• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Лондоны олимпод зориулсан маркийг танилцууллаа

MONGOLNEWS.mn       (GMT+08:00) 2012-07-05 16:36:24

     "Монгол шуудан" компани 1960 оноос хойш өвөл, зуны олимпод зориулсан маркийг хийж ирсэн уламжлалтай. Тэгвэл Лондоны олимпийн маркийг олон нийтэд танилцуулах ёслолын ажиллагаа өчигдөр "Olympic House"-д болов.

     Энэхүү арга хэмжээнд Монгол шуудан компанийн Гүйцэтгэх захирал Г.Чинзориг, МҮОХны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан нар байлцав. Тус компани 1960 оноос хойш зуны 13, өвлийн 10 олимпод зориулан нийт 250 нэр төрлийн марк гаргажээ. Энэ удаагийнх Лондон хотын өвөрмөц барилгууд, тээврийн хэрэгсэл, спортын төрлүүдийг оруулснаараа онцлог болжээ.

     Маркийг гаргахдаа МҮОХ-ны удирдамжийн дагуу, тусгай зөвшөөрлийг нь авч хийсэн гэдгээ онцолж байлаа. "Олимпийн наадам бол соёл, урлаг, спортын хамгийн том арга хэмжээ байдаг. Тамирчид энд бүх хүч чадлаа зориулан шударгаар өрсөлддөг бол соёл урлагийнхан хамгийн шилдэг бүтээлээ үзүүлж, сурталчилдаг уламжлалтай.

     Монгол шуудан компани Монгол улсын өв соёл, маркны түүхэн уламжлалыг дэлхий дахинд хүргэж, улсаа сурталчилсан ийм сайхан бүтээл гаргасанд баяртай байна. Лондоны олимпод оролцох баг тамирчдаа дэмжиж буй танай байгууллагын хамт олонд баярласнаа илэрхийлж, амжилт хүсье" гэсэн юм.

     Мөн тус компанийн хамт олон олимпод оролцох тамирчдаа дэмжих үүднээс хоёр сая төгрөгийн үнэ бүхий маркийг МҮОХ-нд бэлэглэж буйгаа гардуулан өглөө. МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан энэ үеэр "Энэ жил МҮОХ ОУОХ-нд элссэний 50 жилийн ойн баяр болж байгаа. Би саяхан ОУОХ-ны архивын бичиг баримтыг цэгцэлж байтал тэдний бичсэн нэгэн захианд "Танай улс ямар гоё марктай юм бэ. Энэ маркнаасаа хэдийг ОУОХ-нд явуулж болох уу" гэсэн байсан. Эндээс Монголын марк дэлхийд хэрхэн үнэлэгддэг нь харагдах байх" гэсэн юм.

Ч.Бат-эрдэнэ: Орчин үеийн шинжтэй марк болсон

     Энэхүү маркийн дизаиныг гаргаж, бүтээсэн Монгол шуудан компанийн Үнэт цаас бэлтгэн нийлүүлэх төвийн зураач Ч.БатЭрдэнэтэй уулзаж ярилцлаа.

    -Олимпийн марк хийх санааг хэрхэн гаргасан бол?

     -Маркийн сэдвийг хоёр жилийн өмнөөс баталдаг. Тэр төлөвлөгөөний дагуу Лондоны олимпод зориулсан маркийн сэдвээ батлуулсан. Тэгээд судалгааны ажлаа эхэлж, олон эскиз зураг гаргасан. Дундуур нь компанийнхаа удирдлагууд, ОУОХны төлөөлөгчдөд үзүүлээд, санал бодлыг нь авч хийсэн л дээ. Ер нь маш олон эскиз гаргаж, олон хүний хүч хөдөлмөр ордог. Юуны өмнө эх зургаа зурна. Дараа нь манай дизаинерууд ажиллана. Логог яаж байрлуулах, ямар өнгөтэй байх вэ гээд шийдэх асуудал их гардаг.

     -Энэ маркны өмнөхөөс ялгарах онцлог юу бол?

     -Ерөнхийдөө уламжлалт маркнуудыг бодвол орчин үеийн шинжтэй, шинэлэг болсон гэж бодож байна.

     -Хэдий хугацаанд хийсэн бэ?

     -Эх зургаа зурахад бол сар болсон. Гэхдээ өмнө нь ямар барилга байгууламж оруулах вэ, спортын ямар төр лүүд байх вэ зэрэг судалгааны ажилд бол нэлээн цаг орсон.

     -Та өмнө нь олимпийн марк хийж байсан уу?

     -Үгүй ээ, энэ миний анхны олимпийн марк.

     -Спорт, олимпийн сэдэвтэй болохоор амаргүй байв уу?

     -Ер нь үнэт цаас гэдэг утгаараа марк болгон маш хариуцлагатай. Марк бүр Монгол улсын нүүр царай болдог учир маш нямбай хийх шаардлагатай байдаг. Ноднин дөрвөн том ой давхцсан марк гэхэд маш их судалгаа хийсний үндсэн дээр бүтсэн.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе