|
|
||
20150925kangzhan925.mp4 |
1937 оны 9-р сарын 25-ны өдөр
Пиншингуаний тулалдаанд ялалт байгуулав
Өнөөдөр 9-р сарын 25. 1937 оны энэ өдөр 8-р замын армийн 115-р дивиз Пиншингуаний тулалдаанд ялалт байгуулсан юм. Энэ нь нийт иргэдээрээ Японы түрэмгийллийн эсрэг дайны Хятадын армийн байгуулсан анхны ялалт бөгөөд "Японы цэрэг ялагдашгүй" гэсэн цуу яриаг няцаасан тулалдаан болсон юм.
1937 оны 9-р сарын дундуур Япон цэрэг Цагаан хэрэмний дотуур шугамд хурдтай ойртож, Пиншингуанийг мэдэлдээ авах төдийгүй Хятадын 2-р фронт дахь армийг хүйс тэмтрэхээр оролдож байв.
Хятадын 2-рфронт дахь армийн командлагч Янь Шишань Пиншингуань–Яньмэньгуань-Шэньчи зэрэг боомтыг холбосон Цагаан хэрэмний дотуур шугамд бэхлэлт хийж, Япон цэргийг Шаньшигийн төв нутагт оруулалгүй хориглох төлөвлөгөө зохиосноо 8-р замын армийн ерөнхий командлагч Жү Дэ-д цахилгаан утсаар мэдэгджээ.
Жү Дэ үүнийг нь зөвшөөрсөн бөгөөд тэдэнд туслах зорилгоор 120-р дивизийг Яньмэньгуань боомтоос баруун зүгт орших Шэньчид оруулж, Датүнгийн өмнөд хэсгийг халдан довтолж байсан Япон цэргийг хажуугаас дайран цохижээ. Үүний зэрэгцээ 115-р дивизийг Пиншингуань боомтоос баруун зүгт орших Да Инжэнь сууринд оруулж, Пиншингуань боомтыг халдан довтолж буй Япон цэрэгтэй байлдуулахаар хүлээлгэжээ.
Пиншингуань боомтын зүүн биеэр уул нурууд үргэлжилж хөндий жалга олонтой бөгөөд өмнөд биеийн асга, өндөр уул хад нь уян хатан байлдах, отолт хийхэд ашигтай байсан тул 115-р дивиз энэ газарт отолт хийж, дайсныг бут цохих шийдвэр гаргажээ. 9-р сарын 23-ны шөнө, дивизийн командлагч армийн гол хүчнийг дагуулан, Пиншингуань боомтоос зүүн өмнө 15 км зайд орших Раньжуан тосгонд хүрчээ. 24-нд, дивизийн дарга Линьбяо болон дэд дарга Не Рүнжэнь нар цэргийн дарга нарын баг зохион байгуулан, газрын байц, дайсны байдалд шинжилгээ хийсний дүнд, Пиншингуань боомтоос зүүн хойш 13 км зайд орших авто замын хажууд отолт хийж, Линчиүгээс Пиншингуань боомт өөд халдан довтолж буй Япон цэргийг тосон байлдахаар болов. 24-ний шөнө, 115-р дивиз ширүүн борооноор отолтын байрандаа очив.
9-р сарын 25-ны үүр хаяарах үед, Япон цэргийн 5-р дивизийн 21-р бригадын гол хүчин, арын албаны тэрэгний цуваа Линчиүгээс Пиншингуань боомт орох авто замаар баруун зүгийг зорилоо. 7 цагийн үед дайсны цуваа 115-р дивизийн отолтын бүсэд орж ирснээр, 115-р дивиз гэнэт гал нээж, ширүүн довтолж, дайсны ухрах замыг хаасан бөгөөд хэсэг хэсгээр нь бүсэлж авч гардан байлджээ. Япон цэрэг арын албаны ачаагаараа халхавч хийн, эсэргүүцэн тулав. Энэ тулалдаанд 8-р замын армийн 685-р хорооны 2-р батальоны 5-р сумангийн дарга Зэн Шяньшэн эрэлхэгээр тулалдаж, өөрийн гараар арваад дайсныг жадлан хороосон бөгөөд нөхдийн хамт дайсны 20 гаруй машиныг шатааж, эцэст нь гартаа үлдсэн ганцхан гар бөмбөгөө дэлбэлж, өөрийгөө дайсантай хамт егүүтгэжээ.
686-р хорооны 3-р батальоны 9-р сумангийн офицер дайчдаас 10 гаруйхан хүн амьд үлдэж, бусад нь баатарлагаар амь үрэгджээ. 5-р сумангийн 3-р салааны зарим цэрэг олон удаа шархадсан ч тэвчээртэй тулалдаж, эцэст нь тус салааныхан бүгдээрээ эх орныхоо төлөө эрэлхэгээр амь үрэгджээ. 13 цагийн үед, Цайжяюгээс зүүн зүгт байрлаж байсан Япон цэрэг 6 нисэх онгоцны хамгаалалтан дор Лао-И сүмийн байрлаж буй өндөрлөг өөд давж эхэлснийг 8-р замын арми цохин ухруулж, туйлбартай устгаснаар энэ удаагийн их тулалдаан амжилттай дууссан юм.
Энэ тулалдаанд, 8-р замын армийн 115-р дивиз 1000 гаруй Япон цэргийг устгаж, дайсны 100 гаруй машин тэрэг, 200 гаруй морин тэргийг дэлбэлж, 100 гаруй буу, хориод пулемёт, нэг их буу олзолсон ба өөрийн талаас нь 600 гаруй цэрэг эрс алтан амиа алджээ. Пиншингуаний тулалдаанд 8-р замын арми анхны ялалтыг байгуулснаар бүх улс даяар баяр хөөр бялхаж, нийт иргэдийн омог зоригийг бадруулсан бөгөөд ХКН, 8-р замын армийн нэр төрийг мандуулж, дэлхийн олон нийтийн үнэлгээ сайшаалыг хүртсэн юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |