• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Г.Батсүх: Оюутолгой компани БНХАУ-тай цаашид ч хамтран ажиллахад бэлэн

CRI       (GMT+08:00) 2014-08-18 19:16:21

      Хятад, Монголын дипломат харилцаа байгуулсны 65 жил, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний МУ-д хийх айлчлалд хандуулж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар МУ-аас БНХАУ-д сууж асан элчин сайд, Оюутолгой компаний ТУЗ-ийн дарга Г.Батсүхтэй ярилцлаа.

     - Хятад, Монголын эдийн засаг, худалдааны харилцаанд тулгамдаж буй асуудал юу байна? Дарга Ши Жиньпиний айлчлалаас ямар хүлээлттэй байна вэ?

 

     - Цаашид хоёр талаараа зөвхөн худалдааны эргэлтийн тооны төлөө ажиллах биш худалдааны эргэлтээ хоёр талдаа харилцан ашигтай, харилцан эерэг нөлөөтэй, худалдааны бүтэц нь улам боловсронгуй, худалдааны алдагдал нь харилцан тэнцвэрээ олсон харилцааг хөгжүүлмээр байна. Дарга Ши Жиньпиний энэ удаагийн айлчлалаас Монгол улсын бизнесийн хүрээнийнхэн хэд хэдэн зүйлийн хүлээлттэй байгаа. Нэгд, Монгол улсад зөвхөн түүхий эд бус боловсруулсан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг экспортлох боломж бүрдүүлэх асуудлыг шийдвэрлэх. Хоёрт, худалдаа эдийн засгийн харилцаа, нэн ялангуяа, орон нутгийн худалдаа, хил орчмын худалдаа, хилийн боомтуудын худалдааг хөгжүүлэх асуудлууд энэхүү айлчлалын үеэр бас зарим шийдэлд хүрэх байх. Тодорхой жишээ хэлбэл, өнөөдөр хоёр улсын хил дээр зөвхөн Эрээн болон Замын үүдний энэ боомт л олон улсын шинж чанартай ажиллаж байна. Энэ боомт 65 жилийн турш ажиллаж байгаа учраас 6-7 тэрбум орчим эргэлтийг даах чадвар бас төдий л хангалттай бус байгаа. Тийм учраас хоёр талаасаа оновчтой ярьж тохирсон бусад олон улсын боомтуудыг ойрын үед харилцан тохиролцож, нээх нь хоёр талын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны харилцан үр ашгийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм гэж боддог. Өнөөдрийн төвшнөөс харахад, төрийн тэргүүнүүдийн чухал айлчлал, яриа хэлэлцээ Монгол, Хятад хоёр орон стратегийн түншлэлийн харилцааг хэрхэн өргөжүүлэх вэ, түүний агуулгыг хэрхэн баяжуулах вэ, энэ шатны энэ төвшний харилцааг хэрхэн бэхжүүлэх вэ гэдэг дээр тогтож, улам өргөжүүлэх байх гэж найдаж байна.

      - Хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаанд амжилттай шийдэгдсэн ямар асуудал байгаа вэ? Бодит жишээ хэлнэ үү.

      - Миний бие өнөөдөр Оюутолгой компаний төлөөлөн удирдах зөвлөлд ажиллаж байна. Оюутолгой компани бол Монгол улсын уул уурхайн хамгийн том төсөл. Хятад улстай худалдаа эдийн засгийн салбарт хамтран ажиллах чиглэлээр Оюутолгой компанийг жишээ болгож ярих ёстой гэж бодож байна. Жишээлбэл, өнөөдөр Оюун толгой компаний үйлдвэрлэл, үйл ажиллагаа БНХАУ-аас импортлон авч байгаа эрчим хүчин дээр ажиллаж байна. Энэ эрчим хүчний асуудлыг шийдэхэд хоёр талын засгийн газар үнэхээр нэг нэгэндээ найрсаг, харилцан ашигтай, харилцан хүндэтгэсэн, Монгол улсын эдийн засгийн хөгжлийг дэмжсэн ийм өнцгөөс харж, Хятадын талаас харьцангуй хямд үнээр цахилгаан нийлүүлэх төсөл дэвшүүлсэн юм. Оюутолгойн төслийн нэгдүгээр үе шатны барилгажуулалтын асуудал дээр БНХАУ-ын томоохон компаниуд ирж ажилласан. Энэ уурхай 3 жил хагасын богино хугацаанд ашиглалтад орсон нь Монгол улсаас энэ чиглэлээр Хятад улстай томоохон эдийн засгийн хамтын ажиллагаа өрнүүлж буйн нэгэн жишээ гэж би үзэж байна. Цаашид Оюутолгой компанийн уул уурхайн бусад төслөөр мөн БНХАУ-тай хамтран ажиллаж, туршлага, технологи, ажиллах хүч, цахилгаан эрчим хүч зэрэг хүлээгдэж байгаа асуудал дээр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

      - Олон улсын болоод бүс нутгийн хөгжлийн шинэ нөхцөл байдалд хоёр орон хэрхэн уялдаатай хамтран ажиллаж болох вэ?

      - Өнөөдөр БНХАУ нь АНУ-ын дараа орох дэлхийн хоёрдогч том эдийн засаг болж байна. Ази тивдээ, нэн ялангуяа зүүн хойд Азийн хувьд хамгийн том, хамгийн хүчин чадал ихтэй, нөөц боломж ихтэй, асар том зах зээлтэй, эдийн засгийн орон болсон. Бид энэ том эдийн засагтай, энэ том зах зээлтэй хиллэн оршиж байгаа нь том боломж. Бид Хятад улсын эдийн засгийн хөгжлийг Монгол улсаа хөгжүүлэх асар том боломж гэж харж, олон жилийн алсын хараатай стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлж байна. Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагаа нь зүүн хойд Азийн эдийн засгийн интеграцчиллын асуудал, худалдааг чөлөөтэй хөгжүүлэх, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Монгол улс хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны харилцааны шинэ бүтцийг гаргах шаардлагатайг цаг үе шаардаж байна. Үүнийг хоёр талын холбогдох яам тамгын газрууд, хоёр талын засгийн газрууд Ши Жиньпин даргын өндөр хэмжээний айлчлалын үеэр авч хэлэлцэж байх гэж бодож итгэж байна. Энэ утгаараа Монгол, Хятад хоёр улс хамтран ажиллах нь манай зүүн хойд Азийн эдийн засгийн хамтын ажиллагаа төдийгүй улс төрийн харилцаа, хамтын ажиллагаа, түүний хэтийн төлвийг сайжруулахад ихээхэн нөлөө үзүүлэх юм гэж боддог.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе