• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ц.Сүхбаатар: Монгол улс "Торгоны зам" бүсийн бас нэгэн салаа мөчир байх боломжтой

CRI       (GMT+08:00) 2014-08-18 19:16:28

       Хятад, Монголын дипломат харилцаа байгуулсны 65 жил, "найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ"-г шинэчлэн байгуулсны 20 жилийн ой, хоёр орны найрсаг харилцаа солилцооны жил болон БНХАУ-ын дарга Ши Жиньпиний МУ-д хийх айлчлалд хандуулж, МУ-аас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ц.Сүхбаатартай  хоёр орны харилцааны талаар ярилцлаа.


      - Өдгөө Хятад, Монголын харилцаа түүхийн хамгийн сайн үе шатандаа байна гэж талууд онцлон ярьдаг. БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 21-22 өдрүүдэд МУ-д албан ёсны айлчлал хийнэ. Сайд та энэ айлчлалыг чухам хэрхэн үнэлж байгаа вэ?

      - Энэ жил бол хоёр орны харилцаанд үнэхээр их онцлог жил юм. МУ болон БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жил, хоёр орны хооронд байгуулсан найрсаг харилцаа хамтын ажиллагааны үндсэн гэрээний 20 жилийн ой энэ онд тохиож байна. Эдгээр ойг тохиолдуулан хоёр орны засгийн газар 2014 оныг найрсаг солилцооны жил болгон зарлаж, олон арга хэмжээ зохион байгуулж байна. Он гарсаар энэ хагас жилийн хугацаанд манай Монгол улсын төр засгийн удирдагчид, түүний дотор 8, 9 яамны сайд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, хоёр орны харилцааны олон чухал асуудлаар олон тохиролцоо хийлээ. Энэ ажлын хамгийн гол үр дүн БНХАУ-ын дарга Ши Жиньпиний Монгол улсад хийх төрийн айлчлалаар үргэлжилнэ. Энэхүү төрийн айлчлал бол энэ жилд болж байгаа үнэхээр онцлог томоохон үйл явдал, хоёр орны харилцааны түүхэнд орох чухал айлчлал болж байгаагаар онцлог юм. БНХАУ-ын дарга 11 жилийн дараа МУ-д дахин айлчлах гэж байна. Манай хоёр орны харилцааны түүхэнд орох томоохон асуудлуудыг шийдвэрлэх айлчлал болно гэж хоёр тал хүлээж, ихээхэн нямбай бэлтгэл хийж байна. Энэ айлчлалыг мөн олон улсын болон бүс нутгийн хэмжээнд ихээхэн сонирхон харж байна. Учир нь манай хоёр орны хооронд хөрш орнуудын үлгэр жишээ болохуйц тохиролцоо хийх айлчлал болох төлөвтэй байгаа юм. Тийм учраас бид олон улсын хэмжээнд, ялангуяа Ази номхон далайн бүс нутаг, зүүн хойд Азийн бүс нутагт энх тайван тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах айлчлал болно гэж хүлээж байгаа.

      - Манай хоёр орон эдийн засгийн харилцан нөхвөрлөх өндөр чадвар. Сүүлийн жилүүдэд олон улсын зах зээлийн үнэ ханш буурч, гадаад хөрөнгө оруулалт багассан зэрэг нь Монгол улсын эдийн засгийн өсөлтийн хурдад сөргөөр нөлөөлөх болсон. Ийм нөхцөл байдалд хоёр орон хэрхэн хамтарч ажиллах ёстой вэ?

      - Манай хоёр орны бие биенээ харилцан нөхөх чадвар маш өндөр, нэгдүгээрт газар зүйн хувьд бид хил залган оршиж байна. Улс төрийн болон бусад салбарын харилцаа маань хамгийн тааламжтай үедээ явж байгаа, хоёр орны хооронд өнөөдөр шийдэгдээгүй буюу одоо маргаантай асуудал байхгүй. Ийм тааламжтай нөхцөлд бид худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх, улам өргөжүүлэх, урт удаан хугацаанд тогтвортой хөгжүүлэх боломж байгаа гэдэгт огт эргэлзэхгүй байна. Сүүлийн үед дэлхийн зах зээлийн үнэ ханшны байдал болон зарим нэг үйлдвэрийн салбарт гарсан бодлогын шинэ чиг хандлагатай холбоотойгоор Монголын зарим төрлийн экспортын бүтээгдэхүүний үнэ багассан. Тухайлбал, нүүрсний үнэ сүүлийн нэг хоёр жилийн хугацаанд нэлээд доогуур хэмжээнд байгаа. Гэхдээ, хоёр орон энэ асуудлыг шийдвэрлэх, энэ түр зуурын бэрхшээлийг даван туулах арга замыг идэвхтэй эрж хаяж байна. Энэ айлчлалын үеэр, худалдааг хөнгөвчлөхөд чиглэсэн, худалдаанд учирч байгаа зарим бэрхшээлийг арилгах, дэд бүтцийн салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийх, худалдааг өргөжүүлэхэд чиглэсэн асуудлуудыг шийдвэрлэх боломжтой. Энэ үндсэн дээр манай хоёр орны худалдаа цаашдаа өргөжих, улам урт удаан хугацаанд тогтвортой өргөжих боломж нээгдэнэ гэдэгт бид эргэлзэхгүй байна. Ер нь манай засгийн газраас бид зөвхөн түүхий эдийг түүхий эд байдлаар нь бас цаашилбал түүхий эдээ боловсруулах нэмэх өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд Хятадын нутгаар дамжуулаад гуравдагч орны зах зээлд гаргах ийм бодлогыг баримталж байгаа. Мөн одоо Хятадын талаас ч манай энэ бодлогыг дэмжиж, манай үйлдвэрийг хөгжүүлэх нэмэх өртөг шингэсэн бүтээгдэхүүн бүтээх зорилтоор аж үйлдвэрийн бааз байгуулахад санхүүгийн болон бусад мэргэжлийн туслалцаа дэмжлэг үзүүлэх бодлогыг баримталж байна. Үүний дүнд манай хоёр орны худалдаа цаашдаа өргөжин тэлнэ. Бид ч бас энэ боломжийг бүрэн дүүрэн ашиглах бодолтой байна.

       - 2013 онд Хятад улсын дарга Ши Жиньпин Казахстаны Назарбаев их сургуульд лекц уншихдаа "Торгоны замын эдийн засгийг бүс"-ийг байгуулах санаачилга дэвшүүлсэн. Монгол улс Ази Европын дунд оршиж, Зүүн Хойд Ази болон Төв Ази, Баруун Ази түүнчлэн Европыг холбосон гүүр болж байна. Торгоны замын эдийн засгийн бүсийн талаарх санаачилгыг та хэрхэн харж байгаа вэ?

      - Торгоны замын бүсийн тухай санаачилга Монгол улсын хувьд их ойр сонсогдож байгаа юм. Монгол улс бол баруун талаараа Хятадын баруун муж болох Шиньжян Уйгарын Өөртөө Засах Оронтой бараг 1000 гаруй километр хилээр хиллэсэн, шууд хиллэж байгаа ийм ойр оршиж байгаа, ийм ойр газар зүйн байршилтай, энэ бол даруй бидний бас нэгэн давуу боломжийг олгож байгаа. Дээр нь манай улсын баруун бүс бол байгалийн баялаг ихтэй бүс нутаг, энэ бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлэх, улмаар Торгоны замын бүсийг хөгжүүлэх тухай санаачилгад оролцох ийм бодит боломж болж байна гэж бид харж байна, нөгөө талаар, шинэ Торгоны замын санаачилгууд ерөнхийдөө Ази тивийг Европын хөгжсөн орнуудтай дэд бүтцийн хувьд холбох гэсэн чиглэлтэй, энэ чиглэлд худалдаа хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг идэвхжүүлэх гэж чиглэсэн санаачилга, Монгол улс бол БНХАУ болон ОХУ-ын дунд байршиж байгаа энэ байршлынхаа онцлогийг харгалзаад, Монгол улсын нутгаар дамжуулан энэ Торгоны бүсийн бас нэг салаа мөчир нь болж болох юм гэсэн ийм ойлголттой байдаг. Манай талаас ч ийм саналыг Хятадын удирдлагуудад хандаж тодорхой санал дэвшүүлж байгаа. Тухайлбал Монгол улсын нутгаар газрын тос, байгалийн хий, цахилгаан эрчим хүч, цаашилбал төмөр зам, авто замаар холбогдох бүрэн боломжтой гэдгийг манай талаас тодорхой судалгаатай энэ саналыг дэвшүүлж байгаа. Манай хоёр хөрш дотроо БНХАУ-ын зүгээс бол манай санаачилгыг мөн ойлгож дэмжиж хандаж байгаа, энэ чиглэлийн яриа хэлэлцээнүүд ойрын үед явагдана гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ санаачилгууд Монголын хувьд дахид нээгдэж байгаа бас нэг боломж гэж бид харж, аль болохоор эхнээс нь идэвхтэй оролцох, өөрийнхөө нөөц бололцоог дайчлах, өөрийнхөө давуу талыг илүү ашиглах байдлаар оролцох болно.

Ярилцсан: Урьхан

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе