• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Т.Батцэцэг: Монгол, Хятадын харилцаа бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад эерэг нөлөөлнө

CRI       (GMT+08:00) 2014-08-18 15:57:39

      Хятад, Монголын дипломат харилцаа байгуулсны 65 жил, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний МУ-д хийх айлчлалд хандуулж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар МУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Т.Батцэцэгтэй ярилцлаа.

      - Сүүлийн үед хоёр орны улс төрийн итгэлцэл улам бүр нэмэгдэж байна. Улс төрийн харилцааны өнөөгийн байдлын талаар ярина уу.

      - Бусад бүх салбарын харилцааны үндсийг бүрдүүлж өгдөг тул улс төрийн харилцаа онцгой чухал юм. Хэрэв улс төрийн харилцаа дор төвшинд байгаад, улс төрийн итгэлцэл харилцан ойлголцол сул бол бусад салбарын хамтын ажиллагаанд үзүүлэх боломж хязгаарлагдмал байдаг. Тийм учраас бид хамтын ажиллагаа ярихдаа улс төрийн харилцаанаас эхэлдэг. Манай хоёр улсын хооронд тогтсон улс төрийн харилцаа дээд өндөр төвшиндөө, яам байгууллагууд, бас жирийн иргэд, улс төрийн намууд төрийн бус байгууллага гээд бүх чиглэлээр идэвхтэй хөгжиж байна. Хамгийн тодорхой жишээ гэвэл, манай улсын ерөнхийлөгч энэ жилд Ши Жиньпин даргатай гурав дахь удаагаа уулзах гэж байна. Магадгүй энэ онд дахиад хоёр удаа уулзах боломж байгаа. Ши Жиньпин дарга хэлж байсан, хөрш орнууд хамаатан садан шиг ойр ойрхон уулзаж, ойр ойрхон ярилцаж байх нь хамтын ажиллгааг хөгжүүлэхэд их чухал юм гэж. Үүнийг бас манай ерөнхийлөгч маш сайн дэмжиж, хүлээж авч байгаа. Энэ оны тухайд гэвэл Ши Жиньпин даргын айлчлалаас гадна манай улсын УИХ-ын даргын Хятад улсад хийх айлчлалыг бид үндсэндээ хугацааг нь тохироод, Ши Жиньпин даргын айлчлал дууссаны дараа бэлтгэхээр ажиллаж байна.

      Оны эхний хагас жилд Гадаад харилцааны сайд нар харилцан айлчилна гэдэг бол ер нь хоёр орны харилцаа ямар байгаагийн бас нэгэн тод жишээ юм, тэгээд бас манай улс төрийн намуудын харилцаа бас маш өргөн хүрээнд явагддаг. Манай бүх улс төрийн намууд ХКН-тай их ойр дотно хамтран ажилладаг. Ойр ойрхон харилцан айлчилдаг. Манай парламентын хамтын ажиллагаа их идэвхтэй явагдаж байна. Тийм учраас улс төрийн харилцаа ойр дотно, харилцан ойлголцсон үндсэн дээр явагдаж байгаа болохоор манай бусад салбарын харилцаа улам их хөгжих магадлал боломж ихтэй.

      - Хоёр орны харилцаа бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалахад ямар үүрэг нөлөөтэй вэ?

      - Манай хоёр улс зөвхөн хоёр талын хамтын ажиллагааны төдийгүй бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд, олон улсын үйл хэрэг, олон улсын энхийг сахиулах чиглэлээр маш идэвхтэй хамтран ажиллах эрмэлзэл төгс байна. Манай хоёр зэвсэгт хүчин хамтарсан анхны хээрийн суруулийг 2009 онд хийсэн бөгөөд цаашид хоёр жил тутамд хийхээр тохиролцсон. Өнгөрсөн онд Монгол улс энхийг сахиулах чиглэлээр сургуулилт хийж, Хятадын талтай "Цэрэг техникийн хамтын ажиллагааны засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг байгуулсан. Энэ хэлэлцээрийг байгуулсан нь хоёр улсын харилцаа нэлээд өндөр төвшинд хүрсэн, мөн цэргийн итгэлцэл хамгийн өндөр төвшинд хүрсний илэрхийлэл гэж мэргэжилтнүүд дүгнэдэг. Энэ хэлэлцээрийг байгуулснаар, манай батлан хамгаалах салбар цаашдаа илүү өргөн хүрээнд илүү гүнзгий байдлаар хөгжих боломж нээгдэж байгаа. Жил болгон хоёр улс батлан хамгаалах улс төрийн зөвлөлдөх уулзалтыг өндөр төвшинд хийж ирсэн. Хоёр улс ингэж өндөр төвшинд итгэлцэж харилцаж байгаа нь бүс нутгийн аюулгүй байдалд их эерэгээр нөлөөлж байна гэж талууд үздэг. Тийм болохоор бүс нутгийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хоёр тал хамтарч ажиллаж байгаа олон жишээг дурдаж болно. Хоёр тал юуны өмнө бие биеийнхээ дэвшүүлсэн санаачлагыг идэвхтэй дэмжиж, боломжийн хэрээр урагшлуулахад хамтран ажилладаг. Тухайлбал зүүн хойд Азийн бүс нутгийн гол асуудал болсон Солонгосын хойгийн асуудлыг шийдвэрлэх үүднээс Хятадын тал нь зургаан талт яриа хэлэлцээг зохион байгуулж ирсэн. Харамсалтай нь янз бүрийн шалтгааны улмаас сүүлийн хэдэн жилд зогсонги байдалд орсона. Манай тал бол энэ зургаан талт хэлэлцээг сэргээх талаар Хятадын талаас авч хэрэгжүүлж байгаа энэ хүчин чармайлтыг байнга дэмжиж ирсэн, зургаан талт хэлэлцээ аль болох эрт сэргэж үйл ажиллагаагаа явуулах нь бүс нутгийн аюулгүй байдалд чухал гэж үздэг. Мөн манай улс нь зүүн хойд Азийнхаа орны хувьд, бас энэ бүс нутгийн үйл хэрэгт өөрийн хувь нэмэрээ оруулах чиглэлээр тодорхой санаачлагыг дэмжээд ирсэн, Хятадын тал бас байнга дэмжиж ирсэн, хамгийн сүүлийн жишээ бол манай улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "зүүн хойд Азийн яриа хэлэлцээ, аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын санаачилга"-ыг дэвшүүлсэн. Энэ санаачлагыг товчоор хэлэх юм бол манай бүс нутгийн орнууд, яг зүүн хойд Азийн орнууд тооны хувьд хэдийгээр харьцангуй цөөхөн орон байдаг боловч бүх улс хоорондоо найрсаг харилцаатай байж чадахгүй, яриа хэлэлцээний суваг тийм нээлттэй биш, чөлөөтэй биш байгаа нөхцөлд манай улс энэ зүүн хойд Азийн бүх оронтой найрсаг харилцаатай, идэвхтэй харилцаатай орны хувьд бусад оронд манай улсад цуглаад бүс нутгийнхаа аюулгүй байдалд тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэх боломжийг нь бүрдүүлж өгье гэсэн санаачилга юм. Энэ санаачилгыг бас Хятадын тал чухалчлан үзэж, энэ санаачилгыг урагшлуулахад хамтран ажиллах тухайгаа өндөр төвшинд илэрхийлж байгаа. Ши Жиньпин даргын айлчлалын үеэр ч гэсэн манай хоёр улсын төрийн тэргүүн энэ санаачлагыг урагшлуулах, мөн Хятадын талаас дэвшүүлж байгаа бусад санаачлагыг урагшлуулах, бүс нутгийн хүрээнд хамтран ажиллах асуудлаар тодорхой ярилцана гэдэгт итгэлтэй байна.

      - Хятад, Монголын харилцааны цаашдын хөгжилд соёл, хүмүүнлэгийн харилцаа ямар ач холбогдолтой гэж үзэж байна вэ?

      - Мэдээж хоёр улсын харилцаа цаашдаа хир бодитой хөгжих, хир урагштай хөгжих нь хоёр ард түмний ойлголцол итгэлцлээс ихээхэн хэмжээгээр шалтгаална. Тийм учраас манай хоёр улсын төр засгийн удирдлагын зүгээс ард иргэдийн харилцаа ойлголцлыг нэмэгдүүлэх, ард иргэдийн харилцан зорчих нөхцөлийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа. Аливаа улсын ирээдүй гэдэг бол хүүхэд залуучууд. Хүүхэд залуучуудын солилцоог нэмэгдүүлэхэд сүүлийн жилүүдэд хоёр талаасаа тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Сүүлийн тав, зургаан жилд жил болгон тодорхой тооны монгол хүүхэд, залуучууд Хятадад ирдэг, мөн тодорхой тооны хятад хүүхэд залуучууд Монголд зочилдог уламжлал тогтлоо. Цаашид бид үүнийг механизм болгоно гэж бодож байна. Ингээд хүүхэд залуучууд маань илүү сайн бие биеэ ойлгодог болчихвол хамтын ажиллагаа илүү урагштай, тогтвортой хөгжих боломж нэмэгдэх юм. Мэдээж иргэд харилцан ойр дотно зорчих, бие биедээ илүү дөхөм зорчих нь бие биеэ ойлгож мэдэхэд чухал. Бид хэдийгээр хөрш орнууд боловч нөгөө улсынхаа талаар, нөгөө ард түмний талаар харьцангуй бага ойлголттой байна гэж дүгнэдэг. Хятад улс манай иргэдийн худалдаа наймаа хийхээр ирэх эх газар, мөн Хятадаар дамжин гуравдах оронд их явдаг учир манай иргэдийн Хятад улсын талаарх ойлголт харьцангуй гайгүй хэмжээнд байна. Харин Хятадын иргэд бидний ойлгох талаар арай дутмаг шиг байна. Мэдээж энэ талаар манай тал илүү ажиллах ёстой, бид нар өөрийн улсын нийгмийн хөгжил дэвшил, соёл боловсрол, нийгмийнхээ давуу талыг ард иргэдийнхээ уламжлалыг илүү сайн сурталчлах дээр анхаарах ёстой. Тийм учир соёлыг сурталчлах арга хэмжээг бид нар илүү зохиож байна. Энэ жилийн тухайд энэ жилийг найрсаг солилцооны жил гэж зарласан мань ерөнхийдөө маш олон чиглэлийн арга хэмжээ байгаа боловч гол анхаарч байгаа чиглэл бол соёл хүмүүнлэгийн чиглэл юм. Энэ жилд бид Хятадын Ляонин мужийн 100 хүүхдийг Монгол улсад хүлээн авч олон улсын "Найрамдал" зусланд амраалаа. Хятадын 60 залуу мөн удахгүй Монголд айлчлах гэж байна. Энэ жил мөн хоёр талдаа соёлын өдрүүдийг зохион байгуулна. Ши Жиньпин даргын айлчлалын үеэр Хятадын соёлын өдрийн нээлт болно. Ши Жиньпин даргын гэргий Пэн Лиюань нээлтийн арга хэмжээнд оролцоно. Манай тал 10 сард соёлын өдрүүдээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Хүүхэд залуучуудын солилцоо, соёлын солилцоогоор, эдгээр арга хэмжээг харилцан зохиосноор хоёр ард түмний харилцан ойлголцол, бие биеийн талаар мэдэх мэдлэг илүү өргөжнө гэж бид нар үзэж байгаа. /Ярилцсан: Урьхан/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе