• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хуан Жякүй: Хятад, Монголын харилцаа шинэ шатанд хөгжиж байна

CRI       (GMT+08:00) 2014-08-18 16:13:14

       Монгол, Хятадын дипломат харилцаа байгуулсны 65 жил, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний МУ-д хийх айлчлалд холбогдуулж бид БНХАУ-аас МУ-д сууж асан элчин сайд Хуан Жякүйтэй Бээжин хотноо ярилцлаа. Тэрбээр 1965 онд Бээжингийн Их сургуулийг Монгол хэлний мэргэжлээр төгсгөж, 1973-2003 оны хооронд Монгол улсад таван удаа томилогдон ажиллахдаа БНХАУ-аас МУ-д суух элчин сайд хүртэл албан тушаалуудыг хашиж явсан юм. Хоёр орны харилцааг хөгжүүлэхэд оруулсан түүний хувь нэмрийг үнэлж, МУ-ын ерөнхийлөгч "Алтан гадас" одонгоор шагнаж байжээ. Хуан Жякүй өдгөө Хятадын Нийгмийн ШУА-ийн Бүс нутгийн аюулгүйн судалгааны төвийн зөвлөх, тусгай судлаачаар ажиллаж байна.

       - Хятад, Монгол хоёр орны улс төрийн харилцаа үзэл суртлын улмаас дундаа 20 гаруй жил тасалдаж байсан түүх бий. Та бол харилцаа муу байсан яг тэр үеэс харилцаа бүрэн сэргэх үе хүртэл МУ-д ажиллаж байсан хүн. Тухайн үеийн нөхцөл байдлыг эргэн дурсвал?

       - Монгол улсад хориод жил ажиллаж байсан дипломатчийн хувьд хоёр улсын харилцааны түүхийг эргэн бодоход сэтгэл их хөдөлж байна. Хоёр улсын харилцаа 65 жилийг тууллаа. Хоёр улсын харилцаа түүхийн "алтан үе"-ийг бас бэрхшээлтэй цаг үеийг ч өнгөрөөжээ.

1970-аад онд хоёр улсын ард түмний итгэлцэл муу байсан. Хятад, Зөвлөлтийн харилцаа муу байсан нь Хятад, Монголын харилцаанд ч бас саар нөлөө үзүүлсэн юм. Бид Элчин сайдын яаманд хүйтэн сандал дээр сууж байлаа. Гадагшаа явахад хэцүү байсан, 50 километрээс хол явах бол Гадаад Харилцааны Яамнаас заавал зөвшөөрөл авдаг байсан.

       Хоёр орны харилцаа өнгөрсөн зууны 80-аад оны сүүлээс эхлээд хэвийн болж, улмаар их сайн хөгжиж ирсэн юм. Тэгвэл ойрын жилд, хоёр улсын өндөр дээд албаны хүмүүс Хятад, Монголын харилцаа хамгийн таатай сайхан үедээ орсон гэж дүгнэцгээж байна. Миний бодлоор ч тэр, хоёр орны харилцаа үнэхээрийн тийм сайхан, дахиад нэг "Алтан үе"-дээ орлоо.

      - Та БНХАУ-аас МУ-д томилогдсон 13 дахь элчин сайдаар ажиллаж байсан. Таныг элчин сайдаар ажиллах хугацаанд хоёр орон өнөөдрийн стратегийн түншлэлийн харилцааны гол үндэс болсон сайн хөршийн харилцан итгэлцсэн иж бүрэн түншлэлийн харилцааг байгуулсан. Хоёр орны харилцааны өнөөгийн байдлын талаар ярина уу.

      - Би 1999-2003 онд БНХАУ-аас Монгол улсад элчин сайдаар ажилласан. Монгол улсад ажиллаж байсан тэр үеэ эргэцүүлэн бодоход, Хятад, Монгол хоёр улсын харилцаа ерөнхийдөө хэд хэдэн онцлогтой байсан. Нэгд, хоёр улсын харилцаа хамгийн таатай үед орсон. Хоёрт, хоёр улсын дээд зиндааны айлчлал тогтмолжиж ирсэн. Хятад улсын удирдлагууд бараг бүгд Монгол улсад айлчилсан. Мөн Монгол улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын дарга бүгд Хятад улсад айлчилсан. Иймэрхүү айлчлал манай хоёр орны сайн хөршийн харилцааг улам их хөгжүүлэхэд түлхэц үзүүлсэн. Гуравт, хоёр улсын улс төр, эдийн засаг, соёл боловсрол, цэрэг армийн зэрэг салбар дахь харилцаа бүх талаар тогтвортой, хурдан, эрүүл хөгжиж байгааг тэмдэглэхдээ их таатай байна. Дөрөвт, ялангуяа худалдаа эдийн засгийн харилцаа маш хурдан, маш гүн хэмжээнд орлоо гэж би бодож байна. Нэг жишээ татвал, намайг 2003 онд Монгол улсаас буцах тэр үед, Хятад, Монголын худалдааны нийт хэмжээ 500 сая ам.доллар байсан, одоо хоёр улсын худалдааны нийт хэмжээ 6.4 тэрбум ам. доллар болсон. Тавд, соёлын харилцаа их хөгжиж байна. Энэ нь Хятад, Монголын ард түмний сайн хөршийн харилцааг хөгжүүлэх хамгийн чухал үндэс юм. Ард түмэн хоорондын харилцаа түргэн хөгжиж байгааг тэмдэглэхдээ бас сэтгэл их таатай байна. Нэг жишээ татахад, 2013 онд Монгол улсаас давхардсан тоогоор 2 сая гаруй иргэн Хятадад зорчсон байна. Үүнээс манай хоёр улс ямар их нягт харилцаатай байгааг илхнээ харж болно.

      - Монголд хорь гаруй жил ажиллаж амьдарч байсан хүний хувьд, мөн Хятадын Нийгмийн ШУА-ийн тусгай судлаачийн хувьд та Хятад, Монголын харилцааны хөгжлийн ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ? Цаашид хоёр орон яаж хамтарч ажиллах ёстой вэ?

      - Хоёр орны харилцааг хоёр орны удирдагчид болон ард түмний хамтын хүчин чармайлтаар өнөөдрийн өндөр түвшинд хүргэлээ. Хятад, Монгол хоёр орны цаашдын харилцаа цацрангуй ирээдүйтэй гэж бодож байна. Нэгд, хоёр орны улс төрийн итгэлцэл, бүх талын итгэлцэл хамгийн чухал байна. Энэ бол харилцааг хөгжүүлэх гол зангилаа асуудал. Ши Жиньпин даргын энэ удаагийн айлчлалаар улс төрийн итгэлцэл улам нэмэгдэнэ гэдэгт итгэж байна. Хоёрт, худалдаа эдийн засгийн харилцаа хөгжүүлэх нь манай хоёр орны харилцааны гол салбар юм. Хоёр орон хамтын ажиллагаагаа хөгжүүлэхдээ нэлээд асуудал зохицуулах ёстой. Ялангуяа хөрөнгө оруулалтын нөхцлийг сайжруулах, хөрөнгө оруулалтын цар хүрээг нэмэгдүүлэх хэрэгтэй, дэд бүтцийн томоохон төсөл хэрэгжүүлж, нүүрсний худалдаа болон нүүрс хийжүүлэх асуудал зэрэг хоёр орны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Энэ талаар бид цаашид дунд болон урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэх аргаар шийдвэрлэх ёстой. Гуравт, хилийн бүс нутгийн харилцааг сайжруулах хэрэгтэй байна. Би Өвөр монголоор олон явсан. Өнөө Өвөр монголын холбогдох байгууллага болон Монгол улсын холбогдох байгууллагын харилцаа маш нягт хөгжиж байна. Боомтын нөхцлийг сайжруулах, боомтын дамжин өнгөрүүлэх чадлыг нэмэгдүүлэх, зам тээврийн асуудлыг шийдэх, хил давсан эдийн засгийн бүс байгуулах зэргийг ахиулах хэрэгтэй. Одоо хоёр орны хооронд 14 боомт ажиллаж байна. Дөрөвт, хүүхэд залуучуудын солилцоог нэмэгдүүлэх нь бидний харилцааг хөгжүүлэх үндэс суурь болж байна. Хүүхэд залуучууд бол бидний ирээдүй юм. Соёл боловсролыг хөгжүүлж, оюутан солилцоог дэмжих хэрэгтэй. Таван жилийн дотор мянган оюутан солилцох хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэх ёстой. Өнөө Хятадын соёлын төв болон Күнзийн институт Улаанбаатар хотод сайн ажиллаж байна. Залуучуудын харилцааг хөгжүүлбэл манай хоёр орны стратегийн түншлэл, сайн хөршийн харилцаа улам баталгаатай болно гэж бодож байна. Би далан хэдтэй хөгшин хүн боловч хоёр орны цаашдын сайн сайхан ирээдүйг үзмээр байна. /Ярилцсан: Урьхан/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе