харж хамгаалж явсан" хэмээн эвтэйхэн тайлбарлана лээ. Ийнхүү спортын сэтгүүлчид нэг өдрийг эрүүл агаарт, үр бүтээлтэй өнгөрүүлээд буцлаа.

     Энэ аялал спортын "дуучид"-ыг нэгдэн нөхөрлөхөд томхон нөлөө үзүүлсэн нь тодорхой. Энэ дашрамд аяллыг дэмжин оролцсон "Мах импекс" компанийн хамт олонд талархлаа илэрхийлье. Спортын сэтгүүлчдийн шивнэсэн хүсэл олимпийн наадамд биелж, Монголын тамирчид Лондонгоос ганзага дүүрэн ирэх болтугай!

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе