|
|
||
20150714aixin.mp4 |
Энэ оны 5-р сарын 16-ны өдөр Монгол улсын Архангай аймгийн уугуул Батбаатар хоёр найзынхаа хамт Гашуунсухайт боомтоос Ханги боомт уруу машинаар аялах замдаа осолд орж Батбаатар хүнд гэмтэл аван ухаан алдаж, хоёр найз нь хөнгөн шархаджээ. Батбаатарыг Даваажаргал гэгч залуу тэр дор нь Ханги боомттой хиллэж байгаа Хятад улсын Мандал боомтод хүргэж, иргэдээс тусламж гуйжээ. Энэ үед нэгэнт бүрий болж, боомтын албан байгууллагууд ажил тарсан байлаа. Даваажаргал яах учираа ололгүй тэвдэж байх үед нь Мандал боомтын соёлын өртөөний ажилтан Үүрцайх сураг дуулаад Батбаатарыг Мандал суурингаас 120 км-ийн зайд орших Дархан Муумянган холбоот хошууны монгол эмнэлэгт яаралтай хүргэж, эмнэлэгт хэвтэх зардал мөнгийг нь ч гаргаж өгчээ. "Монгол улсын залуу Батбаатарыг би огт танихгүй байсан хэдий ч Ар Өвөр монгол гэж ялгалгүй амийг нь аваръя л гэж бодсон" гэж Үүрцайх сурвалжлагчид ярисан байна.
Хятад Монгол хоёр улс нь 4700 гаруй км урт газар нутгаар хиллэдэг. ӨМ-ын Бугат хотын Дархан Муумянган холбоот хошууны нутаг нь Монгол улсын Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагтай хөрш зэргэлдээ оршдог. Энэ оны 5-р сарын 13-ны өдөр Хятадын Төрийн зөвлөлийн хорооноос Хятад Монголын хилийн 757-р тэмдгийн орчимд байрлаж байгаа Мандал боомтыг байнгын нээлттэй боомт болгосноос хойш гуравхан өдрийн дараа буюу 5-р сарын 16-ны өдөр Мандал боомтын хоёрдугаар улиралын боомт нээх анхны өдөр тохиож билээ. Харин энэ өдөр Монгол улсын Архангай аймгийн уугуул Батбаатрын хувьд түүний хүсэн хүлээж байсан нэгэн өдөр болох юм. Энэ өдөр Батбаатар арилжаа наймаа хийхийн тулд анх удаагаа ӨМ-ыг зорин иржээ. Харамсалтай нь "Гай газар дороос..." гэгчээр энэ нутагт хөл гишгэж амжилгүй ийнхүү машины осолд орсон байна.
"Дүүгийнхээ осолд орсон чимээг дуулаад дүүгээ би ингээд л алдчих юм биш биз дээ гэсэн бодол төрсөн. Учир нь тэр үед бид ээжийгээ алдаад арай сар болоогүй байсан юм" гэж Батбаатарын ах Батсайхан хоолой чичрүүлэн ярьж байлаа. Батбаатарын ээж өнгөрөгч 4-р сард нь хүнд өвчнөөр нас барж, ах дүү гурвуулаа далан настай аавынхаа хамт Монгол улсын Архангай аймгийн Арвайхээрийн нутагт аж төрж байгаа юм байна. Хайртай ээжээ алдсан хүнд гунигтай зэрэгцэн Батбаатар осолд орсон нь тэдний гэр бүлийнхэнд маш хүнд цохилт болсон байна. Бабаатарын хүзүү, нуруу, дал, хавирга нь хүнд гэмтсэний улмаас хагалгаанд орох хэрэгтэй болж, 80 мянган юань буюу 25 сая төгрөгийн эмчилгээний зардал хэрэгтэй боллоо. Энэ нь Батбаатарын ар гэрийнхнийг яахын аргагүй сандралд оруулжээ. Яг энэ үед ӨМ-ны Бугат хотын Дархан Муумянган холбоот хошууны улаан заламгайтны холбоо болон Мандал суурины засгийн газар зэрэг байгуулага нэгж хамтран Батбаатарыг дэмжих хандивын ажиллагаа зохион байгуулсан байна. Уг үйл ажиллагаанд Дархан Муумянган холбоот хошууны иргэд төдийгүй хол ойрын монголчууд хайрын халуун гараа сунгаж идэвхийлэн оролцож, нийт 40 мянга орчим юань буюу 12 сая гаруй төгрөгийн хандивын мөнгийг Батбаатарт гардуулсан байна. Ингээд сайхан сэтгэлт Өвөрмонголчуудын тус дэмээр хүнд гэмтэл авсан Монгол улсын залуу Батбаатарын эмнэлэгт эмчлүүлэх хэрэгцээт зардал нь тоо ёсоор бүрджээ.
Өвөрмонголчууд Батбаатарыг дэмжих хандивын ажиллагаанд идэвхийлэн оролцсоноос гадна Үүрцайх, Цолмонхуар зэрэг халуун сэтгэлт хүмүүс Батбаатарыг эмнэлэгт хэвтсэн тэр өдрөөс эхлэн хоол хүнсийг нь бэлтгэх, хувцас хунарыг нь угааж цэвэрлэхээс авахуулаад үс гэзгийг нь угааж, хөл нурууг нь барьж, яг л төрсөн дүүгээ шиг асарчээ. "Монгол улсын залуу Батбаатарыг ингэж асарч байгаагийнхаа хариуд бид юу ч хүсээгүй, зөвхөн түүнийг бушуухан эдгэрч, улс орондоо эрүүл саруул болоод буцахыг л хүсэж байна " гэж Цолмонхуар ярьж байлаа.
Үүрцайх, Цолмонхуар нарын хүнлэг энэрэнгүй сэтгэл, харамгүй тус, дэмжлэгээр Батбаатарын бие өдрөөс өдөрт сайжирч, 6-р сарын сүүлч гэхэд эмнэлгээс гарч ах Батсайханы хамт нутаг буцсан байна. "Намайг дэмжиж тусалсан Өвөр монголчууддаа маш баярлалаа. Мөн хоёр сайхан ӨМ эгчтэй болсондоо би хязгааргүй баяртай байна. Хожим хоёр эгчээ дагуулан Арвайхээр нутагтаа очиж, нутаг усаа танилцуулж сайхан амраана даа" гэж ярьж байсан билээ.
Батбаатар гал залуу насандаа арилжаа наймаа хийхийн ухааныг сурах хүсэлдээ хөтлөгдөн Монгол улсын Арвайхээрийн нутгаас Хятад Монголын хилийн нутаг Мандал сууринг зорисон. Гэхдээ тэр арилжаа наймаа хийхээс илүүтэйгээр хүн хүнээ хайрлаж явахын ухааныг сурч нутаг буцлаа. Хүний сайхан сэтгэл гэдэг ямар нэгэн хэл аялгуу, нийгэм соёл, улсын хилд хязгаарлагддаггүйн тод жишээ энэ буюу. Хаа газрын монгол угсаатан ч гэсэн хазайснаа түшиж халитарснаа өргөдөг сайхан уламжлалаа хадгалж яваа нь бахархууштай. Эцэст нь Батбаатарт эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсээд мэдээллээ өндөрлүүлье.
"Талын дуу хоолой" радиогийн сэтгүүлч Баясгалан, Болор, Хасмөчир нар мэдээлэв.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |