• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өнөөдөр түүхнээ: Японы эсрэг дайн 1942.8.27

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-08-27 16:06:35

Өнөөдөр 8-р сарын 27, 1942 оны энэ өдөр, Америкийн төрийн нарийн бичгийн дарга Халл Америкаас Англид сууж байсан элчин сайдад захиа илгээж, Хятадад хэрэгжүүлж байсан консулын таслан шийдэх эрхийг цуцлах санаачилга гаргажээ.

Ойр үеийн түүхэнд, Америк болон Англи бүгд Хятад улстай консулын таслан шийдэх эрх хэрэгжүүлэх тэгш бус гэрээ байгуулж өнгөрсөн юм. Хятадын ард түмэн тэр үед эдгээр тэгш бус гэрээг цуцлахыг тэсэж ядан хүсэн хүлээж байсан боловч империалистүүд эдгээр онц эрхээ тавих дургүй байлаа. Японы түрэмгийллийн эсрэг хатуужилтай дайны явцад Хятад улс дэлхий дахины хүндэтгэлийг олж, олон улс дахь байр сууриа дээшлүүлж чадсан юм. Үүний зэрэгцээ Япон улс Ази тивд хүчний хүрээгээ тасралтгүй тэлж байсан нь Америк, Английн эрх ашгийг ноцтой хохироож байсан тул тэд Хятад улсын талаас Японтой дайнаа үргэлжлүүлж, Япон цэргийг дайны шалбагт шигдүүлэхийг хүсэж байсан юм.

Бүх Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайн үүссэн эхний хэдэн жилд, Хятад улсын хэрэгцээ шаардлага болон Японы түрэмгийллийг эсэргүүцэх хэрэгцээ шаардлагаас болж, Америк, Англи хоёр орон Хятад улстай хэлэлцээ хийж, консулын таслан шийдэх эрхийг цуцлах асуудлыг авч хэлэлцэхэд бэлэн байгаагаа хэд удаа илэрхийлсэн боловч бодитой арга хэмжээ аваагүй байлаа.

Номхон далайн дайн үүссэнээс хойш Америк, Англи, Хятад улс Японтой дайн зарлацгааж, фашизмын эсрэг дайны албан ёсны холбоотон болцгоосон юм. Үүний зэрэгцээ Хятадын нутаг дахь Японы эзэлсэн бүсэд Америк, Англи зэрэг орны эдэлж байсан гадаад засаглалын эрхийг Япон мөн цуцалсан байж билээ. Хятад улс тасралтгүй шаардлага гаргасны дүнд, 1942 оны 8-р сарын 27-ны өдөр, Америкийн төрийн нарийн бичгийн дарга Халл Америкаас Англид сууж байсан элчин сайд Винантаар дамжуулан Английн ГХЯ-ны сайд Айдинд захиа илгээж, Америк, Англи хоёр орон тус тус даруйхан Хятад улстай хэлэлцээ хийж, Хятадад хэрэгжүүлж байсан консулын таслан шийдэх эрхийг богино хугацаанд цуцлах дөхөм гэрээ байгуулахыг санал болгосон юм.

Сар гаруй зөвшилцсөний дүнд, Америк, Англи хоёр орон тус тус Хятад улстай хуучин гэрээг цуцлах хэлэлцээ хийхээр болов. 10-р сарын 9-нд, Америк, Англи хоёр орон өөр өөрийн шийдвэрийг Хятадын талд албан ёсоор мэдэгдэв. 10-р сарын сүүлийн 10 хоногт, Хятадын тал Америк, Англи хоёр орны шинэ гэрээний төслийг хүлээж аваад, тус хоёр оронтой тус тус хэлэлцээ хийсэн юм. Хятад Америк хоёр орны хэлэлцээ нэлээд урагштай явагдлаа. Харин Хятад Английн хэлэлцээ нь Хонконгийн асуудлаас болж, ахиц муутай байлаа. 1943 оны 1-р сарын 11-ий өдөр Вашингтонд, Хятад, Америкийн шинэ гэрээ буюу "Хятад, Америк хоёр орон Америкаас Хятадад хэрэгжүүлж байсан гадаад засаглалын хуулийн эрх болон холбогдох асуудлыг зохицуулах эрхийг цуцлах тухай гэрээ"-нд гарын үсэг зурж, мөн 1943 оны 1-р сарын 11-ий өдөр Чүнчинд Хятад, Английн шинэ гэрээ буюу "Хятад, Англи хоёр орон Англиас Хятадад хэрэгжүүлж байсан гадаад засаглалын хуулийн эрх болон холбогдох асуудлыг зохицуулах эрхийг цуцлах тухай гэрээ"-нд гарын үсэг зурсан юм. 5-р сарын 20-нд, эдгээр гэрээ хүчинтэй болов. Үүнээс хойш Хятадад иймэрхүү онц эрх эдэлж байсан улс орнууд мөн Хятад улстай шинэ гэрээнүүд байгуулж билээ.

Хуучин гэрээнүүдийг цуцлан, шинэ гэрээнүүд байгуулсан нь Японы түрэмгийллийн эсрэг дайны явцад Хятад улсын гадаад харилцаандаа гаргасан томоохон амжилт бөгөөд энэ нь Хятад улсын олон улс дахь нэр хүнд, байр суурийг дээшлүүлж, Хятадын цэрэг ардын эрэлхэгээр байлдах урам зоригийг оргилуулж чадсан юм. 1943 оны 1-р сарын 25-ны өдөр, ХКН-ын төв хороо шийдвэр гаргаж, Хятад Америк, Хятад Английн тэгш бус хуучин гэрээг цуцалсныг тэмдэгдэв. Бүх Хятадын ард түмэн ч эдгээр хуучин гэрээг цуцлан, шинэ гэрээ байгуулсан гадаад харилцааны томоохон амжилтыг өргөнөөр тэмдэглэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе